Серена Уильямс: Теннисийг орхих тухай хэзээ ч бодож байсангүй
Олимпийн дөрвөн удаагийн аварга, “Их дуулга” цувралын ганцаарчилсан төрөлд 22, хосын төрөлд 14 удаа түрүүлсэн, дэлхийн чансааны тэргүүнд бичигддэг Америкийн теннисчин Серена Уильямсын  ярилцлагыг эх хэлнээ хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр эдүгээ 35 настай бөгөөд их спортод амьдралынхаа 20 гаруй жилийг зориулжээ. Түүнчлэн тамирчин бүсгүй “Түргэн тусламж”, “Хууль ба эмх журам”, “Үсний шоу” зэрэг кинонд тоглож дэлгэцийн урлагт хөл тавьсан билээ. 
 
-Их спортод та олон жил амьдарлаа. Амьдралынхаа бараг 20 жилийг теннис тоглож өнгөрүүлсэн байна шүү дээ. Гэтэл одоо ч теннис хөгжилтэй санагддаг уу?
 
-Тийм. Анх 1998 онд теннис тоглож эхэлсэн юм. Тухайн үеийн Моника Селеш, Штеффи Граф, Пит Сампрас  гэх мундгуудыг шүтэж, харж баясаж л өссөн. Одоо ч өөрчлөгдөөгүй ээ. Тенниснээс л сэтгэлийн таашаал мэдэрдэг. 
 
-Та Гранд Сламд Ш.Граффын тогтоосон  ганцаарчилсан рекордыг эвдэж чадаагүй л байна.  Ер нь тоглож байхдаа энэ талаар боддог уу?
 
-Бодно оо. Гэхдээ бүх зүйл ингээд төгсчихгүй. Боломж үргэлж байдаг.  Гаргахыг хүссэн амжилтынхаа үзүүрээс маш олон удаа атгаад алдаж байлаа. 
 
-Уимблдоны аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй болно. Тус тэмцээнд ямар стратегиар оролцох бодолтой байна вэ?
 
-Аваргаа хамгаална. Мэдээж, сонирхолтой тоглолтууд их болох байх.  Хөгжилтэй байхыг хүсч байна. Дээр нь талбайд түрэмгий тоглолт үзүүлнэ гэж төлөвлөсөн.


 
-Рио де Жанейрогийн Зуны олимпод та оролцсон. Тэр тэмцээний талаар одоо бидэнд сонирхуулж болох уу?
 
-Зика вирүсийн халдвар авчихгүй юмсан л гэж бодож байлаа. Тэгээд  хаана ч явсан өөрөө өөрийгөө халдвараас хамгаалж явсан шүү. 
 
-Таныг дэлхийн хамгийн аугаа тамирчин гэдэг. Та үүнийг яаж хүлээж авдаг вэ. Бодитой тодорхойлолт мөн үү?
 
-Би мэдэхгүй байна аа. Хэлэхэд хэцүү юм. Өдөр бүр л хамгийн шилдэг тамирчин байхыг хичээдэг. Гэхдээ бүтэлгүйтэх өдрүүд бишгүйдээ л бий. Нэг удаа ердөө 30 минутад л ялагдаж, талбайг орхиж байлаа. Тэр өдөр бүх хүчээ дайчилж, хамгийн сайнаараа л тоглосон. Тэгэхээр би аугаа тамирчин мөн гэж үү.  Сайн мэдэхгүй юм. Гэхдээ би аугаа тамирчин болж чадна. 
 
-Одоо танд дасгалжуулагч хэрэгтэй юу. “Зүгээрээ, өнөөдөр чамайг хамгийн сайн нь байна гэдгийг би мэдэж байна”, эсвэл “Талбайгаа дахиад эзэгнэ” гэж хэлдэг  хэн нэгэн хэрэгтэй гэж бодохгүй байна уу?
 
