Байгуулагдаад удаагүй ч хувьчлалд орох “Хөдөө аж ахуйн хөрөнгийн бирж”
Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээг авахын тулд УИХ-ын тогтоолын төсөлд Төрийн өмчийг эзэнжүүлэх тухай тусгасан. Тиймээс Төрийн өмчийн хороо төрийн өмчит 32 компанийг хувьчлах асуудлыг Засгийн газарт хүргүүлээд буй. Дээрх компаниудаас 13-ыг  нь бүрэн хувьчлах бол бусдыг нь төрийн эзэмших хувь хэмжээг бууруулах замаар хувьчлалд оруулах юм.
 
 Харин олон жил яригдаж байж өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Төрийн эзэмшлийн хувийг бууруулах хуулийн этгээдүүдийн тоонд бүртгэлтэй байгаа юм.

Уул нь манай улс Хөдөө аж ахуйн биржтэй болсноор далд эдийн засаг хумигдах, яваандаа хөдөө аж ахуйн салбараас арчигдах сайн талтай хэмээн үзсэн. Малчид, тариаланчид болон фермерийн аж ахуй эрхлэгч гэх мэт түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн орлого тогтворжиж, түүхий эдийн үнэн зөв, бодитой үнийн мэдээллээр байнга хангагдана. Түүхий эд бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрдэж, түүхий эд стандартын дагуу бэлтгэгдэнэ. Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлнээр худалдан авч болох бөгөөд ирээдүйд хийх хэлцлийн төрлүүдээр захиалах боломж бүрдэнэ. Худалдааны эмх замбараагүй байдал арилж, бүртгэл, хяналтын тогтолцоо бүрдэж, улмаар улсын төсвийн орлого нэмэгдэнэ хэмээн  харж байсан.
 
Учир нь түүхий эд бол том зах зээл. Ноос, ноолуур гэхэд жилдээ  330 тэрбум төгрөг болдог гэсэн тооцоо бий. Үүнийг зохион байгуу­лалт­тайгаар зах зээлд  оруулаад банкны системээр дамжуулж төл­бөр тооцоог нь хийвэл манай  эдийн засагт өгөөж­тэй гэж үзэж байв.
 
Гэвч арилжааны банкуудтайгаа тохиролцож чадаагүйгээс үйлдвэрүүдийн ноолуур худалдаж авах санхүүжилт хойшлогдож, биржээр худалдаалагдсан ноолуур үйлдвэрүүдэд очихгүй байгаа нь сэтгэл зовоосон асуудлууд энэ хугацаанд гарч байсан нь үнэн.
Тэгвэл өнөөдөр Төрийн өмчийн хороо энэхүү байгуулагдаад удаагүй Хөдөө аж ахуйн биржийг хувьчлалд оруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаад байна. Засгийн газар ч үүнтэй санал нэг байгаа юм.

Уг бирж нь Улсын Их Хурлаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 40 дүгээр тогтоолоор өнгөрсөн оны гуравдугаар сарын нэгэнд үүдээ нээж байсан. Анхны арилжаагаа мөн л өнгөрсөн оны тавдугаар сард хийж байв.

Монгол Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн нэгдсэн зах зээлийг бий болгох, зах зээлд оролцох боломжийг бий болгох зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулж, тусгай зөвшөөрөл бүхий 29 брокерын компанид гишүүнчлэл олгож, 43 агуулах, 2 тээврийн компанид түр итгэмжлэл олгож, арилжаанд оролцуулснаас гадна улсын итгэмжлэгдсэн лабораториудтай хамтран ажилладаг юм байна.
Эдийн засгийн үзүүлэлт
    /мян.төг/
д/д Үзүүлэлт 2013 он
Төрийн өмчийн хувь 100%
1 Авлага 37,558.8
2 Эргэлтийн хөрөнгийн дүн 241,227.8
3 Үндсэн хөрөнгийн дүн 437,034.6
4 Нийт хөрөнгийн дүн 1,515,186.4
5 Нийт өглөг 762.3
6 Өөрийн хөрөнгө 1,514,424.1
7 Нийт орлого 1,472,992.7
8 Нийт зардал 1,118,278.6
9 Цэвэр ашиг  (алдагдал) 354,714.1
10 Ажиллагсдын тоо 30
 
 Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил махыг Хөдөө аж ахуйн биржээр арилждаг болох тухай яриа ч гарч байсан. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2 жи­лийн дараагаас махыг биржээр арилжих төлөв бий гэцгээж байсан юм. Амьд малын арилжаа гэж 800 гаруй тэрбум төгрөгийн маш том зах зээл . Иймээс амьд малын зах зээлийн үнээс хамаарч махны  жижиглэнгийн үнэ зөв тогтож эхэлнэ хэмээн үзэх хүмүүс ч байна.

Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.