“Жагааг үлдээ” буюу хананы наана, цаана
- Эх орондоо үлдсэн “эх орончид”, гадагш зугтсан “урвагчид" гэсэн хана хэрэм хоорондоо хэмлэлдэж байгаа иргэдийн энэ дүр зураг нэгийг бодуулж байгааг анзаараарай-
 
 
Арван нэгэн настайдаа Монголоос явж, аав, ээжийн хамт Шведэд 18 нас хүртлээ амьдарсан И.Жаргалсайхан хэмээх хүүг тэндхийн цагаачлалын албаны шийдвэрээр албадан гаргахаар болсныг түүний сургуулийнхан нь эсэргүүцэн жагссан талаарх мэдээлэл өчигдөр сошиал сүлжээний нэгэн дуулиан байлаа. Хүүгийн гэр бүл анх 2010 онд оршин суух зөвшөөрөл албан ёсоор авснаас хойш холбогдох хууль журмын дагуу дөрвөн жилийн дараа буюу 2014 онд уг эрхээ сунгуулахаар хандсан ч татгалзсан хариуг 2016 онд хүлээн авчээ.
 
Орон нутгийн хэвлэлээр цацагдсан мэдээллээс үзвэл оршин суух эрхээ сунгах асуудлаар тэдний гэр бүл өмгөөлөгч авч хууль журмынх нь хүрээнд хөөцөлдөж байх зуур И.Жаргалсайхан 18 нас хүрч, түүний оршин суух эрх нь эцэг эх, гэр бүлээс тусдаа яригдах нөхцөл байдал үүсчээ.
 
Гэвч цагаачлалын алба түүнд оршин суух эрхийг олгоогүй бөгөөд засаг захиргааны энэ шийдвэрийг буруу хэмээн хамт суралцагч хүүхдүүд нь тэмцэл өрнүүлж эхэлсэн байна. Уг үйл явдал дэлхийгээр тархан сууж байгаа 200 мянга гаруй /албан бус эх сурвалжийн тоо/ монголчуудад бол байнга шахам тохиолддог бэрхшээл биз. Гэвч И.Жаргалсайханы жишээг хурцатгасан нэг зүйл нь уг хүү Монголынхоо талаар чухам ямар бодол, төсөөлөлтэй байгаагаа илэрхийлсэн “баримт” байлаа.


 
Өдгөө 18 нас хүрсэн түүнийг “хүү” гэх үү “залуу" гэж нэрлэх үү. Юутай ч тэрбээр “Монголд бага сургуулийн сурагчдад хүртэл маш их гэрийн даалгавар өгч, хүүхдүүдийг ядраадаг. Гэрийн даалгавраа хийгээгүй хүүхэд маш хатуу шийтгүүлнэ. Нэг удаа би хичээлээ хийгээгүйгээс багшдаа төмөр шугамаар гаран дээрээ цохиулж байсан” гэж ярьсан нь дунд сургуулийн цахим хуудаст бичигдсэн юм байна.
 
Монголчуудын дунд хамгийн хурц шүүмж хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа энэ баримт бол үнэндээ 18 настай залуугийнх биш 11 настай Монгол хүүгийн сэтгэлд хадагдан үлдсэн дурсамж гэдгийг санах хэрэгтэй байх. Дөнгөж ухаан сууж байх үедээ Монголоос явж, өөр соёл иргэншилд өсч, төлөвшсөн түүнд тэр дарамт бол “хүлээн зөвшөөрч боломгүй” зүйл. Харин Монголдоо 18 нас хүртлээ амьдарсан өсвөр насны хөвгүүдэд бол тэр явдал “байх л зүйл”.
 
Чухамдаа соёл иргэншлийн ийм хоёр өөр соёлын дунд “сонголт” хийх ёстой болсон түүнд Шведийн засаг захиргааны шийдвэр “тулгалт” болж буй учраас хүний эрхийг дээдлэх үзлээр хүмүүжсэн хүүхдүүд эсэргүүцэл илэрхийлэх нь аргагүй ч байж болно.
 
Үйл явдлыг тунгаахад надад бол ийм л “орчуулга” уншигдана. Гэвч монголчууд энэ үйл явдлын хоёр талд жинхнээсээ хуваагдан талцаж байгааг сошиал сүлжээн дэх илэрхийлэл, сэтгэгдлүүдээс харж болно.
 
