Д.Бямбасүрэн: Үндсэн хуулиа өөрчлөхдөө өнөөдрөө биш, дэлхийг харах хэрэгтэй

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг урилаа.
 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай шат шатанд ярьж, улс төрийн зарим нам төсөл боловсруулж хэлэлцүүлэх зэргээр их ажил болж байна. Үндсэн хуульд гар хүрэх, өөрчлөх тухайд та ямар бодолтой байгаа вэ?
 
-Үндсэн Хуулийн өөрчлөлтийн тухай сүүлийн үед нэлээд өргөн хүрээтэй ярих боллоо. Өнгөрсөн жил УИХ, Засгийн газар тодорхой төсөл хэлэлцээд олон түмний дэмжлэг авч чадалгүй буцаж байсан. Үндсэн хуулийг өөрчлөх санал гарч байгаа нь хоёр эх үүсвэртэй. Нэг нь Үндсэн хууль маань монгол түмний 1990 онд хийсэн сонголтын шинэ зам мөр, хүлээх хүлээлтийг гүйцэд баталгаажуулж чадсангүй. Улс орон маань хөгжил дэвшлийн замаар хэдийгээр мэдэгдэхүйц алхам хийсэн ч ард түмний амьдрал хүнд, өр зээлд баригдсан, улс орны маань тусгаар тогтнол эргэлзээтэй болох нөхцөл байдал гарч ирлээ. Ийм үзэл бодолтой хүмүүс Үндсэн хуулийнхаа асуудлыг Үндсэн хуулийнхаа хүрээнд шийдье гэсэн бодолтой байна. Нөгөө нэг хэсэг нь өнгөрсөн 20 хэдэн жил Монгол орны баялгийг хувийн эрх ашиг, бүлгийнхээ сонирхлын дагуу нэлээд гүнзгий барьж аваад түүндээ амтшаад улам эрх чөлөөгөө өргөжүүлэхийн төлөө Үндсэн хуулийг өөрчлөхийг хүсч байгаа нь нууц биш. Ийм хоёр сонирхол байна.

Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан нь дөрөв, таван асуудал байна

 
Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү, буруу юу гэдэг асуулт хэдийгээр өөрчлөе гэсэн ч дотроо бас зөрчилтэй байж болох талтай. Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан нь дөрөв, таван асуудал байна. Нэгдүгээрт нь, монголчууд 1990 онд нийгмийн байгууллын шинэ сонголт хийхдээ төрийн эрх мэдэл ард түмний гарт байгаад ард түмэн өөрөө төрөө хянаад хувь заяагаа бид өөрсдөө шийдье гэсэн ийм л сонголт хийсэн. Ардчилал гэдгийг бид тэгж л ойлгож байсан.
 
Гэтэл 25 жилийн дараа эргээд харахад төр маань ард түмний мэдэлд биш хөрөнгөтэй, мэдэлтэй хүмүүсийн гарт орж олигархи засаглал тогтоод тэр маань одоо улс төр, эдийн засгийн мафиоз бүлэглэлийн засаглал болох хандлагатай болсныг бодит амьдрал харуулж байна. Монгол баялгийн дээж болсон Оюутолгой, “Эрдэнэт”, Тавантолгойн асуудал баялгаа хуваарилах өмчлөлийн асуудлыг харахад цөөн хэдэн хүн хагартлаа баяжаад ард нь малчид, хөлсний ажилчид, ажилгүйчүүд үлдэх ийм л байдалтай болж байна. Үүнийг харахад нийгмийн байгуулал маань хүсч хүлээсэн үр дүндээ хүрч чадсангүй.
 
