“Албан бус тэргүүн хатагтай” Иванка Трампын тухай 12 БАРИМТ

Үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ингэснээр Словен гаралтай Меланья Трамп албан ёсны тэргүүн хатагтай болсон билээ. Гэсэн хэдий ч Трампын бага хүү Баррон Трампын сургуулийн амралт хүртэл шинэхэн тэргүүн хатагтай Цагаан ордонд бус Нью Йорк дахь тансаг ордондоо амьдрах бол энэ хугацаанд Иванка Трамп тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байгаа. Түүний хувьд хэд хэдэн томоохон уулзалтад эцгийнхээ хамт оролцсон юм. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог АНУ-д айлчлахад албан ёсны уулзалтад Иванка түүнтэй хамт зэрэгцэн сууж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцсан гэдэг.
 


 

Угтаа бол түүний нөхөр нь Цагаан ордон дахь Трампын орон тооны бус зөвлөх болохоос бус Иванка аль нэг албан тушаалд томилогдоогүй байгаа юм. Гэсэн ч, том уулзалтад оролцож буй нь эдүгээ “Албан бус тэргүүн хатагтай” гэх тодотголыг олгоод байна. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэе. 
 

Иванкаг 10 настай байхад эцэг, эх нь салжээ 

 

1977 оны дөрөвдүгээр сарын 7-нд Доналд Трамп Ивана Зельничковатай гэрлэж, тансаг хуримын ёслол хийж байжээ. Ивана чех гаралтай бөгөөд тэдний дундаас гурван хүүхэд мэндэлсний хоёр дахь нь Иванка Трамп. Бүсгүй 1981 онд Нью Йоркт төржээ. Тэр үеийнхээ хамгийн баян, нөлөө бүхий гэр бүлд төрсөн учраас Иванка бусад хүүхдийн адил хүссэнээрээ амьдарч чаддаггүй байж. Зун бүр Чех рүү эмээ дээрээ очихоор явдаг байсан бөгөөд хүүхэд байхдаа Манхаттаны Чапин сургуульд суралцдаг байжээ. Гэхдээ эцэг эх нь салах хүртэл. Түүнийг 10 настай байхад эцэг эх нь салж, амьдрал нь ч өөрчлөгдөж эхэлжээ. 
 


 

Доромжлол 

 

Түүний эцэг Д.Трамп Марла Маплес гэх жүжигчин бүсгүйтэй дотносч эхэлсний дараа бараг бүх л хэвлэл тэдний хувийн амьдралыг сонирхож эхэлжээ. Үүний улмаас Иванкаг ч гэсэн папарацчид байнга дагаж, олонд танигдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй бололтой. 10 настай байхад нь хүртэл зурагчид сургуулийнх нь гадаа отож байдаг байжээ. Тэгээд түүнээс “Марла эцэгтэй чинь янаг амрагийн холбоотой гэдэг нь үнэн үү” гэх хачин жигтэй асуултыг тавьж, зовоодог байсан гэх.

Харин 15 нас хүрэхдээ Иванка урагш алхаж эхэлсэн. АНУ-ын өсвөрийн мисс шалгаруулах тэмцээнд тэрбээр оролцжээ. Гэхдээ мэдээж, тус тэмцээний ерөнхий продюсер нь түүний эцэг Трамп байв. Үүний дараа сургуулиасаа шилжиж, “Choate Rosemary Hall” гэх дотуур байртай сургуульд суралцах болжээ. Иванка нэг удаа дотуур байртай сургуулиа шорон шиг байсан гэж тодорхойлсон удаатай. 
 

Алдар нэр 

 

15 настайдаа Иванка “Seventeen” гэх сэтгүүлд гарав. Tommy Hilfiger, Sassoon Jeans брэндийн нүүр царай болж, төд удалгүй “Versace” “Thierry Mugler” брэндийн загварын тайзнаа гарчээ. Ийнхүү загварын ертөнцөд ид мандах үедээ л “Forbes”, “Golf Magazine”, “Avenue”, “Elle”, “Harper’s Bazaar” гэх мэт алдартай сэтгүүлийн нүүрийг чимж явсан байна. Гэхдээ түүний эцэг эх загвар өмсөгч болохыг нь төдийлөн дэмждэггүй байжээ. 


Бизнест хүрсэн замнал 

 

Магадгүй Иванкад ч загвар өмсөгч болох хангалттай санагдаагүй байх. Тухайн үеийн загвар өмсөгчид ч түүнд төдийлөн таалагдаагүй гэдэг. Ингээд ахлах сургуулиа төгссөнийхөө дараа бүсгүй Вартон бизнесийн сургуульд элсэн суралцаж, “Онц” дүнтэй дүүргэжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа аавын компанид бус, өөр үл хөдлөх хөрөнгийн компанид дадлагажжээ. Салбартаа өөрийн хүчээр нэр алдар олж авахыг хүссэн учраас тэр өөрийгөө Трамп гэх нэрнээс тусгаарлаж байсан байж ч болох. 
 

Трамп байгууллагын дэд Ерөнхийлөгч Иванка 

 

Гэхдээ хүссэн хүсээгүй Иванка гэр бүлийнхээ бизнест орж эхэлсэн. 2006 онд бүсгүй Трамп байгууллагын дэд Ерөнхийлөгч болсон билээ. Трамп зочид буудлыг олон улсад өргөтгөх, брэнд болгох, зочид буудлын доод дизайн, олон улсын үл хөдлөх хөрөнгийн брокерт хяналт тавих гэх мэт үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ өөрийнх нь хэд хэдэн бизнес бий. Хувцас, гутал, гоёл чимэглэл, гар цүнх, хүүхдийн гутал, нүдний шил гэх мэтээр загварын брэндтэй.