-Надад магадгүй “Талбайгаа дахин эзэгнэ” гэж хэлдэг дасгалжуулагч хэрэгтэй байх. Сайн тоглож чадахгүй л бол сэтгэлээр уначихдаг төрлийн хүн шүү дээ би. Тэгэхээр надад өөрөөс минь илүү итгэдэг, надтай хатуу ажиллах хүсэлтэй хүн хэрэгтэй. Миний ямар арга барил нь буруу, эсвэл  ямар алдаа гаргаж буйгаа би өөрөө мэдэхгүй. Зөвхөн дахиад оролдоод үзэх хэрэгтэй л гэдгээ мэддэг. 

 
-Венус та хоёр өнгөт арьстай. Талбайд тоглохдоо юу боддогийг тань хүмүүс төдийлөн мэдэхгүй байх?
 
-Хүмүүстэй тааралдах үед  тэд “Охин минь, би чиний тоглолт бүрийг үздэг, бас чиний төлөө залбирдаг шүү” гэж хэлдэг. Тэдний үг надад маш их эрч хүч өгдөг юм. Харин заримдаа талбайд гарахдаа “Тэд миний талаар юу гэж бодож байгаа бол. Намайг ялаасай гэж хүсэхгүй байгаа болов уу. Миний өгч чадах зүйл юу билээ” гээд л бодно.  Энэ бүхэнтэй тэмцэхийн тулд илүү сайн тоглох хэрэгтэй л гэж боддог.   
 
-Тэгвэл хамгийн гашуун ялагдал тань юу вэ?
 
-Надаас өөр харамсалтайгаар  ялагдсан тамирчин байдаггүй байх. Аль ч спортод. Би ялахыг л хүсдэг, харин ялагдахыг үзэн яддаг. 
 
-2015 онд АНУ-ын нээлттэй тэмцээний ялагдлын дараа хэрхэн талбайд эргэн ирсэн бэ?
 
-Би илүү их хөдөлмөрлөсөн. Юу буруу хийсэн, хаанаа алдсанаа харж, суралцсан. Тэр үед дасгалжуулагч маань  “Тэмцээн, тоглолтод чи оноо авахдаа дараагийн минутад яахаа боддоггүй. Одоо Уимблдонд анхаарлаа төвлөрүүл.  Гэхдээ чи өнөөдрийнх шиг ялагдах ёстой” гэж хэлсэн. Би алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуулах хэрэгтэй байсан юм. 
 
-АНУ-ын нээлттэй тэмцээнд ялагдсаны чинь дараа Дрэйк твиттерт амьдаараа идүүлэх дөхсөн. Үүнийг хэр шударга явдал гэж та бодож байна вэ?
 
-Үгүй ээ. Би шударга явдал гэж бодохгүй байна. Ялсан, ялагдсан ч талбайд тоглож байгаа хүн нь би. Ямар ч зүйлд өөр хэн нэгнийг буруутгахгүй. Тэр өдөр надтай сайн өрсөлдөгч таарсан. Би өөрөө сайн байж чадаагүй. 

 
-Серена та одоо 35 нас хүрч байна. 30 нас гэдэг хүмүүсийн,  ялангуяа тамирчдын ид үе. Таны хувьд 30 хүрсний дараа теннис хэцүү санагдаж байна уу, эсвэл?
 
-30 насыг жинхэнэ хийж бүтээх үе гэж хэн хэлсэн билээ. Би хэн энэ дүрмийг зохиосныг мэдэхийг хүсч байна.  Нэг удаа ээжтэйгээ ярьж байгаад “Бурхан минь 30 хүрчихлээ гэж үү” гэхэд, “Хүн 30 хүрэхээрээ 20-тойгоосоо илүү хүчтэй болдог юм” гэж ээж хэлж байсан. Тухайн үед ээждээ итгээгүй ч одоо бодоход хамгийн үнэн үг байж. Үнэхээр эргэлзээгүй 20-тойгоосоо ч илүү сайн тоглодог болсон. Энэ үедээ хүн илүү тооцоотой, эрч хүчтэй, хурдтай болдог юм байна.
 
