Нэр дэвшигчид өрсөлдөгчдөө гутаахыг сурталчилгааны гол хэрэгсэл болгож байна
-Хэний ч шүүгээнээс “араг яс” олох боломжтой-
 

АНУ-Д НЭР ГУТААХ ҮЗЭГДЭЛ ЭРС НЭМЭГДЭЖ БАЙНА


АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаа, дөнгөж эхэлж буй Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн аян зэрэг нь үүний гол нотолгоо юм. АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны албаны цахим захидал ил болсны дараахан Америк даяар Клинтоныг улс орноо удирдаж чадна гэдэгт итгэх үү гэсэн асуудлыг хөндөж эхэлсэн юм.

“Улс орон, америк гэр бүлүүдийн аюулгүй байдал Хилларигийн хувьд юу ч биш гэдгийг тэр харууллаа” хэмээн ялалт байгуулсан Дональд Трамп мэдэгдэж байлаа.

Нэмж хэлэхэд “WikiLeaks” сайтад гаргасан эдгээр захидал нь Холбооны мөрдөх товчооны хөдлөх шалтгаан болсон юм. Ингээд Клинтоны сонгуулийн штабт хийсэн Товчооны үйлдэл арваннэгдүгээр сарын 8-ны сонгуульд ялагдах үндсэн шалтгаан болсон гэж үзэж буй билээ. Хиллари Клинтоны хувьд хоёр дахь мөрдлөг шалгалтыг эхлүүлэхээс хоёрхон долоо хоногийн өмнө ялах магадлал маш өндөр явсан ч Холбооны мөрдөх товчооноос ил болсон захидлуудтай холбоотой шинэ баримтыг сонирхож эхлэх үед тодорхойгүй сонгогчдын дэмжлэгийг алдсан билээ.

Түүнчлэн Ардчилсан намын Үндэсний хорооноос Клинтоныг дэмжиж, өрсөлдөгч Берни Сандерсыг нь “живүүлэх” алхмыг хийж байсан тухай мэдээлэл ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

Түүнтэй адил Трампын тойрсон дуулиан шуугиан ч сонгуулийн өмнө, ялалт байгуулсны дараа тасраагүй юм. Эхлээд “The Washington Post” сонин 2005 онд Дональд Трампын эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон яриаг ил болгосон. Үүнийхээ төлөө нэр дэвшигч ард түмнийхээ өмнө уучлалт гуйхаас өөр аргагүй байдалд орсон билээ. Үүнээс гадна Америкийн хэвлэлүүд бизнесмэн Трампын санхүүгийн схемийг ил болгохыг чармайж, түүнийг 18 жилийн турш татвараас зугтсан гэж мэдээлж байлаа. Гэвч санхүүгийн ов заль хэрэглэж байсан ч улсынхаа татварын байгууллагыг зориудаар хуурсан гэхээс илүүтэй хуулийн цоорхойг ашигласан болж таарсан.

Харин хамгийн том дуулиан Трампыг сонгогдсоны дараа дэгдсэн юм. “CNN” теле суваг, “BuzzFeed” сайт Британийн тусгай албаны хуучин ажилтны цуглуулсан дуулиант мэдээллийг дэлгэсэн. Уг мэдээлэлд Оросын Холбооны аюулгүйн зөвлөлд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн Москвагийн нэгэн зочид буудалд хийсэн секс адал явдалтай холбоотой бичлэг байгаа гэжээ.

Британийн тагнуулынхан энэхүү мэдээллийг үгүйсгэсэн ч CNN Трампыг эрс буруушааж эхэлжээ.


ЕВРОПЫН ТУРШЛАГА


Яг ийм байдал Францад ч өрнөж байна. Тус улсад сонгуулийн сунгаанд оролцож буй бараг бүх этгээд хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэмээн сэжиглэгдэж эхэлжээ.

Уг сунгааг удаан хугацааны турш тэргүүлсээр ирсэн, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Фийон эхнэрээ хууль бусаар 900 мянган евро аваагүй болохыг, “Үндэсний фронт”-ын тэргүүн Марин Ле Пен намдаа хуурамч ажилтнууд хөлсөлж, хэдэн зуун мянган евро халааслаагүй болохыг батлахаас өөр аргагүй байдалд оржээ.

Үүнээс гадна “WikiLeaks” сайт хоёрдугаар сарын 1-нд Фийон, Ле Пен нарын үйл ажиллагаатай холбоотой архивын баримтуудыг дэлгэж, бусад өрсөлдөгчид болон Эммануэль Макронтой холбоотой баримтууд бий гэдгийг сануулжээ.

Одоохондоо эхлээгүй байгаа Германы сонгуулийн сурталчилгаа ч дуулиан шуугианаар дүүрэн байх төлөвтэй байна. Тус улсын парламентын сонгууль ирэх намар болно. Гэхдээ бие биеийнхээ нэр хүндийг гутаах мэдэгдлүүд эхнээсээ гарч эхэлжээ.