Мөн тэрбээр өөрийн вебсайттай бөгөөд аж ахуй нэгж байгуулах сонирхолтой бүсгүйчүүд хийгээд загвар болон бусад чиглэлийг сонирхож буй эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан нийтлэлүүдийг хүргэдэг аж. Түүний мөрөөдөл нь Лондонд өөрийн гэсэн нэг зочид буудалтай болох. 



Тэр эцгийнхээ үнэнч шүтэн бишрэгч байв 

 

Иванка үргэлж л гэр бүлээ болоод эцгээ дэмжиж иржээ. 2003 онд “Born Rich” гэх баримтат кинонд оролцож, хүүхэд насны унтлагийн өрөөнийхөө зургийг харуулж байв. Тэрхүү баримтат кинонд бүсгүй “Гэр бүл, эцэг эхийнхээ талаар миний сонссон, уншсан зүйлс ямар ч хамаагүй. Би зүгээр л Трампын гэр бүлийн нэг эс гэдгээрээ бахархдаг” гэж ярьж байжээ. Ямартай ч, энэ ярилцлагаас хойш хэдхэн жилийн дараа Иванка мөрөөдлийн залуутайгаа учирсан. 


Жаред Кушнер 

 

Түүний нөхөр Жаред Кушнер Иванкагийн зүрхэнд аавынх нь дараа бичигдэнэ. Харвардын их сургуулийг төгссөн төдийгүй үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавиад чамгүй амжилттай яваа залуухан бизнесмэн Жаред ч Нью Жерсигийн бас л нэгэн нөлөө бүхий бизнесмэн Чарлес Кушнерын хүү. Иванкагийн л нэгэн адил багаасаа бизнест суралцжээ. Харин өнөөдөр тэрбээр “New York Observer” компанийн эзэн төдийгүй хадам эцгийнхээ Цагаан ордон дахь зөвлөх. 



Анхны болзоо

 

2007 онд Иванка, Жаред нарын танилцсан түүх тун ч сонин. Үл хөдлөх хөрөнгийн хоёр компанийн хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцах бизнес үдийн зоогийн үеэр тэд танилцаж байсан гэнэ. Албан ёсны уулзалт дууссаны дараа цөөхөн хэдэн минут ярилцсан тэд энэ үеэс хойш болзож эхэлсэн гэдэг. Анхны уулзалтын тухай Иванка “Бидний хийж байсан хамгийн шилдэг хэлэлцээр байсан” хэмээн ярьж байжээ. Тэр нь сүлжээг өргөтгөх тун боломжийн санал байсан аж. Гэхдээ тэдний хайр дурлалд нэгэн өчүүхэн саад учирч байжээ. 
 


Бяцхан саад бэрхшээл 

 

Тэр нь хүргэний талтай холбоотой байсан хэрэг л дээ. Жаредын эцэг эх үнэн алдартны иудейн шашинтай байж. Тийм ч учраас хүүгээ харь шашинтай бүсгүйтэй гэр бүл болохыг төдийлөн дэмжээгүй гэдэг. Мэдээж, тэр бүсгүй нь алдартай, баян байсан ч шүү дээ. Гэхдээ энэ мэт бэрхшээлийг хосууд үл тоож, хамтын амьдралаа үргэлжлүүлэн төлөвлөсөөр байв. Ингээд эцсийн эцэст 2009 онд тэд гэрлэсэн. Хуримынхаа өмнө бүсгүй еврейн шашинд орсон гэдэг. 
 

Иванка гурван хүүхэдтэй 

 

Харин өнөөдөр хосууд гурван хөөрхөн хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байна. Тэдний том хүүхэд Арабелла таван настай бол Иосеф хоёр ойтой. Хамгийн бага нь болох Теодор дөрвөн сартай гэнэ. Тэд гэр бүлээрээ том байшиндаа амьдрахын зэрэгцээ бизнесээ ч амжилттай урагшлуулж, үргэлж нэг нэгийгээ дэмжиж иржээ. 
 


 

Трамп: Иванка миний охин биш байсан бол би түүнтэй болзох байсан 

 

Иванка Ерөнхийлөгчийн сонгуулийн урт удаан, түвэгтэй сурталчилгааны өдрүүдэд үргэлж эцгийнхээ дэргэд байв. Эрүүл мэндийн шинэчлэл, татвар, цагаачдын эсрэг баримтлах бодлого гэх мэт Доналд Трампын дэвшүүлсэн бодлогыг дэмжиж, эцэгтэй нь холбоотой янз бүрийн таагүй мэдээллүүд хөврөхөд ч, Иванка ташаа үг унагаж байсангүй. Олон жилийн өмнөх 2007 он руу эргээд оръё. Тэр үед Д.Трамп нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үедээ “Хэрвээ Иванка миний охин биш байсан бол би түүнтэй болзох байсан байж магадгүй” хэмээн тоглоом болгон хэлж байжээ. Иванка ийм хэмжээнд л аавыгаа дэмждэг. 
 


 

Челси Клинтонтой сайн найзууд 

 

Доналд Трамп өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтонтой өрсөлдсөн. Тэдний хооронд тун ширүүн өрсөлдөөн болсон ч, хоёр нэр дэвшигчийн охид хоорондоо үй зайгүй найзууд байсан гэвэл тэр бүр хүн итгэхгүй байж мэднэ. Баян, алдартай гэр бүлээс гаралтай охидын амьдралд ч нийтлэг зүйлс олон байсан биз.



Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.