Ш.Даваадорж: Би 2022 оны олимпод өвлийн усанд сэлэлтийн төрлөөр оролцоно

Монголын өвлийн усанд сэлэлтийн тамирчин, спортын мастер Ш.Даваадоржтой ярилцлаа.

-Энэ сарын 25-нд Латви улс руу өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд оролцохоор явна гэсэн. Ямар тэмцээнд оролцох вэ?

-Бүгд найрамдах Латви улсын Юрмала хотод хоёрдугаар сарын 25-нд өвлийн усанд сэлэлтийн олон улсын “Open Latvia” тэмцээн болно. Түүнээс гадна өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбооны зургаа дахь удаагийн цуврал тэмцээн Стони улсын Таллинн хотод болох юм. Энэхүү тэмцээнээр өвлийн усанд сэлэл­тийн олон улсын холбооны 2016-2017 оны төлөвлгөөт тэмцээнүүд дуусч байгаа юм. Одоогийн байдлаар энэ хоёр тэм­цээнд оролцохоор төлөвлөсөн. “Open Latvia”-д оролцчихоод шууд Стони руу явна.

-Хэдэн метрт, ямар төрлөөр оролцох вэ?

-Би Латви улсын тэмцээнд гурван төрөлд оролцоно. 25 метрийн мэлхий сэлэлт, 50 метрийн далайн гахай сэлэлт, 50 метрийн өвөр сэлэлтийн төрөлд оролцоно. Харин Стонид 25 метрийн дэлпин, 25 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд орно. Энэхүү тэмцээнд оролцохын тулд нэг сарын өмнө мэдүүлгээ өгдөг. Би одоогийн байдлаар тэмцээнд оролцох мэдүүлгээ өгчихсөн виз хүлээж байна.

-Манай улсад өвлийн спортыг сонирхож хичээллэдэг хүмүүс хэр их байдаг юм бэ?

-Манай улсад зуны усанд сэлэлтээр хичээллэдэг олон хүмүүс бий. Харин өвлийн усанд сэлэлтээр би ганцаараа хичээллэж байна. Залуучууд сонирхож ирдэг ч эцсийн үр дүнг нь үзэж чаддаггүй. Өвлийн усанд сэлэлтийн спорт өөрөө хүнээс асар их тэсвэр, тэвчээр, хатуужлыг шаарддаг. Энгийнээр тайлбарлахад усан бассейны температур 28, крантны ус 12-16, харзны ус найман градус байдаг. Гэтэл жирийн хүн -2 градусын хэмтэй усанд таван минутаас илүү хугацаанд байж чадахгүй. Шууд үхнэ. Харин өвлийн усанд сэлэлтийн тэмцээн -2-/+2/ хэмд болдог. Экстрем төрлийн спорт л доо. Тэгэхээр маш их бэлтгэл, тэсвэр тэвчээр шаарддаг гэсэн үг. Манай улс өнөөдөр өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбооны 21 дэх гишүүн орон болж элсэн, гэрчилгээгээ авлаа. Би 2016 онд өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан юм. Жилийн дараа хариу өгч, гишүүнээрээ элсүүллээ. Энэ нь учиртай. Яагаад гэвэл холбооныхоо хурлаар энэ орныг гишүүнээр элсүүлэх үү гэдгийг шийддэг юм. Өвлийн усанд сэлэлтийн холбооны удирдах зөвлөлд таван хүн бий.  Ерөнхийлөгч нь Финлянд улсын иргэн байдаг. Харин дэд ерөнхийлөгч нь Латви болон Англи хүн бий. Түүнээс гадна Орос болон Герман улсын иргэд удирдах зөвлөлд багтдаг.
 


 

-Өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбооны гишүүн орон болсноор ямар боломж гарч ирэх вэ. Цаашид энэ спортыг хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ?

