Уулын ам болгонд байх гулгуурын талбай бэртэж, гэмтэх талбай болж байна
Манай улсад өвлийн улиралд иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар тун ховор. Амралтынхаа өдрүүдэд  гэр бүл, хамт олон найз нөхдөөрөө  агаар салхинд гарч, цана, чаргаар гулгачих газар  хоёр гуравхан байдаг билээ.Өвлийн улирлын нэгэн өнгө нь цас, цана, чарга. Тиймээс ч жилийн дөрвөн улирлын нэгдээ хүмүүс ганц өдөр ч болов агаарт гарч цана, чаргаар гулгах сонирхолтой байдаг. 

Гэтэл найдвартай, үйл ажиллагаа нь сайн, иргэдийг хохироочихооргүй цанын бааз бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Угаас манай улсад цана чаргаар гулгадаг газар тун цөөн, Нийслэл хотод байгаа ганц стандартад нийцсэн “Скай ресорт” нь жирийн иргэдийн хувьд харьцангуй өндөр үнэтэй. Иймээс нийслэлчүүд аль ойр уулын амыг бараадаж, өвлийн улиралд цана чаргаар гулгадаг билээ. Харин овсгоотой нэг нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ч тэнд чарга хөлслөн , цайны газар ажиллуулж овоо хэдэн төгрөг олдог. Гэхдээ тэд мөнгө олохыг бодно уу гэхээс задгай цанын бааз ямар байх ёстой талаар өөрсдөө ямар ч “А” байхгүй.

Өндөр өртөгтэй цанын баазыг сонгож чадахгүй ч гэр бүл, найз нөхөдтэйгээ, анги хамт олноороо цана чаргаар гулгаж өдрийг сайхан өнгөрөөх зорилготой хүмүүс “Скай ресорт”-ыг биш бусад гулгаж болохоор Хандгайт, Хүй долоон худаг, мөн “Буянт-Ухаа” хорооллын урд дэнж, Богинын аман дээр очиж гулгах болсон. Харамсалтай нь тэд нулимастай буцах тохиолдол олон байна. Учир нь энэ газруудад очих бүрт  бэртэл гэмтэл, цаашлаад хүний амь үрэгдэх явдал гарч байна. 

Одоогоос хоёр жилийн өмнө настай аавыгаа салхинд авч гарахаар дагуулж  явснаас болоод амь нас нь хохирсон харамсалтай хэрэг “Хандгайт”-д гарч байсан. Үүнээс гадна өнгөрсөн жил л гэхэд 20 гарч яваа залуу, бяцхан хүүхдийн хамт хүнд гэмтэн хүмүүсээр өргүүлэн эмнэлэгт хүргүүлж ч байсан. 

Харин  аюултай, хүний амь нас эрсдэх өндөр магадлалтай газар чарга зарж мөнгө олохыг л урьтал болгосноос биш хэн нэгэн гэмтэж бэртвэл анхан шатны тусламж үзүүлэх ямар ч бэлтгэлгүй, эмчгүй цанын бааз ажиллуулж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх, хяналт тавих газар байна уу

Тэд нэг чаргаа 5000 төгрөгөөр түрээсэлдэг. Өдөрт хэдэн арван хүн тэднийхээр үйлчлүүлдэг. Тэгэхээр олж байгаа ашигаасаа тухайн газрыг зорьж буй хүмүүсрүү чиглүүлсэн зүйл хийвэл аштай юу даа. Адаглаад хүн бэртэж гэмтэхээс хамгаалсан зүйлс, анхан шатны тусламж үзүүлэх эмч зэргийг бэлтгэвэл болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ.

Гэмтэл согогийн үндэсний төвөөс  авсан судалгаагаар 2006-2007 оны өвлийн улирал, 2008-2009 оны өвлийн улиралд дунджаар 200 гаруй хүн цанын бааз, мөсөн гулгуурын талбай дээрээс хүнд болон хөнгөн гэмтэл авч байна гэсэн статистик тоо гарчээ. Энэ бол бараг 10  жилийн өмнөх тоо. Харин сүүлийн  жилүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэдгийг эмч нар хэлж байна. Тийм учраас цанын бааз, мөсөн гулгуурын талбай нь заавал стандарттай байх ёстой юм байна гэдэг үүднээс MNS 6000:2009 гэсэн стандарт мөрдөгдөх болсон. 

Иймээс Дэлхийн хэмжээний цанын бааз, гулгуурын талбайгаа байг гэхэд Монголынхоо стандарт журмаа мөрдөж ажилламаар байна. Бүр болохгүй бол стандарт журмаа мөрддөггүй юм гэхэд иргэдийнхээ аюулгүй байдлыг бодож, 1.Гулгаж, уруулах, 2. Өгсөх хоёр талбай замыг маш тодорхой болгож, тэмдэглэгээг тавьж өгмөөр. Иргэдээ ч тэрхүү тэмдэглэгээг дагаж гулгах соёлтой үйлчилгээг өөрсдөөсөө эхэлж хангаж өгмөөр байна. 

Манай улс битүү дээвэртэй мөсөн ордонтой болно хэмээн сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч энэ нь “мянгуужингийн үлгэр” хэвээр байгаа. Мөн улс орны эдийн засаг ч хүндхэн байгаа учир энэ мэт ордонд мөнгө хаях төсөв ч хомс байгаа нь мэдээж. Иймээс бид хувь заяатайгаа эвлэрээд иймэрхүү уулын ам бараадсан цанын баазуудаа эхний ээлжинд аятайхан шиг хөгжүүлчихмээр байна. Мөн хэрэв аюулгүй байдал алдагдаж, хэн нэгэн эрсдэлт байдалд орлоо гэхэд түргэн тусламж үзүүлэх үүднээс эмч мэргэжилтнүүддээ анхаардаг болмоор байна. Хэдийгээр манай улсад цанаар гулгах гэдэг улирлын чанартай ч гэлээ энэхүү улирал нь дараа жилийн өвөл эргээд л ирнэ. Хүмүүс дахиад л цанаар гулгаж эхэлдэг. Иймээс Уулын ам бараадсан цанын баазын үйлчилгээ эрхлэгчид эмч мэргэжилтэн хийгээд стандарт журмаа мөрддөг, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарч ажилладаг болох нь нэн тэргүүний  асуудал болоод байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.