Хоёр дахь асуудал нь Монголын нийгэмд шударга ёс алдагдлаа. Хүмүүст хамгийн ойр ойлгогддог зүйл нь баялгийн хуваарилалт байдаг. Гадныхны тооцоогоор Монголын 300 өрх нь Монголын нийт баялгийн 10-аад хувийг эзэмшиж байна гэж гараад байгаа. Энэ нь эдийн засагт их муугаар нөлөөлж байна. Эдийн засаг чамгүй өсөөд орлого нэмэгдэж байгаа хэдий ч олон түмэндээ, иргэддээ хүрэх юм улам хомсдоод цөөхөн хүн баяжих нөхцлөө бүрдүүлээд тэрийгээ оффшор данс гэдэг рүү урсгачихаад байдагюм уу. Ийм л байдалтай болоод байна.
 
Нөгөө талаас Монголын өөрийн баяжих шуналын хажуугаар Монголыг мөлжих, шинэ колончлолын бодлого гаднаас хүчтэй орж ирж байна. Үүний нөлөөгөөр бид гадны хөрөнгө, мөнгийг шүтэх үзэлтэй болж эд баялгийнхаа дээжийг өгчихөөд хоосон хоцорч байна.
 
-Та жишээ эсвэл, тоо баримт хэлж өгнө үү?
 
-Тухайлбал, манай улс удахгүй 580 сая ам.долларын өр төлнө гээд байгаа. Гэтэл “Оюутолгой” гэдэг компани өнгөрсөн жил олон тэрбумын ашиг олсон ч ихэнхийг нь гадагшаа зөөгөөд аваад явчихсан. Монголчууд их хэмжээний зэс үйлдвэрлэсэн тоотой л үлдсэн. Ард түмнээ эдийн засаг өсч байна, гадаад худалдааны тэнцэл сайжирч байна гэж мунхруулдаг болохоос тэр мөнгө чинь Монголд орж ирэхгүй байгаа шүү дээ. Түүний араас Тавантолгой нь явах жишээтэй. Ийм байдлаар Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдлаа.

Бид гадныхныг харалгүй улс төрийн бодлогоо явуулж чадахгүй боллоо. Энэ бол монголчуудын үеийн үед, хэдэн зууныг дамжиж тэмцэж олсон ололтыг бид эргээд алдаж байна гэсэн үг

 
Өр зээлд баригдаад хүний хараан дор, бусдын хяналтан доор амьдрах ийм л байдалд орно. Энэ нь улс төрийн тусгаар тогтнолд нөлөөлж байна. Бид гадныхныг харалгүй улс төрийн бодлогоо явуулж чадахгүй боллоо. Нийгмийн хүрээнд ч, олон улсын харилцааны хүрээнд ч бодлогоо явуулж чадахгүй байна. Хараат байдалд орох ийм л зам руу орчихлоо. Энэ бол монголчуудын үеийн үед, хэдэн зууныг дамжиж тэмцэж олсон ололтыг бид эргээд алдаж байна гэсэн үг.
 
Бас нэг асуудал нь манайд хууль жигд үйлчлэхээ болилоо. Дээдэст хууль үйлчилдэггүй. Хэчнээн их идсэн, үрэн таран хийсэн, АТГ-аар зарлуулсан ч эргээд Улсын Их хурадд орж ирээд сууж л байдаг. Эргээд сайд болно гээд зүтгээд явж байдаг. Ийм байдал түгээмэл боллоо. Хууль жигд үйлчлэхгүй байвал төр, түмэн хоёрын хооронд завсардалт үүсдэг. Ийм алгасал үүсээд ирвэл тухайн нийгэм өөрөө сулраад мөхлийн зам руугаа ордог. Энэ маш аюултай. Үндсэн хуулийн хүрээнд бидний ярих зүйл тодорхой хязгаартай байх ёстой. Эдийн засаг, амьдралд тохиож буй бүх бэрхшээлийг Үндсэн хуульд тохож болохгүй. Үндсэн хуулиас урган гарч буй тэр бэрхшээлүүдийг тоймлож яривал миний хувьд ийм л зүйлийг хэлнэ.
 
-Үндсэн хуулийг өөрчилснөөр, зөв Үндсэн хуулийг баталснаар одоо тулгараад байгаа асуудлуудаас гарах боломж байгаа болов уу?
 