-Тийм. Олон боломж гарч ирнэ л дээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд Монголд зуны усанд сэлэлт ч хөгжихөд хэцүү байна. Өнөөдөр зуны усанд сэлэлтээр амжилт гаргасан хүн байна уу гэвэл байхгүй. Нэг жишээ хэлэхэд, өнгөрсөн жил манай улсын усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд 200 гаруй хүн оролцсон. Түүний тал хувь нь 9-14 хүртэлх насны хүүхдүүд байсан. Тэр хүүхдүүд амжилт гаргаж байна уу. Ус өөрөө их залуу спорт л доо. 14-16 насандаа амжилт гаргах бүрэн боломжтой. Хэрвээ өсвөр насандаа олимп, тив дэлхийн аварга болж чадвал цаашид хэдэн ч нас хүртлээ байнгын бэлтгэл сургуулилт хийж, амжилтаа хадгалаад явах боломжтой. Эндээс нэг асуулт гарч ирнэ. Яагаад тэр хүүхдүүд амжилт гаргахгүй байна вэ. Учир нь манай улсад усанд сэлэлтийн насанд хүрсэн тамирчдыг бэлтгэдэг дасгалжуулагч нар байхгүй. Тэр хүүхдүүд сонирхлоороо 15, 16 нас хүртлээ усанд сэлэлтээр хичээллэнэ. Түүнээс хойш спортоо хаяад, бэлтгэл хийхээ больдог. Бэлтгэл хийхээ больчихоор гэдэс нь унжаад ирдэг. Бодит байдал ийм байна. Тэгэхээр насанд хүрэгчдийг бэлддэг дасгалжуулагчдаа эхлээд сургах хэрэгтэй. Өвлийн усанд сэлэлтийн спортоор дэлхий нийтээр хичээллэж байна. БНХАУ-д дөрвөн сая хүн өвлийн усанд сэлэлтээр хичээллэдэг. Латви, Литви, Эстони улсын хүн амынх нь 40-60 хувь нь өвлийн усанд сэлэлтээр хичээллэж байна. Бүр багаасаа эхлээд л хичээллэдэг. Яах вэ, Скандинавын орны улсууд далайтай байдаг учраас хүн амынх нь дийлэнх хувь нь энэ спортыг сонирхдог. Тэгэхээр баруун Европ талдаа илүү их хөгжсөн гэж ойлгож болно. Гэхдээ Монгол Улс тэр их олон хүн хичээллэдэг орнуудтай зэрэгцээд амжилт гаргаад зогсохгүй, олон улсын холбоонд нь хүртэл элсэнэ гэдэг том амжилт. Дасгалжуулагчдаа сургаж байж зуны усанд сэлэлт цаашид хөгжинө. Магадгүй цаашлаад өвлийн усанд сэлэлтийн спорт хөгжиж болох байх. Энэ спортыг хөгжүүлье гэвэл хүн амыг эрүүлжүүлэх, эмх цэгцтэй зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хүмүүс бассейнд сэлэхэд эрүүл мэндэд сайн гэдэг. Тэгвэл өвлийн усанд сэлэлт ердийнхөөсөө илүү тухайн хүнээс тэсвэр, тэвчээр, хатуужил шаарддаг спортын төрөл. Гэхдээ хүйтэн усанд орж өлчир болох, ямар хоол хүнс хэрэглэвэл зохистой вэ гэдгийг дэлхий нийтэд түгээж өгдөг. Тийм л зарчимтай.

-Та дасгалжуулагч багштай юу?

-Байхгүй. Би өөрөө интер­нэтээс бүгдийг судалж мэдсэн. Бэлтгэлээ хэрхэн хийх, хоол хүнсээ хэрхэн тохируулах талаархи мэдээллийг авдаг. Мөн миний мэргэжил их тус болсон гэж боддог. Би 1988 онд ОХУ-д гэр ахуйн цахилгааны ангид суралцаж төгссөн. Монголд Биеийн тамирын дээд сургууль, хуулийн дээд сургуулийг тус тус төгссөн. Дараа нь Новосибирскийн олон улсын харилцааны сургуульд олон улсын аюулгүй байдлын чиглэлээр суралцсан. Гурван сургууль нь аюулгүй байдал, хууль эрхзүйтэй холбоотой. харин хоёр нь хоол, анатоми­той холбоотой мэргэжлээр суралцсан. Тиймээс би хэзээ, ямар хоол идэж, яаж алдсан энергээ нөхөх вэ гэдгээ мэддэг.

-Өвлийн усанд сэлэлтийн спортын талаар мэдээлэл өгөөч. Магадгүй энэ төрлийн спортыг сонирхож байгаа залуучууд байгаа байх?

