Сүйрсэн онгоцны хар хайрцагийг албаны хүмүүст шилжүүлэн өгчээ
Малайзын агаарийн тээврийн “MH17” нислэгийн дугаартай онгоц энэ сарын 17-ны өдөр Амстердамаас Куала-Лампур хотыг чиглэн нисч яваад Украины зүүн хэсгийн нутагт сөнөсөн билээ.

Онгоцонд зорчиж явсан 298 хүн бүгд амиа алдсан юм. Ослын шалтгааны  талаар олон улс хэд  хэдэн таамаг дэвшүүлээд байгаа бөгөөд салан тусгаарлагчид Оросоос газар-агаарын ангиллын пуужин нууцаар авч, онгоцыг сөнөөчхөөд өөрсдийн ул мөрөө баллахын тулд нотлох баримтыг устгах гэж байна гэх зэргээр босогчдыг сэжиглэж байсан юм. Тэгвэл Украины зүүн бүсийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод буй Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид өчигдөр өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр Малайзын иргэний агаарын тээврийн “MH17” нислэгийн дугаартай сүйрсэн онгоцны сэгэн дундаас олсон хоёр төрлийн хар хайрцагийг Малайзын Засгийн газрын албаны хүмүүст шилжүүлэн өгчээ.

Нэг дэх хар хайрцагт нь онгоцны залуурын бүхээг дэх яриа, нөгөөд нь нислэгийн чиглэлийн мэдээлэл бичигджээ. Тус онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулах чухал баримтыг хүлээлгэн өгсөнд Малайзын төлөөлөгчид салан тусгаарлагчдад талархал илэрхийлсэн байна. Ямартай ч, тус хоёр хар хайрцаг ямар нэгэн гэмтэлгүй байгаа гэж мэдэгдлээ. Түүнчлэн, салан тусгаарлагчид ослын газраас 10 км-т галаа зогсоож, олон улсын шинжилгээний багийнханд хэргийн газарт аюулгүй нэвтрэх боломжийг олгохоо амлажээ. Мөн Донецкийн тойрогт Боинг-777 онгоц сүйрсэн газраас 251 цогцос дээр нь 66 цогцосны хэсгүүдийг илрүүлсэн бөгөөд тэднийг Тореза галт тэрэгний буудал дээр хүргэн тусгай хөргүүртэй галт тэргэнд ачаалсан гэж мэдэгдсэн байна.

Өнөөдөр тус цогцоснуудыг Голландын тал хүлээн авч Амсдердам руу тээвэрлэх аж. Дашрамд дурьдахад,  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр Австрали болон Их Британийн боловсруулсан нислэгийн сүйрлийн талаархи тогтоолын төслийг авч хэлэлцсэн бөгөөд хэргийн  газар ЕАБХАБ-ын шинжээчид онгоцны осолд чухам  хэн буруутайг тогтоохоор ажиллаж байна. Харин энэ онд хоёр ч онгоц нь сүйрч нэр хүнд нь газарт тултлаа унаад буй  Малайзын агаарын тээврийн “Malaysian airlines” компани осол болсоноос хойш  гурван өдрийн дараа  Украин дээгүүр нислэг үйлдэхээ больж, Сирийн агаарын замаар зорчиж эхэлсэн талаархи мэдээлэл цацагдаж олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Сири улсад ч гэсэн иргэний дайн үргэлжилж байгаа.

Хэрэв Сирийн агаарын замыг сонговол Иракаар ч гэсэн дайран өнгөрөх шаардлага тулгарна. Хэдийгээр тус бүсэд дотоодын болон олон улсын нислэг үйлдсэн хэвээр байгаа ч Сириэс ч хүнд нөхцөлд байгаа Ирак дээгүүр нисэх нь тийм ч оновчтой сонголт биш гэж зарим ажиллагчид тэмдэглэж байна. Тиймээс Ази, Европын хооронд хийх өөр аюулгүй нислэгийн зам хайх шаардлага тулгарч байгааг эх сурвалжууд онцолж байна. Малайзын иргэний агаарын тээврийн компанийн өнгөрсөн даваа гарагт өгсөн мэдэгдэлээс  Их Британийн Лондон хотоос Малайзын Куала Лампур хотыг чиглэн ниссэн  “MH4” нислэгийн дугаартай онгоц энэ сарын 20-ны өдөр нислэгийн замаа өөрчилж, Сирийн агаарын замыг сонгож ниссэн нь тодорхой болсон байна.





Б.Даваахүү
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.