-Монголын эртний гүн ухаанд “Зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж бий. Үндсэн хууль маань анх батлах үеийн тэр оргилуун хүслийг хангаж чадаагүй шалтгаан гэвэл Үндсэн хуулийн үзэл санаа, Үндсэн хуулиар тогтоосон төрийн бүтэц хоёр хоорондоо зөрөөд байна. Нэгдүгээрт, төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан. Үндсэн хуульдаа тэгж зарчмаа тогтоосон хэрнээ бүтцээ хийхдээ 76 хүнтэй УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн. Гэтэл тэр 76 хүнийг намууд шалгаруулж гаргадаг. Намаар дамжаад олигархиуд төрд шургалж ордог. Тэгээд шуналаа хэрэгжүүлдэг механизм тогтвортой болчихлоо.
 
2005, 2006 оноос олигархи засаглалын тухай тодорхой ярьж байсан бол одоо удам дамжсан олигархиуд буюу сэтэртэй хүүхдүүдийн засаглал тогтох зам руугаа орж байна. Аав нь хүүдээ суудал бэлдэж өгөх, мөнгийг нь хангах зэргээр даамжраад явж байна шүү дээ. Үндсэн хуулийн гол санаа төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг нь төрийн эрх мэдэл олигархиудын гарт орох хаалгыг нээсэн тогтолцоо хоёр зөрчилдөөд байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Бид хэн бэ? Бид ямар замаар яаж амьдрах ёстой вэ гэдгийг нийгмийн, улс үндэстний үзэл гэдэг. Бидэнд шинэ зам дээр гарсан үеэс эхлээд барууны номлолыг дагаж либерализмын үзлээр амьдарлаа. Эдийн засгийн алуурчид гэж ярьдаг, улс төрийн алуурчид гэж байдаг л байх. Хэн баян байна, түүнд эрх мэдэл байна. Түүнд эрх мэдэл байгаа бол тэр хуульд захирагдахгүй гэсэн зам руу орчихлоо. Энэ бол хоёр дахь шалтгаан. Үндсэн хуульдаа хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлооно гэсэн атлаа одоо харгис хэрцгий капиталист нийгмийг цогцлоох зам руу орчихоод байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Гурав дахь шалтгаан нь манай Үндсэн хуульд цоорхой бий.
 
-Тухайлбал?
 
-Төр гэдэг маань улс үндэстнийхээ эдийн засаг, санхүүгийн баялгийг гартаа барьж л засаглалаа явуулна. Гэтэл Үндсэн хуульд энэ талын ямар ч заалт байдаггүй. Иймд хэн төрд шургалж чадна тэр хүн төсвийн мөнгийг иднэ, үрэн таран хийнэ, дураараа өөрчилнө. Социализмын үед үндэсний орлогынхоо 36 хувийг төсвөөр дамжуулж хуваарилдаг байсан. Одоо 40 хувийг төсвөөр дамжуулж хуваарилаад төсөв маань орлогоосоо 40-50 хувь давсан алдагдалтай явж байна. Энэ чинь Монгол Улсаа гуйлгачин болгох үүсвэрийг тавьж өгч байгаа юм.
 
Соёлтой улс гүрнүүд санхүүгийн засаглалын тухай асуудлыг Үндсэн хуульдаа суулгаж өгсөн байдаг. Манайд тэдэн шиг гол хуульдаа суулгаж өгөөгүй болохоор УИХ, Засгийн газар нь дураараа аашилж байна. Дөрөв дэх асуудал нь яагаад ийм байдал руу оров гэхээр төрийн хяналтын тухай асуудал орхигджээ. Төр хяналттай, өөрөө өөрийгөө хянадаг, ард түмэн хянадаг тогтолцоо байж л төр хариуцлагатай байж чадна. Гэтэл ийм хариуцлагын тогтолцоо байхгүй болохоор манайхан төрийн хяналтын хороо гэж байгуулж байснаа Аудитын газар болгочихлоо.
 