-Өвлийн усанд сэлэлтийн тэмцээн гурван янзын усны температурт болдог. I ангилал нь хамгийн хүйтэн буюу -2-/+2/ градуст. II ангилал нь 3-5 градус, III ангилал нь 6-10 градуст болдог. Ер нь усны температур дээшлэх тусам тамирчны гаргах амжилт өндөр байдаг. Бага байх тусам бага байна. Өөрөөр хэлбэл, хүйтэн усанд оронгуут шууд хүний биеийн бүх хялгасан судаснууд агшилт өгч, сэлэхэд төвөгтэй болдог. Тэгээд ирэхээр усан дахь хөдөлгөөн нь хязгаарлагдаж, гаргах амжилт нь өөр байдаг. Тийм болохоор олон улсын ангилал нь зуны усан сэлэлтээ бодвол нэг, хоёр секундын хойно байдаг. Ер нь хүйтэн усан дотор булчин, шөрмөс татах энгийн асуудал. Гэхдээ тийм байхгүйн тулд тогтмол бэлтгэл, сургуулилт хийж байх хэрэгтэй. Хамгийн гол нь тамирчин эрүүл байх ёстой. Яах вэ, хүмүүс хараад их амархан юм шиг боддог. Харзны усанд орлоо гэж ярьдаг. Гэтэл дараа нь ханиад хүрчихлээ, өвчин тусчихлаа гэдэг. Энэ нь юунаас болж байна вэ гэвэл хүмүүс мэдлэггүйгээсээ болж байгаа юм.Бид наадмаар бууз, хуушуур идчихээд голын усанд ороод түгжрэл болдог. Энэ ч гэсэн мэдлэггүйтэй л холбоотой. Өвлийн усанд сэлэлтийн спортоор хичээллэхэд хоол хүртэл чухал. Өвлийн усанд сэлэлт 2022 оны өвлийн олимпод спортын нэг төрөл болж орохоор болсон. 2018 онд орох гэсэн арай амжсангүй. Гэхдээ 2022 онд өвлийн олимпийн нэг төрөл болж орох нь тодорхой болсон.

-Та 2022 оны өвлийн олимпод оролцох уу?

-Би орно. Яагаад гэвэл өвлийн усны хамгийн дээд насны ангилал 100-104 байдаг. Гэтэл би дөнгөж 48 настай, залуу байна. Усны насаар аваад үзвэл би идэр настай хүн. 48-50 нас гэдэг идэр насанд орно. Би усанд сэлэлтээр 34 жил, бодибилдингээр 28 жил хичээллэж байна. Би бэлтгэлээ таслаагүй, спортоо орхиогүй учраас одоогийн үр дүнд хүрч байгаа юм. Өмнө нь надтай хамт хичээллэдэг олон залуус байсан. Гэхдээ тэд бүгд спортоо хаяад гүзээтэй болцгоосон. Дэлхийд ч гэсэн адил. Жаахан нас ахиад ирэхээрээ усанд сэлэлтээрээ хичээллэхээ больчихоод байна. Өнгөрсөн сард Хятадад болсон тэмцээнд би далайн гахайн сэлэлтийн төрөлд 86 хүнтэй уралдсан. Дэлхийн 16 улсаас цугласан шилдэг 86 хүн байхад би түрүүлж чадаж байна. Энэ чинь бэлтгэлээ тасралтгүй хийсэнтэй л холбоотой. Зөвхөн энэ амжилтад хүрч, бүр илүү дээд цэгт нь тулгахын тулд би хийж байсан ажлаа орхисон. Би Баянгол дүүрэгт усанд сэлэлтийн багш хийдэг байсан. Одоо хүн авахаа болиод тамирчин нь гэж явдаг. Тэгэхгүй бол амжилт гарахгүй л дээ. Би ажлаа ч хийгээд, бэлтгэлээ ч хийгээд явж болно. Гэхдээ миний амжилт олон улсын чанартай тэмцээнээс хэтрэхгүй. Ажлаа орхиж тууштай хичээллэсэн учраас дэлхийн цомын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, амжилт гаргасан. Харин миний дараагийн зорилго 2022 оны өвлийн олимпод оролцох.  Цаг хугацаа нь ч сайхан таарч байгаа. 2022 оны олимп болтол таван жилийн хугацаа байна. Учир нь тамирчны цикль дөрвөн жилээр гардаг. Дөрвөн жил гээд бодвол энэ оны дахиад дөрвөн тэмцээн байгаа. Тэгэхээр дахиад надад олимпод орох дөрвөн жилийн цикль гарч байгаа юм. Циклийнхээ хувьд ч насны хувьд ч боломжтой. Юу байх вэ дээ, 2022 оны олимпод оролцохдоо дөнгөж 52, 53-тай л байна. Асуудал биш шүү дээ.

-Та бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Хөвсгөл нууранд бэлтгэл хийдэг гэж сонссон?

