Хамгаалах бүс хэрэглэснээр эрсдлээс 75 хүртэл хувиар хамгаалагдана
Өнгөрөгч нэгдүгээр сард улсын хэмжээнд Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 154 бүртгэгдэж, 38 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 32 хүний амь нас хохирчээ. Үүнээс замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл жолооч-7 буюу 22%, явган зорчигч-8 буюу 25%, тээврийн хэрэгслээр зорчигч-17 буюу 53%-ийг тус тус эзлэж байна.

Дээрх судалгаанаас үзэхэд суурингийн гаднах замд тээврийн хэрэгслээр зорчигч зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох асуудал дийлэнх хувийг эзлэж байгаа нь жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэж хэвшээгүй, хүн ба ачаа тээврэлэх журам зөрчдөг, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлж байгаатай холбоотой юм.

 Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” үүрэгтэй төдийгүй, “Тээврийн хэрэгслээр зорчигч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” үүрэгтэй гэсэн дүрэм бий. Мөн үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон тохиолдолд автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглодог. Өнөөдрийн байдлаар хамгаалах бүс хэрэглэх явдалыг жолооч нар зөвхөн цагдаагийн нүдийг хуурах төдий авч үзэж, цагдаа харагдсан тохиолдолд мөрөн дээгүүрээ сул тохох, эсвэл өөрөө бүсээ зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаардахгүй явах нь хэвийн үзэгдэл болжээ.

Автомашин урд хэсгээрээ мөргөлдөх үед хүмүүс их гэмтдэг болохыг эрдэмтэд тогтоогоод, хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50%, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75% хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэсэн судалгаа байдаг. Автомашин урдуураа мөргөлдөх тохиолдолд сууж яваа хүн энерцийн хүчний үйлчлэлээр автомашины мөргөлдөх үеийн хурдтайгаар урагш шилжиж, бүхээг доторх эд ангийг мөргөдөг. Автомашин мөргөлдөх үед сууж яваа хүмүүст ирэх ачааллыг өндрөөс унахтай харьцуулвал 30 км/цагийн хурдтай явахад 3.5 метр өндөрөөс унахтай адил байдаг. Тээврийн хэрэгслийн хурд ихсэх тусам хамгаалах бүсний ач холбогдол алдагддаг.

Хэдийгээр автомашин бүр өөр өөрийн онцлог хийц, загвартай байх боловч хамгаалах хэрэгслийн ерөнхий зарчим, ач холбогдол бүх улсад ижил юм. Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32% нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53%-нх нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ.

Замын цагдаа нар хамгаалах бүс хэрэглэхийг шаардаж байгаа нь жолооч таныг дарамтлан хүндрүүлж байгаа хэрэг огт биш, болзошгүй осолд өртөлгүй эсэн мэнд байгаасай гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

Эх сурвалж: ЗЦА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.