-Гэхдээ зөрүүлээд АТГ гэж байгуулсан шүү дээ?

 
-АТГ-ыг байгуулсан ч одоо тэнд хэн байгааг онож хэлэхэд хэцүү болоод байна. Баахан сүр дуулиан болдог, тэгээд дөрвөн жилд ганц хоёр хүний асуудал шийддэг юм уу, үгүй юу бүү мэд. Гол нь улс төрнйн хүчний, албан тушаалтны эсвэл компаниудын захиалгаар ажиллаад байна уу гэсэн хардлага төрөөд байна. Энэ хяналтын тогголцоог бий болгохгүй бол болохгүй нь ээ. Дорнын нийгэм өөрөө уг язгуураараа өрнийн нийгмээс өөр. Энэ бол эгоист нийгэм биш. Дорнын нийгэм бол дотоод харилцааг зохицуулахад төрийн хяналтын алба нь өөрөө хуулиа даган биелүүлж байна уу, төрийн албан хаагчид нь хуулиа биелүүлж байна уу гэдэг хяналтгүйгээр байж болохгүй.
 
-Яаж, ямар арга замаар өөрчлөх вэ?
 
-Дэлхий ертөнцийг харъя л даа. Сүүлийн 25 жилд дэлхийн түүхэнд урьд хожид тохиолдоогүй сонин үзэгдлүүд гарлаа. Эхлээд социалист систем нураад уначихлаа. Бид социалист байгуулалтын үнс нурман дээр хаягдчихаад зовлон туулж дэнжигнэсээр нэг юм босоод ирлээ. Зөвлөлт гүрэн задрахыг үзлээ. Даяаршил, ардчиллын тогтолцоо гэж баахан ярилаа. Одоо тэр даяаршил нь өчигдрийн үйл явдал, өнгөрсөн бороо болж хувираад одоо либерализмын шаварт шигдчихлээ. Дэлхийн хүн гэж өөрсдийгөө зарладаг, хөрөнгө, ажиллах хүч мөнгөний чөлөөт урсгалд амьдарна гэсэн тэр үзэлдээ шүтэгдэж явсан мөрөөдөлтэй хүмүүс хог дээр үлдэж байна шүү дээ. Европ тив бүхэлдээ доргиод, Европын соёл иргэншил өөрөө эргэлзээтэй байдалд орлоо. Европын зөвлөл задарч байна. Хүн төрөлхтний сүүлийн хэдэн зуун жилийг тодорхойлж ирсэн үзэл нь амьдрах чадваргүй боллоо. Социализм, фашизм, нацизмын үзэл бүгд л Европоос гарсан үзэл номлолууд. Эд задраад унаж байхыг харж байна.
 
Нөгөө талд лалын ертөнц, Арабын ертөнц тэр чигээрээ доргиж хэдэн арван саяараа дүрвэж дайны хөлд чирэгдэн сүйрч байна. Энэ бүхний цаад талд нэг л зураг харагдаад байгаа юм. Хүн төрөлхтөн дэлхий II дайны дараа тогтсон хүчний хуваарилалт, геополитикийн орчинд 70 жил амьдарч ирсэн. Одоо дэлхий дээр хүчний шинэ хуваарилалт бий болж эхэлж оайна. Үүний дотор онцгой харагдаж байгаа зүйл нь улс орон бүхэн өөрийнхөө язгуур чанарт тохирсон тэр зохион байгуулалт, соёлоороо амъдрах гэхдээ хоорондоо эвтэй найртай хамтран амьдраач ээ гэдэг зарчим харагдаж байна.

-Ийм нөхцөлд Монгол яах ёстой вэ?
 
-Наадахыг чинь л харин бодох хэрэгтэй болоод байна. Одоо бид Үндсэн хуулиа ярихаар сонгодог парламентизм руу орох нь зөв гэж байна.  Ерөнхийлөгчийн засаглалруу орох нь зөв гэж ярьж байна. Энэ хоёр талын туйл. Гэхдээ сонгодог парламент мухардалд орлоо. Европын амьдралаас тод харагдлаа. Улс нийгмээ авч явах хүчтэй засаглал хэрэгтэй гэдгийг бид харлаа.

