Гурван гийгүүлэгч: Япон улсаар аялсан тэмдэглэл
Амьдрал бол аялал юм. Үнэхээр ч хүн бүхэнд олон үндэстэн ястны хүмүүстэй уулзаж, соёл иргэншил, ёс заншилтай нь танилцаж, түүхэн дурсгалт газруудаар нь аялах хүсэл мөрөөдөл бий. Энэ мөрөөдлөө биелүүлж “Летс травел” аялал жуулчлалын компанийн шугамаар аялсан найман хүний зургаа нь Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдсэн хүмүүс байсан юм. Тэд бүтэн жилийн турш сар бүр 50,100,200, 300 мянган төгрөгийн хуримтлал үүсгэн, Голомт банкнаас 20 хувийн урамшууллаа авч,  зарим нь аяллын зардлаа, зарим нь зардлынхаа тодорхой хувийг төлөх боломжтой болсон билээ.

Тэд нэг баг үүсгэн Япон улсын нийслэл Токио хотоор 4 өдрийн турш аялсан бөгөөд уншигч та ч гэсэн “Аяллын” хуримтлалыг зорилготойгоор үүсгэн өөрийн хүссэн улс руугаа аялж, мөрөөдлөө биелүүлээрэй хэмээн хүсэж байна. Ингээд уншигч танд Япон улсад заавал үзэх ёстой газрууд болон ямар төлбөртэй байдаг зэрэг мэдээллийг хүргэе. 

ТАНЫ ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ГАЗРУУД:

Токио Дойцү Мура гэрлэн цэцэрлэгт хүрээлэн

Энэхүү хүрээлэн нь шөнөдөө үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагддаг. Ялангуяа алсын харагч дээрээс бол зурсан зураг мэт. Урчуудын дунд уралдаан зарласнаар хоёр уулын бэлийг гэрлэн чимэглэлээр чимсэн нь жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ. Цэцэрлэгт хүрээлэнд гэрлээр бүтсэн далай давалгаалах бөгөөд хун, галуу, нугас, цагаан баавгай, оцон шувуу гэх мэт амьтдыг гэрлээр яг амьд мэт урласныг та харж болно.


 
Залуучуудын дүүрэг Шибуяа

Шибуяа дүүрэгт байх гарцаар өдөртөө сая гаруй хүн зорчдог бөгөөд хоорондоо мөргөлдөж шүргэлцэх асуудалгүй, нэг гэрлэн дохионоос нөгөө гэрлэн дохионы хооронд яарч сандарч гүйх шаардлагагүйгээр ухаалаг шийдэлтэйгээр бүтээгджээ.
Мөн Шибуяа өртөөний үүдэнд хэзээ ч эргэж ирэхгүй эзнээ хүлээх Хачико нохойн дурсгалын хөшөө бий. Токиогийн их сургуулийн профессор эзнийгээ ажилдаа явахад нь  үдэж,  угтдаг байсан Хачико нохой эзнээ гэнэт нас барснаас хойш түүнийг ирнэ гэж өдөр бүр хүлээсээр л байсан юм. Хачико нохой 12 жил амьдрахдаа есөн жил, есөн сар эзнээ хүлээсэн түүхтэй бөгөөд эдүгээ үнэнч сэтгэлийн бэлгэдэл болон сүндэрлэж байна. Энэхүү хөшөөний дэргэд амраг хосууд болзож, аялагчид дурсгалын зургаа татуулдаг юм.
 
Дараагийн таны заавал очиж үзэх газар бол Роппонги дүүрэг

Тус дүүрэг нь Токиогийн төвд орших өндөр барилга байшингууд болон шөнийн үзвэр үйлчилгээгээрээ алдартай. Олны дунд гадаадынхны дүүрэг хэмээн яригддаг тус дүүрэгт байрлах орчин үеийн тоноглол бүхий шөнийн клуб, ресторан баруудад та олон орны хүмүүстэй хамтдаа үдшийг зугаатай өнгөрүүлж, шинэ танил нөхөдттэй болох боломжтой.  
Сумо
Япон орныг сумо бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Шинтогийн ёслолын өдрүүдэд болдог сумогийн барилдаан  жилд 6 удаа, сондгой саруудын 15-аас эхэлдэг учир та чөлөөт өдрөө тааруулан Сумо үзэх боломжтой. Мэдээж та тасалбараа эрт захиалах шаарлагатай. Цагийг нь тулгачихвал Япончууд ч өөрсдөө  хонон өнжин дугаарладаг байна.  Сумо үзэхийн тулд  суудлын зэрэглэлээс хамааран 1200-13400 иен төлдөг.
 
