Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ гардуулав

Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагналыг өнөөдөр гардууллаа.

Энэ удаагийн "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг “Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн, “Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд тус тус олгов.

Эдгээр байгууллага, бүтээлч хамт олныг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав. Уг зарлигт “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд оруулж буй онцгой хувь нэмрийг нь үнэлж, Уламжлалт мал аж ахуй, монгол малчны гараас гарсан түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн болгох боловсруулалтыг эх орондоо гүйцэтгэж, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон, олон улсын стандарт, зэрэглэлд нийцсэн, дэлхийд өрсөлдөхүйц монгол нэрийн тамгатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй:

1.“Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн;

2.“Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийг “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2016 оны шагналаар тус тус шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Сар шинийн босгон дээр үндэсний бүтээн байгуулагчдаа шагнадаг сайхан уламжлалтай. Өнөөдөр Монголын нэр нүүрийг улс орондоо төдийгүй олон улсад өөрийн бүтээгдэхүүнээр гаргаж яваа олон жилийн уламжлалтай энэ хамт олон, энэ үйлдвэрийг үндэсний бүтээн байгуулалтын шагналаар шагнаж байгаадаа туйлын баяртай байна.

Хуучнаар бол “Говь” компани, “Эрдэнэт хивс” гэдэг байсан хивсний үйлдвэрт энэ шагналыг олголоо. 

Шинэ хөрөнгө оруулж, шинэ хамт олон бүрдүүлж, хуучин байсан зүйлийг 90-100 хувь өөрчилж, шинэ технологи оруулж, маш их бүтээл бий болгосон байна.

Энд хамгийн гол олзуурхаж байгаа зүйл бол монгол малчдын гараас гардаг, ялангуяа монгол малын бүтээгдэхүүнд суурилсан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд ингэж өндөр үнэлэгдэх хэмжээнд хүрсэнд туйлын баяртай байна. Үүгээр дамжаад малчдын маань орлого нэмэгдэж байгаа. Ажлын байр бий болж байгаа. Монголын маань нэр хүнд олон улсад сайнаар дуурсаж байгаа гэдгийг энд хэлэх ёстой.

Дундаршгүй баялаг болсон монгол малынхаа бүтээгдэхүүн дээр суурилсан үйлдвэрлэлээ бид дэмжиж явах шаардлагатай.

Өнөөдрийн энэ хүндтэй шагналыг хүртсэн эдгээр үйлдвэр, компанийн хамт олонд, мөн энэ хүмүүстэй хамтарч ажилладаг нийт хүмүүс, нийт хамтран ажиллагчдад нь Монгол Улсын нэрийн өмнөөс би чин сэтгэлээсээ гүн талархал илэрхийлж, баяр хүргэе.

Энэ бүтээн байгуулалтын шагналыг олгоход нарийн шалгууртай байдаг. Мэргэжлийн олон хүмүүс, олон байгууллага оролцож шалгууруудыг гаргадаг. Тэд үнэхээр энэ хоёр үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүнийг Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналаар шагнах нь зүйтэй гэсэн юм.

Энэ үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тухай, шинэ бүтээлийн тухай, шинэ хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулсан.

Ингээд Монголын ард түмэн маань Цагаан сардаа сайхан шинэлж, ирж байгаа жилүүдэд улам их шинэ бүтээл гаргах болтугай. Энэ хоёр үйлвэрийн хамт олон улам их шинэ зүйлийг хийх болтугай. Өнөөдрийн шагнал энэ хүмүүст улам их урам хайрлах болтугай.

Хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж улс хөгжинө. Үүнийг Монголын төр өөрийнхөө шийдвэрээр үлгэрлэх ёстой. Дахин та нарт баяр хүргэе” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-02-23 07:47:23
    МАНАЙХАН ШАГНАЛД МӨН Ч ИХ ДУРТАЙ ЮМ АА. НЭГ НЬ ӨГӨХ ГЭЭД НӨГӨӨ НЬ АВАХ ГЭЭД НҮДЭЭ УХАЖ ӨГӨХ ГЭЭД БАЙХ ЮМ. СОНИН БАЙГАА БИЗ. ТЭРГҮҮНИЙ, МУНДАГ БАЙГУУЛЛАГА ХАМТ О...
    103.229.123.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-23 07:38:47
    Энэ шагналыг авлаа гээд гадаад нэр хүнд өсөөд орлого өсдөг бол болж л байна, зүгээр хоосон нэр бол хэрэг байхгүй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах