Хятад Улс “Абибас”, “Панасканик”-уудтай тэмцлээ эхлүүллээ

Хятад Улс алдартнуудын нэрсийг ашигласан худалдааны тэмдэгтийг бүртгэж авахыг хориглолоо. Үүнтэй холбоотой дуулиан шуугиан багагүй гардаг ч одоо л Дээд шүүхээс нь “Брэндийн нэрэнд олны танил хүний нэр байх нь худалдан авагчийг төөрүүлдэг” гэсэн тогтоол гаргажээ.
 
Өмнө нь ийм тогтоол гарч байгаагүй болохоор Хятадын шүүх гадаадын алдартай брэндийг хятадуудаас хамгаалах анхны оролдлогоо хийсэн гэж үзэж болох юм. 23 дугаартай домогт сагсөн бөмбөгчин Майкл Жордан л гэхэд үүнтэй холбоотой шүүхэд гомдол гаргаж, дөрвөн жил дараалан ялагдаж байсан удаатай.
 
NBA-ийн од тэрбээр “Энэ зөвхөн надтай холбоотой бус, ямар ч тамирчинд хамаатай. Чиний нэр, чиний ДНК л гэсэн үг. Энэ бол зарчмын асуудал. Би өөрийнхөө гэх зүйлийг хамгаалах ёстой” хэмээн мэдэгдэж байв.
 
Жорданы хувьд Цяоданьтай дайтсан юм. Учир нь хятадаар түүний нэрийг ингэж дууддаг аж. Энэхүү хоёр ханз зурлагаар спорт хувцасны компани хэдэн саяыг олжээ. Хувцас хэрэглэл нь ч алдаршиж, багагүй үнэтэй зарагдаж байв. Зүүн талд нь брэндийн тэмдэг нь байхад баруун талд нь Хятадын лого байх жишээтэй.
 
Ерөнхийдөө Хятадад оюуны өмчийн салбарт “Амжихгүй нь хоцорно” гэсэн зарчим маш удаан үйлчилсэн. Нэгэн цагт адтай, зальтай бизнесмэнүүд дэлхийн хамгийн алдартай худалдааны тэмдэгтүүдийг бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж байв. Харин хууль ёсны эзэмшигчид нь Бээжингийн Ардын дээд шүүхэд өөрсдийнхөө нэрийг хамгаалж, өчнөөн чирэгдэл учруулан заргалддаг байлаа.
 
Тухайлбал, Хятадад айфон нь Арple-тай огт төсгүй. Шүүхээс Шэнчжэний компанийг цаашид түрийвч, хавтсаа ингэж нэрлэхийг нь эөвшөөрчээ. Уг нэрийг Стив Жобсын үед л бүртгэсэн бөгөөд энэ талаар огт сонсож байгаагүй бололтой байв. Харин Жорданы тэмдэгтийн тухай түүх хуурамч, дууриамал эд зүйлсийн зах зээлийг тэр чигт нь өөрчлөх бололтой.
 
“Бидэнд жишээ авах зүйл бий болсон. Миний үйлчлүүлэгч дунд “Битлз”, “Куин” зэрэг рок хамтлагууд ч байна. Өмнө нь бид Хятадын шүүхээр тэдний брэндийг хамгаалах шийдвэр гаргуулж чадна чинээ зүүдэлдэг ч үгүй байлаа. Тэр ч бүү хэл Путины нэртэй хүүхдийн фирм ч байдаг гээд бод доо” хэмээн өмгөөлөгч Рэйни Лю хэлжээ.
 
Ийнхүү БНХАУ гуравдугаар сарын 1-нээс эхлэн алдартнуудын нэрээр аливаа брэнд, тэмдэгтүүдийг нэрлэхийг хориглож эхлэхээр болжээ. Ерөнхийлөгчид, тамирчид, жүжигчид гээд хэний ч нэрийг ашиглаж болохгүй гэсэн үг. Сонирхолтой давхцал мөн үү, эсвэл үгүй юу, юутай ч Дональд Трампыг сонгуульд ялсны дараахан үл хөдлөхийн салбарт нь түүний нэртэй компани бүртгэгджээ. Трампын нэрийг Хятадад үнэртэй уснаас спа салон ххүртэл хэдэн арван газарт хууль бусаар ашигладаг. Тус улсад патентын эрхийг зөрчсөн асуудал хэдэн боть ботиороо гардаг. Тэгвэл одоо дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон тус улс дэлхий нийтийн итгэлийг эргүүлэн олохын тулд хуулиа чангатгахаар шийдсэн юм.
 
“Бизнес эрхлэгчид заль хэрэглэж, алдартай логоны үг, эсвэл үсгийг нь сольдог. Эсвэл латин үсгийг биш, хятад ханзыг нь авч хэрэглэдэг. Харин гадаадын брэндүүд энэ тухай тоолгүй орхиж, түүнтэй хамааралтай болчихдог” хэмээн хууль зүйн агентлагийн тэргүүн Хэ Цзин ярьж байна.
 
Өдгөө Хятадын хаанаас ч Adidos, Abibas, баc Hike, Fuma гэсэн кед худалдан авч болно. Бараг их дэлгүүр бүрт аль брэндийг дууриасан тэдэгт нь эргэлзэх зүйлгүй Кристиен Дени брэнд зарагддаг. Харин энэ жилээс брэндүүд томоохон хамгаалалтад орж буй бололтой. Саяхан л гэхэд Jipu хэмээх фирмийг бүртгэхээс татгалзсан нь Jeep хэмээх брэндтэй адилхан сонсогдсонтой холбоотой гэнэ.

Хувцас, хунар, гоос сайхны хэрэгсэл байтугай бүхэл бүтэн хотуудыг ч хуулбарласан байх нь бий. Хятадад мини Парис хот байдаг бөгөөд Итали руу явж чадахгүй хүмүүс эндхийн Венецийн сувгийн жижгэрүүлсэн хувилбараар зочлох боломжтой. Каирын Сфинксийг үзэхийг хүсвэл энд ирж болно. Харин Египет улс энэ асуудлаар ЮНЕСКО-д гомдол гаргасан түүхтэй.
 
Тус улсад зохиогчийн эрхийн зөрчлөөр хоёрхон жилийн хугацаанд 24 мянган хүн шийтгүүлжээ. Тэгвэл БНХАУ шинэ таван жилд инновацийн зорилго тавьсан. Уг зорилгодоо цэвэр бус нэр хүндтэй хүрч болохгүй хэмээн үзсэн бололтой.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • т 2017-02-02 03:23:02
    өнөө хөрөнгө оролгын мэдүүлэг гэдэг шиг юм болж.
    139.5.217.39
    Мэдэгдсэн Хариулах