Өвлийн спортынхонд шагнал биш битүү ордон л хэрэгтэй байна

Монголчууд багийн спортоор хэзээ ч амжилт гаргахгүй гэж мэдэмхийрдэг хүмүүс манайд олон байсан. Гэтэл манай сагсан бөмбөгийн тамирчид ямархуу амжилт үзүүлж байгаа билээ. Тэр битгий хэл манай хоккейчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд ирлээ. Мэдээж В ангиллын багуудын ордог тэмцээн л дээ. Гэхдээ тэд чадсан. Мөн манайхан өвлийн спортоор амжилт гаргаж чадахгүй гэж мэдэмхийрэгчид ч бас байдаг.

Гэтэл хоккейчид яав. Тэшүүрийнхний амжилт жилээс жилд өсч байна. Б.Сумъяа гэдэг охин залуучуудын Олимпийн наадамд түрүүлсэн биз дээ. Бусад улсын тамирчидтай баг болж уралдсан учраас түрүүлсэн гээд манайхан ач холбогдол өгөхгүй л байгаа болохоос. Ер нь бол жилээс жилд тэшүүрийнхний амжил өсч, улсын рекордыг шинэчилж, дэлхийн шилдгүүдийн хэмжээнд хүрэх дөхөж л байна.

Гэхдээ бид өвлийн Олимпийн наадмаас медаль хүртчихээр хэмжээнд арай хүрээгүй байгаа. Тэр хэмжээнд хүрч, тамирчдын ур чадвар өсөхөд нөлөөлөх нэг зүйл нь байнгын бэлтгэл сургуулилт, хангамж. Мөн дэлхийн жишигт хүрсэн орчинд бэлтгэлээ тасралтгүй хийх хэрэгцээ, шаардлага байгаа. Гэтэл манайд тийм орчин алга.

Тэшүүрийнхэн гэхэд Хандгайт хавьд шаардлагад нийцэхээргүй тавьсан мөсөн дээр л бэлтгэлээ хийдэг. Ядаж байхад бэлтгэл хийх хугацаа нь ч гэсэн баг. Хоккейчид ч ялгаагүй, зуны бэлтгэлээр л бүх зүйлээ нөхөж яваа. Ийм байхад төр засгаас бага ч болов анхаараад, нэг битүү ордон бариад өгчихгүй гүрийсээр л. Үеийн үед энэ асуудал том сэдэв болдог. Нэг дарга гарч ирээд л өвлийн битүү ордон барина гээд л ярьдаг. Одоо ч гэсэн яригдаж л байгаа.

Сая хоккейчид дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд ирэхэд ч өвлийн спортыг дэмжинэ гэж ярьж л байна. Яаж ч дэмжих гээд байгаа юм. Уг нь яаж ийж зүтгэж байгаад нэг ордон бариад өгчихвөл тэшүүр, хоккей, шорт-трек, уран гулгалт гээд маш олон спорт хөгжих боломжтой. Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц спортын төв ордонг шинэчилнэ, зээлээр бариулна гээд л байгаа даа. Тэгэхээр манайд боломж байхгүй биш байгаа.

Гагцхүү өвлийн спортыг дэмжих сэтгэлтэй хүн энэ төр засагт, эрх мэдэлтнүүдийн дунд алга.  Уг нь манай хоккейчид шайбтай хоккейн ДАШТ-д оролцох боломж байгаа. Гэтэл мөсөн ордонтой байх шаардлага тавьдаг учраас жийгдээд л хоцорч байна. Өнөөдөр хоккейн тамирчид аргаа барахдаа “Бидэнд шагнал энэ тэрээс илүү мөсөн ордон хэрэгтэй байна шүү дээ” хэмээн ярьсан байсан. Хэрвээ мөсөн ордонтой, байнгын бэлтгэлтэй болчихвол манай хоккейчид дэлхийд өрсөлдөж чадахаар байна.

Түүнээс гадна тэшүүрийн ганц нэг гайгүй тамирчид маань гаднаас санал ирвэл явна гэж байгаа. Угаас Монголд бэлтгэл хийх ч орчин алга болохоор хангамж сайтай, тогтмол бэлтгэл хийж болохоор газар руу явахыг хүсэлгүй л яахав. Хэрвээ гадагшаа явчихвал манай тамирчид хангалттай амжилт үзүүлнэ, дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадна.

Тэр үед нь “Энэ тамирчин манайх” гээд л шүүрс алдаад сууж байж ч магадгүй. Тийм болохоор яаж ийж байгаад нэг ордон барих л хэрэгтэй байна. Өвлийн спортын төрлөөр манайхан амжилт гаргах боломж бүрэн байна шүү дээ. Тамирчид хангалттай харууллаа. Одоо жаахан л дэмжээд өгмөөр байна. Ер нь манай аль ч спортод дэмжлэг дутуу байгаа. Гэхдээ өвлийн спортод бол бүр ямар ч дэмжлэг алга. Ядаж байхад ордонгүй.  Уг нь төр засгийнхан жаахан сэтгэл гаргаад, хөөцөлдөөд, асуудлыг шийдье гэвэл болохгүй, бүтэшгүй зүйл уг нь бишсэн. 


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.