Тэрчлэн гол баатар болоод байгаа хүү “Сургуульд багш нар сурагчдыг эцэг эх нь ямар ажил хийдэг, эдийн засгийн хэр чадамжтайгаас нь хамаарч ялган харьцдаг. Түүнийг Монголд сурат байхад чинээлэг гэр бүлээс гаралтай сурагч нь гэрийн даалгавраа хийгээгүй ирсэн ч багш нар нь түүнд онц дүн тавьдаг, жилийн эцэст хамгийн сайн үнэлгээтэй төгсдөг байсан... Энэ бүхний эцэст шударга бус явдал гэдэг энгийн зүйл юм байна гэдгийг би ойлгосон” гэж ярьсан нь шведүүдийг чухам эмзэглүүлжээ. “Нэг талаар түүний хэлсэн энэ үгс гарцаагүй үнэн учраас төр засаг бодит байдлыг хүлээн зөвшөөрч улс орныхоо ирээдүйд санаа зовох ёстой” гэж үзэх монголчууд байхад “Эх орноо муулж байгаад харьд үлдэх бүхэл бүтэн үе өндийж байна”, “Эцэг эх нь ийм үг яриа зааж өгч байна” гэхчлэн буруутган жийрхэж байх аж. Маргаан эцсийн дүндээ “Төр засаг юу бодож байна, юу хийх гэж байна?” гэсэн асуулт руу хөтөлж таарлаа.
 
Гадаадад төрж, тэндээ төрсөн хүүхдүүд 18 нас хүрээд хаанахын харьяат иргэн болох вэ гэсэн асуулт цагийн эрхээр тавигдах болж, давхар иргэншлийн хууль хэрэгтэйг төр, засгийн зүгээс ойр ойрхон хөндөх болсон ч тэр бүртэй хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгвэл Шведээс “албадан гаргах” шийд сонссон И.Жаргалсайхан шиг хүүхдүүд эх орныхоо талаар эвгүй үг дуугарсныхаа дараа эх орондоо ирлээ ч гадуурхагдаж магадгүй нөхцөлд орж байна. Ийм тохиолдол цаашид давтагдах, олшрохыг үгүйсгэх аргагүй учраас цаашид ер нь яах ёстойг үнэхээр ч төр, засаг бодох ёстой байх.
 
Сүүлийн хорь гаруй жил бидний замнасан нийгэм орлогын ялгаа, түүнээс үүдээд боловсрол, хөгжил, өрсөлдөх чадварын ялгааг бий болгосон үнэн. Энэ ялгаа монголчуудыхооронд нь хагалаж бутаргах “Берлиний ханаю” гээч шиг зүйлийг нүдэнд үзэгдэхгүйгээр барьж босгож байгаа. Хүүгийн хэлсэнд үнэний ор бийг “үзэн ядагсад” ч хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхий ертөнц даяаршихын хэрээр гадаадад амьдарлаа гэхэд орон зай, хил хязгаар, цагийн эөрүүг үл харгалзан эх нутаг, элгэн садан, энд үлдсэн ээж аавтайгаа холбогдох гэдэг төдийлөн бэрхшээлгүй зүйл болж хувирсаар байгаа ийм цаг үөд соёл, хөгжил, цалин орлого, тав тухад татагдсан монголчуудын нүүдэл цаашид үргэлжилж таарна.
 
Одоохондоо гадагш явж буй монголчуудын 10 орчим хувь нь суралцахаар, дийлэнх хэсэг нь ажлын байр, амьжиргаа, цалин орлого хайж эх орноосоо явж байна. Хаа очсон газраа хар бор ажил олж, хөл дээрээ зогсох, хойно үлдсэн ам бүлээ тэтгээд байх гэрэл гэгээ олж харвал хөөрхийс эх орныхоо нэрийг сайн, муугаар аль алинаар нь худалдаад суурьших, цагаачлах эрх авахын төлөө зүтгэдэг олон арван амьд жишээний нэг нь И.Жаргалсайханы гэр бүлд тохиолдсон явдал юм.
 
Үнэхээр ч аль өрсөлдөх чадвартай нь, эсвэл амьдрах арга, ажил хайсан нь гадагш татагдсаар байх нь тодорхой болсон ийм үөд Монголын төр засаг дотооддоо чухам ямар арга хэмжээ авч, алсдаа юу хийхээ бодох л ёстой байх. Эх орондоо үлдсэн “эх орончид”, гадагш зугтсан “урвагчид” гэсэн хана хэрэм босгочихоод хоорондоо хэмлэлдэж байгаа иргэдийн энэ дүр зураг  нэгийг бодуулж байгааг анзаараарай.
Өглөөний сонин
Б.Төрбат