Tokyo Sky tree буюу “Токиогийн тэнгэр баганадсан мод" цамхаг

2012 онд нээлтээ хийсэн тус цамхаг нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог бөгөөд 2011 онд Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. 634 метрийн өндөртэй тус цамхаг нь долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй бөгөөд цамхаг нээлтээ хийсэн эхний долоо хоногт л гэхэд 1,6 сая хүн үзэж сонирхсон байна. Бид цамхгийн яг тэг дунд буюу 350 метрийн өндөрт гарсан бөгөөд шөнийн Токио хичнээн үзэсгэлэнтэйг эндээс харж болно. Газраар нэг алт эрдэнэс асгарсан мэт л гялтганах бөгөөд эсвэл тэнгэрийн сая сая одод газарт буугаад ирсэн мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө.
 
Хүний гараар бүтсэн гайхамшигт Одойба арал

Одойба арал нь анх Эдогийн сүүл үе буюу 1853 онд Токио хотыг далайн дайралтаас хамгаалах зориулалттай босгосон түүхтэй. Харин өнөөдөр жуулчдын хамгийн ихээр сонирхон очдог газруудын нэг болжээ. Энд 18-р зууны өмнөд Европын төрхийг харуулсан Венус порт худалдааны төвөөр үйлчлүүлэн, TOYOTA–н Мега веб үзэсгэлэнгийн танхимаар зочлон хамгийн сүүлийн үеийн машины загварууд мөн дагалдах хэрэгслүүдийг харах болно.
                         
Диснейланд

Диснейланд нь дотроо World bazaar, Ирээдүйн ертөнц, Toontown, Гайхамшигт ертөнц гэх мэт 7 сэдэвчилсэн хэсгүүдтэй. Энд өөр өөрийн гэсэн онцлог тоглоомтой, жинхэнэ амьд мэт онцлог ертөнцийг бүтээсэн учраас бүх насныхан тоглож болдог. Үлгэрийн баатруудын жагсаал нь үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Хөөр баясал бэлэглэн, инээмсэглэн даллах, эрхлэн тоглох тэднийг харахад үлгэрийн баатрууд үнэхээр амьд байдаг юм байна, би тэдний амьдардаг газар нь иржээ гэж өөрийн эрхгүй итгэмээр.

Энэхүү аяллын хөтөлбөрийг бидний 8 аялагчид өөрсдөө сонгосон бөгөөд Японы алдарт Фүжи уул, Эзэн хааны зуны цэцэрлэгт хүрээлэн, Токиогийн телевизийн цамхаг, Мэйжи Шрайн хийд, агаарын лифтээр сөнөсөн галт уулын дээгүүр аялах зэрэг хөтөлбөрөөс сонголт хийх боломжтой. Тэнгэр трэвел компаниар дамжин Япон Улсад жуулчлах зардал  нэг хүний 2,900,000 төгрөгт багтах бөгөөд үүнд виз мэдүүлэх, онгоцны тийз, хөтчийн хөлс, зочид буудал, япон улсад үйлчлэх унааны зардал, өглөө, өдрийн хоол, зарим нэгэн үзвэр үйлчилгээний үнэ багтсан. Нэмэлтээр сонгосон үзвэрийнхээ төлбөрийг аялагчид өөрсдөө төлөх бөгөөд энэ нь 1000-3000 иен буюу 22,000-66,000 төгрөгт багтна. Монголчуудад Японд идэж чадахгүй хоол цөөхөн байх бөгөөд 22,000-аас дээш болон доош төгрөгт бгатаан  нэг удаад хооллочихно. Японы худалдааны төв, ялангуяа их дэлгүүрүүд жилдээ 2 удаа томоохон хямдрал зарладаг. Энэ нь ихэвчлэн 1 болон 7 сард тохиодог байна.



Ингээд уншигч та бүхэндээ “Үндэсний хуримтлал”-ын хөтөлбөрт нэгдэж, дэлхийгээр аялах  мөрөөдлөө биелүүлж чадсан нэг хамт олны  аян замын богцоос хуваалцлаа.

Амьдрал бол аялал юм. Таны аялалд амжилт хүсье.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tester 2017-03-12 07:53:37
    tester davaa
    150.129.143.202
    Мэдэгдсэн Хариулах