-Тийм. Би өнгөрсөн зургадугаар сард ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газрын хүсэлтээр Хөвсгөл нууранд үйл ажиллагаа явуулдаг завьчдад хүйтэн усанд сэлэх, хүний амь аврах талаар сургалт явуулсан. Тэгэхдээ Хөвсгөл нууранд бэлтгэл хийсэн. Хөвсгөл нуурын ус эхлээд 16 градус байж байгаад сүүлдээ дөрвөн градус хүртлээ буурсан. Би өдөртөө цаг гаруй бэлтгэл хийдэг байсан л даа. Мөн гэртээ үргэлж хүйтэн усанд биеэ дасгаж, бэлтгэл хийдэг. Эхлээд крантны усыг ваннинд тосч байгаад орж эхэлсэн. Үргэлж ороод байхаар хүний бие крантны усны температурт дасна биз дээ. Тэгээд ирэхээр нь дэлгүүрээс мөс худалдаж авч байгаад ванниныхаа тал хүртэл мөс хийгээд дээрээс нь крантны ус хийж байгаад ордог болсон. Энэ мэтчилэн өдөр бүр бэлтгэл хийдэг. Зөвхөн биеэ усанд дасгаснаар болчихно гэж ойлгож болохгүй. Хоол, ундаа хүртэл зохицуулж зөв хэрэглэх шаардлагатай байдаг. Жишээлбэл, би нэг удаагийн бэлтгэл дээр дунджаар 5-8 км сэллээ гэж бодоход барагцаа­гаар 6000 орчим калори шатаана. Тэр энергиэ нөхөхийн тулд уураг, амин дэм хэрэглэх хэрэгтэй. Уураг, амин дэмтэй тэжээллэг, бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй. Хоолоо сайн идэж, усны бэлтгэлээ сайн базаасан ч хүчний бэлтгэл дутуу бол өндөр амжилтад хүрэхгүй. Тэгэхээр бүгдийг нь тааруулж, тохируулах нь чухал. Тэгж бэлтгэл хийхгүй бол амжилт гарахгүй. Өрсөлдөгч нар маань надаас хурдан сэлдэг болчихно шүү дээ. Би муу байгаад тав, зургадугаар байранд орвол өөрийгөө л хуурсан хэрэг биз дээ. Би медаль авахын төлөө байх ёстой. Би сүүлийн жил хагасын дотор найман тэмцээнд оролцсон. Түүнээс тав нь гадаадын олон улсын чанартай тэмцээн байсан. Нийт 31 медаль авснаас 24 нь алтан медаль байдаг.

-Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?

-Би сүүлийн хоёр жил өвлийн усанд сэлэлтээр хичээллэлээ. Түүнээс өмнө усанд сэлэлт болон бодибилдэнгийн спор­тоор хичээллэдэг байлаа. Ер нь би хүүхэд байхын усан спортод дуртай байсан. Анх 13 настайдаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. 1986 оны УАШТ-д оролцохдоо насанд хүрэгчдийн ангиллын нэгдүгээр зэргийн болзол хангаж байлаа. ОХУ-д суралцаж байхдаа усанд сэлэлтээс нэлээд хөндийрсөн.Тэр үед усанд сэлэлтээр тэмцээн уралдаанд оролцохоо больж, бодибилдингээр хичээл­лэж эхэлсэн юм. Боди­бил­дин­гийн Монголын мистерт таван удаа оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Спортын мастер цолтой. 28 жилийн дараа буюу 2014 оноос хойш энэ спортоор дахин хичээллэсэн.

-Танд ойрын хугацаанд тө­лөвлөсөн ямар ажил байна вэ?

-Би өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбооны 2018-2019 оны календарчилсан төлөвлөгөөнд өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний нэг удаагийн цувралыг Монголд зохион байгуулах талаар ярьж, хэлэлцэж байна. Дэлхийн цомын аваргын зургаан цуврал байдаг. Түүний нэг цувралыг нь Хөвсгөл нуурт зохион байгуулахаар ярьж байна. Гэхдээ эхлээд “Open Mongolia” олон улсын тэмцээнийг Хөвсгөл нуурт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь эдийн засгийн хувьд ашигтай. Яагаад гэвэл дэлхийн өнцөг булан бүрээс өвлийн усанд сэлэлтийг сонирхдог хүмүүс болон тамирчид манай улсад ирнэ. Тэр хэрээр өвлийн аялал жуулчлал, түүнийг дагаад эдийн засаг өсөх боломжтой. Манай улсад зөвхөн зуны улиралд жуулчид ирдэг. Өвөл болохоор жуулчдын тоо эрс багасдаг. Бараг тасардаг гэж хэлж болохоор. Харин өвлийн усанд сэлэлтийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулбал өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна энэ төрлийн спортод залуучуудыг татах, тэсвэр тэвчээртэй, тууштай хичээллэх нэг хөшүүрэг болох юм болов уу гэж бодож байгаа. Хөвсгөлд мөсний баяр гэж болдог шүү дээ. Тэр баярынх нь өмнө нь юм уу, хойно нь Дэлхийн цомын аварга шалгаруулах нэг удаагийн цувралыг нь зохион байгуулъя гэж бодож байгаа. Олон улсаас ирж байгаа хүмүүст сонирхолтой тэмцээнээс өөр үзэж харах зүйлтэй байлгахын тулд мөсний баяртай ойролцоо хийвэл зүгээр юм болов уу гэж бодсон.