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-18 11:07:52
    Хүүгийн ярианд үнэний хувь бий бий. Бурууг бид энэ хүү, түүний эцэг, эх, өөр хэн нэгнээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй.
  • evroopoos 2017-02-17 12:28:13
    eh ornooroo baharhaj elgen tumneeree eh tuuh es zanshlaaraa baharhah tsag irnee chamd Mongol bol sain ch muu ch chinii eh etseg oron
  • ннн 2017-02-17 07:38:00
    Хүүгийн хувьд үнэн байдлыг хэлсэн, Намайг арван жилийн сургуульд байхад тийм байсан, хүүхдүүдийг минь сургуульд байхад тийм л байсан. Ялангуяа сургууль төгсөхөд...
  • Zochin 2017-02-17 07:16:09
    Ene huu gadnii Sain surguulid deed bolovsrol ezemsheed eej aaviinhaa tuulsan tsagaachdiin amidraliin esreg uuriinhuuruu l temtsej Bna. Nuguu l Mongoliin emgenel...
  • concerned 2017-02-17 06:00:09
    Irgenshil avch uldekh gej aimar yum zohioj yaridag gesen. Mongolyn surgaltyn system tiim muu bish shu, sain sursan humuus ni oorsdiin chadlaar end tend zondoo
  • ҮНЭНИЙ ХУВЬ 2017-02-17 05:45:11
    манай боловсролын систем сайн гэж хэлэхэд хэцүү шүү дээ ... одоо харж байхад дээд сургууль төгсөөд ажилд орж дипломтой залуучууд маань эх хэлээрээ алдаагүй
    • ҮНЭНИЙ ХУВЬТАЙ 2017-02-17 05:45:49
      зөв биччихдэг хүн өдрийн од шиг цөөхөн дайралдаж бна шүү дээ
  • Zochin 2017-02-17 05:39:26
    Bolovsroliin systemiin gajuudliug bichxed ex ornoo muulax yamar xamaatain. Ooriin uzej tuulsnaa l yarisan bn shde. Ene bol ex orniig muulsan bish
  • ИРГЭН 2017-02-17 05:17:43
    эх орноо муулж байгаад гадаадад үлддэг нэгэн шинэ үе төрж байгаа нь энэ ээ.энэ бол урвагч биш гэж үү... Монгол гаралтай гадаадын иргэд генээ, хэлээ устгаж байн...
  • өвгөн 2017-02-17 03:55:01
    Батсуурь сайдтан үүнийг харах нүд үгүй дэгээ, яамны ажлын хүндийн төв бх, өсөж буй хүүхдийн хувь заяа, зүүний төлөөлөл гээд байгаа биз дээ, ажлаа үл мэдэх цээж
  • ЗОЧИН 2017-02-17 03:54:53
    МАНАЙД БАЙДАГ ҮНЭНИЙГ Л ХЭРСЭН БАЙНА, ЮУНДАА ГАЙХААД БАЙГАА ЮМ БЭ? ХОНХНЫ ДУУ ГЭДЭГ ДУУНД ИНГЭЖ Л ӨГҮҮЛДЭГ. МАНЙА БОЛОВРОЛЫН СИСТЕМ ХЭРХЭН ГАЖУУДСАНЫГ Л ХЭЛСЭН ...
  • иргэн 2017-02-17 02:37:50
    Муу хэлээд ч болтугай зорилгодоо хүрэхийг хүсч байгаа бүхэл бүтэн үе өндийж байна. Хүн чанар алга
  • зочин 2017-02-17 02:20:55
    Энэ хүү зөв л юм ярьж. Нутаг усаа муулсан ч монголын төр засаг бодож үзээсэй. Ард түмэндээ тустай юм шүү
  • ZOCHIN  2017-02-17 02:19:06
    ENE HUU UNENIIG L HELJ. UNEN YMIIG BURUUTGAAD YAH CH YM BILEEDEE.ERONHIILOGCH N HURTEL LUIVARCHIN.HETCUU BIZDEE.
  • зочин  2017-02-17 01:55:32
    энэ төр засаг мөн анхаар ч үзэх байхдаа чааваас
  • Irgen 2017-02-17 01:46:14
    Jargalsaikhan huu unen helsen bnaa.yamar ch bai eh orondo saihan shu de huu mini.chamai ttosood awnaa
  • Mongol er 2017-02-17 00:53:17
    Zaaval tend baih hereg yuu bainaa. Minii huu 8 nastai Japand ireed 24-tei ih surguulia togsood odoo Mongoldoo Japan-Mongoliig holbood l yavj baina
    • zocnin  2017-02-17 06:11:05
      herhewcn ex ornoo myylj bolohgyi .. tegeed cn gadniihan ex ornoo myyldag yldeh garts haij bdag hymyyst dyrgyi bdag yum . ih l byryy zam songoj dee..
      • БИ ахмад багш  2017-02-17 17:31:19
        энэ хүүгийн ярьж бгааг 2 талаас нь тунгаах хэрэгтэй.Өндөр хөгжилтэй улсад бгаа болохоор харьцуулж бна л даа Гэхдээ тэр өндөр хөгжилтэй улс, манай улс 2 түүх газ...