-Та хүүхдийн талаар ямар бодолтой байдаг вэ. Өөрийн гэсэн гэр бүлтэй болохыг хүсдэг үү?

 
-Мэдээж, би нэг л өдөр хүүхэдтэй болно. Ухаан орсон цагаасаа л хойш хүсдэг байсан. Гэхдээ жаахан нас ахисныхаа дараа. Одоо хүүхэдтэй болоход хэтэрхий эрт байна. /инээв/
 
-Нас ахих тусам хүн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг илүү бодитой ухамсарладаг байх, тийм үү?
 
-Тийм шүү. Өчигдөр Венустай энэ талаар ярьж байгаад “Би дэндүү залуу байна” гэж тоглоом шоглоом болгон хэлж байсан юм. Илүү буурь суурьтай болж, томоожиж ээж болоход бэлэн болсон цагтаа хүүхэдтэй болохыг хүсч байна. 
 
-Бидний ихэнхи нь танай эгчийг мэднэ. Венустай хамт байхад хүүхэд байх үеэс чинь өөрчлөгдсөн зүйл бий юу?
 
-Нэг гудамжны наана, цаана амьдарч байгаад сарын өмнө манайх нүүсэн. Өөрийнхөө эрх чөлөөг олсон /инээв/. Үнэндээ түүнээс хол байхыг хүсдэггүй.  Миний юмнууд одоо ч тэднийг байгаа учраас нүүсэн гэж хэлж болохгүй байх. Хүүхэд байх үеэс хойш юу ч өөрчлөгдөөгүй. Бид дэндүү ижилхэн. 

-Венусын тоглолтоос та юу сурсан бэ?
 
-Венус шегрена синдромтой. Гэсэн ч, теннисээ тоглосоор байгаа нь үнэхээр гайхалтай санагддаг. Тэмцээнд ч ялалт байгуулсаар явна. Нийгэм түүний талаар “тэр өвчтэй, юу ч чадахгүй” гэж ярихыг тэр хүлээн зөвшөөрдөггүй. Намайг юу хийхээ ч мэдэхгүй байх үед тэр л надад тусалж, илүү эерэг хүн болоход тусалсан. 
 
-Серенагийн өнгөрөгч хавар Снапчатад тавьсан тверкинг бүжиг бүжиглэж буй хэсэг  миний хамгийн дуртай бичлэгийн нэг. Тэр талаар ярихгүй юу?
 
-Тэр өдөр ганц зураг авхуулахын тулд үүрийн 3:30 цагт гэрээсээ гарсан. Үд болтол бүжиглээд, үнэхээр их ядарч билээ. Тэгээд л тверкинг зааж буй  бичлэгээ хийж эхэлсэн юм. “Өгзөгөө ажиллуул, гуяа нийлүүл” гээд л. 
 
-Загварын талаар ярья гэж бодлоо?
 
-Намайг бүр жаахан байхад ээж минь надад юм оёхыг заасан. Тэгээд тоглодог хүүхэлдэйндээ хувцас оёдог байлаа. Харин эцэстээ 1999 онд загварын чиглэлээр сургуульд суралцсан.  Тэнд хувцас загварын мэдэгдэхүүнтэй болсон хэрэг.  Манай ангийн хүүхэд бүр л ямар нэг зүйлдээ авъяастай байж билээ. 
 
-Маяа Анжелоу таны дуртай яруу найрагч гэсэн байх аа?
 
-Би түүний “Ер бусын эмэгтэй”-д  дуртай. 
 
-Танд ер нь теннисний спортыг орхих бодол бий юу?
 
-Теннисийг орхих тухай би хэзээ ч бодож байсангүй. 

Монголын мэдээ
Орчуулсан Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.