Хамгийн түрүүнд төрийн эрх мэдлийг ард түмэндээ өгье. Одоо 76 компанийн эзэд юм уу, эсвэл 76-ийн тал нь гарч ирээд төрийн мөнгө төгрөгөөр тоглодог, намууд нь худалдаж авдаг ийм замаасаа гаръя

 
Нөгөө талд Ерөнхийлөгчийн засаглал гэдэг Америкт л байгаа. Тэрүүгээр хүнийг айлгах хэрэггүй. Төр нэг толгойтой байж улс гүрэн оршино гэдгийг монголчууд Чингис хааны үеэс мэддэг. Үүнээс үндэслэн бид яах вэ. Миний бодлоор бид хамгийн түрүүнд төрийн эрх мэдлийг ард түмэндээ өгье. Одоо 76 компанийн эзэд юм уу, эсвэл 76-ийн тал нь гарч ирээд төрийн мөнгө төгрөгөөр тоглодог, намууд нь худалдаж авдаг ийм замаасаа гаръя. Энэ Монголын түүхэнд байгаагүй асуудал биш байсан асуудал. 1990 оны маш хүнд үед дэлхийн социалист систем нурж ЗХУ задарч байх тэр үед монголчууд Ардын Их хуралтай, хууль тогтоох хуралдайтай ийм төрийн байгууллыг сонгож аваад хоёр жил амьдарсан шүү дээ. Үүний ачаар бид нийгмийг зөрчилд, хурц хямралд оруулчихалгүй авч гарч чадсан гэж би боддог.
 
Төрийн эрх мэдэл ард түмнийхээ гарт байгаад бүх аймаг, сум, дүүргийн төлөөллөөс бүрдсэнАрдын Их Хурал тэр төрийн дээд эрхийг бариг. Тэр Ардын Их Хурлыг ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч нь хуралдуулаад. Ерөнхий сайдаа томилоод хариуцлагыг нь дүгнэж байг. Хууль тогтоох хурлаа намуудынхаа пропорциональ санал гэдгээр нь байгуулаад тэрүүгээрээ хариуцлагыг нь дүгнэж байг. Шүүхээ байгуулж байг. Энэ мэтчилэн явбал тэд худалдагдахгүй, Монголынхоо эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулна шүү дээ.
 
Нэгдүгээрт, бид ийм төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зорино гэсэн учраас үнэхээр хүний төлөө нийгэм бол Монголын амьдралын үндэс нь баячуудын хөрөнгө биш, олон түмний өмч, хувийн өмч байх ёстой. “Оюутолгой” дээр нэг баян давхиж ирээд 1500 ажилтан халж хаяад өөдөөсөө юу ч хэлүүлэхгүй хуйсганаад байдаг. Ийм замаар биш, 1991 онд батлагдсан өмч хувьчлалын хуулиар аж ахуй нэгжийн хувьцааг худалдаж авахад хамт олон давуу эрхтэй гэж орсон. Үүнийг 1992 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар, Улсын Их хурал хүчингүй болгосон. Үүнээс үүдэн төрийн өмчийг үнэгүйдүүлж алдагдуулж хямдхан авах арга зам нээгдсэн. Миний бодоход одоо нийтийн өмчийн зарчмаа хэрэгжүүлж эхлэх хэрэггэй.
 
-Тэр тогтолцоог яаж бий болгох вэ?
 