-Өнгөрсөн сард дэлхийн цомын зургаа дахь удаагийн тэмцээнд амжилттай орол­цож, эх орныхоо нэрийг гар­га­сан шүү дээ. Тэмцээ­ний­хээ талаар сонирхуулахгүй юу?

-БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод энэ оны нэгдүгээр сарын 14-17-нд болсон өвлийн усан сэлэлтийн дэлхийн цомын зургаа дахь удаагийн тэмцээнд оролцоод ирсэн. Энэ удаагийн тэмцээнд нийт 16 орны 1000 гаруй тамирчид оролцсон. Би нийт таван төрөлд оролцож хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Их Британи, ОХУ, Эстони, Франц, Латви, Итали, Финлянд, Польш, Австралийн 5-10 тамирчны бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багууд оролцсон. Мөн жилд нэг удаа бүх Хятадын өвлийн усан сэлэлтийн аварга шалгаруулах их наадмыг зохион байгуулдаг юм. Энэ жил нийт 52 улсын баг оролцлоо. Би Эстони, Финлянд, Латви улсын тамирчидтай холимог баг болон оролцож, хоёрдугаар байрт орсон.
 


 

-Таныг анх тэмцээнд оролцохоор очиход бусад орны хүмүүс хэрхэн хүлээж авч байв?

-Монголчуудын сэлэх гэж юу байдаг юм. Тийм улс байдаг юм уу л гэж байсан. Би монголчууд сэлж чадна, та нар хараарай. Би одоо харуулна гэж л хэлсэн. Тэгээд түрүүлсэн. Тэмцээнд түрүүлсний дараа монголчууд сэлж чаддаг юм байна. Монгол гэж ийм улс байдаг юм байна гэж хүмүүс их баяртай хүлээж авсан.

-Таны хамгийн сайн сэлдэг төрөл чинь юу вэ?

-Миний сайн чаддаг төрөл бол далайн гахай юм. Хятадад болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн миний хоёр дахь тэмцээн л дээ. Энэ сарын 11-12-нд Шведэд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний тав дахь удаагийн цуврал болсон. Би оролцоогүй. Нэгдүгээрт, БНХАУ-д болсон тэмцээн дээр гаргасан алдаа­нууд байгаа. Тэднийгээ засч, сайжруулах хэрэгтэй. Тэм­цээнд олон орох нь чухал биш. Амжилтаа ахиулж байх нь чухал. Тиймээс би яваагүй. Хоёрдугаарт, санхүүгийн асуу­дал хэцүү байдаг. Манай хол­боо­ны гишүүд хувь хүмүүс уч­раас тэр бүр санхүүжүүлж ча­­дахгүй. Би ч өөрөө байн байн тэмцээнд оръё гэхийг хүсэх­гүй байна. Яагаад гэвэл тэд чинь ч гэсэн гэр бүл, ар амьд­рал­тай шүү дээ. Хятадад болсон тэмцээний бүх зардлыг гэхэд манай холбооны гишүүд даасан.

-Холбооныхоо талаар ярих­гүй юу. Монголын өвлийн усанд сэлэлтийн хол­боо­ны зүгээс энэхүү спор­тыг хөгжүүлэх талаар төлөв­лөсөн зүйл байгаа байх?

-Манай Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Н.Идэр гэж хүн байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлд Ю.Содбилэг, В.Булган гэсэн хүмүүс багтдаг. Нэг тамирчинтай. Тэр нь би. Бидэнд төлөвлөсөн ажлууд бий. Тухайлбал, бид 2022 оны олимпод багаараа оролцохоор төлөвлөж байна. Өвлийн олимпод багаараа оролцох ёстой байдаг. Тийм болохоор гурван хүнийг авч, бэлтгэл сургуулилт хийх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр хүн оролцох ёстой шүү дээ. Энэ мэтчилэн ажлыг хийхээр эхний ээлжинд төлөвлөсөн. Бидний эхний зорилго 2022 оны өвлийн олимпод оролцох юм. Мөн өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбооныхоо төлөв­лө­гөөт тэмцээнүүдэд оролцоно.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.