2015 онд Германд канцлер Ангела Меркелийн утсыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдал чагнадаг тухай тагнуулын дуулиан дэгдсэн. Энэ асуудлыг Меркель маш хурдан дарж чадсан. Тэгвэл одоо Германы улстөрчид, тусгай албаны төлөөлөгчид Оросыг АНУ-ын жишгээр сонгуулийн үйл явцад нь нөлөөлөхийг оролдож байна, кибер халдлага хийх гэж байна хэмээн буруутгаж эхэлжээ.


ЭХ СУРВАЛЖУУД ӨӨРЧЛӨГДЖЭЭ


Сонгуульд нэр дэвшиж буй хүний гол бодлого бол өөрийн гэсэн имижээ бүрдүүлэхийн зэрэгцээ бусдын имижийг нураах юм. Ингэхийн тулд өрсөлдөгчдөдөө шошго наах нь чухал. Америкийн сонгуулийн сүүлчийн аяны үеэр улс төрийн технологид үүнийг идэвхтэй хэрэглэсэн.
Тухайлбал, Хиллари Клинтоныг “луйварчин”, “мэдрэл муутай” хэмээн буруутгаж байсан бол Хиллари Трампыг семитийн эсрэг үзэлтэн (еврейчүүдийг хавчин гадуурхах үзэлтэн), арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, ижил хүйстнүүдийг үзэн ядагч гэж цоллож байсан билээ.

Францад ч өдгөө бие биедээ ийм шошго зүүхээр улайран дайрч байна. Тухайлбал, Фийоныг улсын мөнгийг ажил эрхлээгүй эхнэртээ өгч байсан луйварчин гэж байгаа бол Ле Пенийг фашист хэмээгээд байгаа.

Мэдээж бие биеэ гутаан доромжлох нь цоо шинэ үзэгдэл биш. Харин шинжээчдийн үзэж буйгаар орчин үеийн гутаан доромжлолын шинэлэг алхам нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн сонгуулийн үйл явцад гүйцэтгэх үүргийг нарийн мэдэрч байгаа явдал гэнэ.

Омскийн улсын их сургуулийн профессор, улс төрийн ухааны доктор Инна Ветренко “Бие биеэ гутаан доромжилсон мэдээллийг түгээх суваг өөрчлөгдсөн. Өмнө нь албан бус, нэр дэвшигчдээс хараат бус сувгуудаар мэдээллээ цацдаг байсан бол одоо бараг л албан ёсны сувгууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийгээ түгээдэг болжээ” хэмээж байна.

Тухайлбал, гутаан доромжилсон ийм материалуудыг “The Washington Post”, “The New Your Times”, “CNN” зэрэг олны хүндлэл хүлээсэн, алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, мэдээллийг илүү үнэмшилтэй болгон хувиргадаг болжээ. “Энэ нь санал хураах үйл явцад томоохон нөлөө үзүүлж байна” хэмээн Ветренко тодруулан хэлсэн байна.


ХАР БАРААН ТҮҮХҮҮД


Төв хэвлэл мэдээллүүд өмнө нь улстөрчидтэй холбоотой таагүй түүхүүдийг уншигч, үзэгчдэдээ түгээсээр ирсэн. 1990 онд АНУ-д Ерөнхийлөгч Билл Клинтонтой холбоотой секс дуулиан золтой л түүнийг суудлаас нь авч хаяагүй. Түүнчлэн бага Жорж Бушийн эрчим хүчний төсөл улсын бус, хувийн нефть хийн компаниудын ашиг сонирхолд үйлчилж байна гэсэн мэдээллийг хэвлэлүүд маш ихэээр бичиж байв.

Улс төрийн технологийн төвийн захирал Игорь Бунины хэлснээр Францын улс төрийн түүхэнд бие биеэ гутаан доромжлох үзэгдэл аль хэдийн уламжлал болон тогтжээ. Түүний сануулснаар Жак Ширакийг 1995 онд ашиг харсан үйл ажиллагаатай холбож байсан бол Ерөнхийлөгч Николя Саркозийг албан тушаалаа ашиглаж, хямд үнээр байр худалдан авсан гэж буруутгаж байсан билээ.

Игорь Бунины хэлснээр улс төрийн өнөөгийн ийм нөхцөл байдалд нэр дэвшигчид “шүүгээн дэх араг яс”-аа аль болох сэмхэн зайлуулах нь чухал болжээ. “Францад сонгуулийн аян ямар тогтворгүй өрнөж байгааг харж байгаа биз дээ. Нэг хэсэг Ален Жюппе тэргүүлж байснаа дараа нь Фийон тэргүүлэх болсон. Гэтэл одоо түүний нэр хүнд унажээ. Системийг тогтворгүй болгоход амархан. Тиймээс ямар нэгэн “араг яс” байгаа бол түүнийгээ сайн нуух, эсвэл сонгуульд оролцохоос бүрмөсөн татгалзсан нь дээр. Хэний ч нэр хүндийг гутаан доромжилж болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.