-Жишээ нь, аж ахуй нэгж хувьцаа гаргах бол хамт олон хамгийн түрүүнд худалдаж авах эрхээ хэрэгжүүлсний дараа үлдсэн хувьцаагаа зах дээр гаргаж худалддаг байх хэрэгтэй. Тэгэх юм бол хамт олон чинь ажилтан мөн эзэн байж болно. Иймд би үүнийг сайн ажиллуулах ёстой гэсэн ухамсраараа зүтгэнэ. Нөгөө нэг асуудал нь Үндсэн хуулиа өөрчлөхдөө хариуцлагын асуудлуудыг харах хэрэгтэй. Одоо эрх мэдэлтэй хүмүүс ямар ч буруу зүйл хийсэн хууль үйлчилдэггүй, дархлаатай. АТГ гэдэг үнэн шударгын дээд шүүх байгууллага маань Улсын Их Хурлын гишүүдийг сонгуулиар чөлөөлөгдөхийг нь хараад, дахиад сонгогдчихвол амаа бариад хүүхдийн үлгэр шиг “Чамайг даа” гээд хүлээгээд сууж байгаа. Энэ байдлыг бид өөрчлөх хэрэгтэй. Энэ дархлаануудыг авах хэрэгтэй.
 
Өөр нэг жишээ хэлэхэд, манай Их хурлынхан чинь үйлдэл дээрээ баригдаагүй бол саатуулж болохгүй, нэр төрд нь халдаж болохгүй гээд байгаа. Гэхдээ үйлдэл дээрээ баригддаг авлигач байвал тэр мөн тэнэг хүн ээ. Үндсэндээ энэ нь авлигачдыг хамгаалчихаж байгаа юм. Энэ мэтийн зүйлийг бүгдийг цэвэрлэх хэрэгтэй.
 
Мөн санхүүгийн засаглалын асуудлыг Үндсэн хуульдаа оруулахгүй бол ерөөс болохгүй нь. Засгийн газар төсвийн төсөл хийгээд ирэхэд Их Хурлын гишүүд дураараа өөрчилдөг. Эсвэл долоо хоногийн дараа цоо шинэ төсөл хийгээд баталчихдаг. Үүнийг болих хэрэгтэй. Францын Үндсэн хуульд их сонин заалт бий. Парламентын гишүүн хүн төсвийн зардлыг нэмэх, улсад хохирол учруулах эрхгүй. Парламент нь Засгийн газрынхаа зөвшөөрөөгүй төсвийг батлах эрхгүй. Иймэрхүү хатуу сахилга баттай байх юм бол бид асуудлаа цэгцлэх боломж нээгдэнэ.
 
Үүнээс гадна хуульдаа төрийн хяналт, түшмэдийн тогтолцоог бий болгох асуудлыг Үндсэн хуулийн институцийн хүрээнд авч үзэж шийдэхгүй бол бид Дорнын төр, Чингис хааны төр гэж таван хуруугаар барьдаг гартай байтал одоо тахианы сарвуу шиг гурван хуруугаар төрийг бариад байгаа юм. Тэр хоёр хуруу буюу төрийн хяналт, түшмэдийн тогтолцоо байхгүй болохоор төр маань ингэж доголдоод байгаа юм. Социализмын үеийн бүх юмыг муу муухай гэж хаяад байж болохгүй. Социализын үед тэр хоёр тогтолцоо чинь төрийн маш нарийн нандин тогтолцоо байсан юм. Үүнийг бид эргэж харах хэрэгтэй болох юм.
 
-Үндсэн хуулиа өөрчилж ийм бүтэлгүй нөхдүүдээс салъя гэхээр одоогийн төрд байгаа хүмүүс тийм амархан баталж өгөх үү?
 
-Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү, буруу юу гэж тодорхойгүй асуудал ярьж байгаад өөрчилнө гэдэг санал авангуутаа бид өөрчилнө гээд дор нь ашигтайгаар өөрчлөх санал байж болох. Үүний нэг жишээ нь Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг хязгаарлаад, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмье гэж яриад байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг гадны баячуудын гал тогооноос томилдогийг бид харлаа. Одоо энэ хүндээ бүх эрх мэдлээ өгч яах гээд байгаа юм бэ. Өнгөрсөн жил Үндсэн хуулийг өөрчлөхөөр бэлтгэсэн төсөл бол төрийн эргэлт хийхээр төсөл байлаа. Бүх ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог байсныг болиулж 76 хүн сонгодог болбол наад хүн чинь ахиад л нөгөө хуучин аргаараа Оюутолгойн гэрээг уншилгүйгээр баталдаг шигээ Ерөнхийлөгчөө мөн захиалгаар батална. Ийм байдалд орж болохгүй. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг бүх ард түмнээрээ тохитой хэлэлцүүлэн тайлбарлаж сум, аймаг бүрээр дүгнэлтээ гаргаж байж, тэрнийхээ учрыг ойлгож байж бүх нийтийн санал асуулгаар л өөрчлөх нь зөв. Түүнээс биш 76 хүнтэй парламентаар өөрчилж болохгүй.
 
Ер нь 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлт төрийн эргэлт байсан юм шүү дээ. Ардын Их хуралтай болсон. Тэр нь төрийнхөө дээд эрхийг барьдаг, мөн хуулъ топоох хуралтай байсан. Ардын Их хурал Үндсэн хуулиа өөрчлөхдөө өөрсдийгөө байхгүй болгоод 76 хүнийг төрийн толгой дээр тавьчихаад баяртай гэгч нь яваад одоо хүртэл тэрнийхээ шагнал урамшууллыг зарим нь амсаад сууж байх шиг байдаг юм.
 
-Нээрээ 2011 онд билүү дээ АИХ-ын гишүүн бүхэнд 70 сая төгрөг өгдөг чинь?
 
-Тэр чинь тэгээд төрөө нураасны төлөөх шагнал болж байгаа юм шүү дээ. Ийм байдлаар бид дахин хандаж болохгүй. Энэ 76 хүн хэзээ ч төрийн эрх мэдлийг ард түмэнд өгье гэхгүй. Бид өөрсдөө барих ёстой гэж зүтгээд ийм л Үндсэн хууль батална. Үүний эсрэг Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн дуугарах хэрэгтэй, хаа хаанаа болгоомжлох хэрэгтэй. Бүх ард түмний биш 76 хүний хүсэл зоригоор Үндсэн хуулийг өөрчлөхийн эсрэг тэмцэх хэрэгтэй.      
 
-Та бид Цагаан сарын босгонд дээр ярилцлаа. Монголчууддаа хандаж та юу хэлэх бол, бид дамжуулъя?
 
-Тахиа шувуу хэдий омогтой ч өндөглөдөг нь сайхан. Тахиа жил монгол түмэнд өлзийтэй байх биз ээ. Энэ жилийн өвөл нэлээд хахир хатуу өнгөрч байна. Малчид малаа онд мэнд оруулж монгол түмэн тарган цатгалан амьдрах гол нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ ондоо Ерөнхийлөгчөө сонгоно, бас Үндсэн хуулиа тойрсон том яриа өрнүүлэх биз ээ.

Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв зүйтэй санал байна 2017-03-02 21:05:23
    Дэмжинэ ээ
    122.201.24.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-02-22 07:29:51
    Үндсэн хуулиндаа засгийн газрын эрх мэдлийг өргөтгөх ёрөнхийлөгчийг параламентаасаа сонгох гм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • zoshin  2017-02-22 06:08:27
    100 dahin demgig baina .Bayar hurgee
    43.228.130.71
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2017-02-22 03:41:10
    Бямбасүрэн гуайд хийх албан тушаал, цаг, боломж, нөөц нь байсан. Гэсэн ч хийгээгүй, дараа нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх нь хэр зохимжтой бол
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
    • ! 2017-02-22 08:21:30
      1990-1992 онд АИХ, УБХ гэж байсан, Ерөнхий сайд дураар дургих ямар ч боломж байгаагүй! Тэр үед сайд нар нь бензингүй гээд заримдаа автобусаар явж байсан юм!!!
      122.201.24.236
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-22 02:34:17
    Буурал Мянгуужин илүүц, та цагтаа дандаа худлаа ярьсаар байгаад ийм нэр авсан биз дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах