ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛТАЙ БОЛЦГООЁ
Дээхэн үед нэгэн томоохон банкны захиралтай уулзаж ярилцлага авах завшаан надад тохиосон юм. Тэр үед надаас асуусан асуулт нь одоо ч мартагддаггүй. “Цалингаасаа сард ядаж 80 мянган төгрөг хадгалж чадаж байна уу. Хүн олсныхоо хэрээр биш харин хадгалсныхаа хэрээр амьдардаг юм шүү” гэсэн нь тэр байв. Үнэндээ тухайн үед гэр бүл ч зохиогоогүй годгоносон охин явсан би олсон хамаг мөнгөө ээжийн хэлдгээр эрээн даавуунд үрдэг байлаа. Харин өнөөдөр эргээд харахад хүн хэчнээн төгрөгийн цалин авснаараа биш харин хэр үр дүнтэй зарцуулж, бас хэр сайн хадгалж чадсанаараа л ялгардаг бололтой.

Ер нь хадгална гэдэг их ухаан юм шүү. Ээж минь хүний өгсөн чихэр, боов, мөнгийг хүртэл хэдэн сараар хадгалчихдаг их ухааны хүн байлаа. Харин би одоо л, бүр хоёр хүүхдийн эх, хүний хань болсон хойноо л мөнгө хадгалах нь хэчнээн чухал болохыг ойлгож эхэлж байх шиг байна. Энэ бол ганц би ч биш монголчуудын маань нийтлэг үзэгдэл болов уу гэж бодож байна. Тийм ч учраас бид аливаа гэнэтийн зүйл тохиолдоход хүнээс мөнгө зээлэх, эсвэл банкинд хандахаас өөр сонголтгүй болдогт гайхах зүйл алга.

Гэтэл дэлхий дахинд хадгаламж гэдэг зүйлийг үндэсний хэмжээнд авч үздэг байх юм. Ингэхдээ бүр улс орнуудын төвшин үндэсний хуримтлалын үзүүлэлтүүд ч бий болсон байна. Орлогоос зарцуулалтыг хасаад үлдсэн дүнг үндэсний хадгаламж гэдэг.  Энэ мөнгө нь хадгаламж хөрөнгө оруулалтад ороогүй мөнгө байж ч болно. Үндэсний хадгаламжид Засгийн газар, бизнес, хувийн хэвшлийнхний хуримтлалууд бас багтдаг юм байна.  Хувийн хуримтлал нь өрхийн болон хувь хүний орлогоос зарлагыг хассан дүн юм. Тэгвэл улс орнуудад энэ төвшин ямар байгааг хамтдаа сонирхъё.
 
Хятадууд хамгийн их мөнгө хадгалдаг
 

Хэзээнээсээ л урд хөршийнхөн үрэх биш харин хадгалах ухаанд суралцсаар иржээ. Дундаж өрхүүд нь орлогынхоо 30 хувийг хуримтлуулдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ өндөр хувийн ганц сул тал нь эдийн засгийн өсөлт өндөр хятад улсад хэрэглээ ДНБ-ий зөвхөн 35 хувийг бүрдүүлдэгт байгаа юм. Харин Америкийн дундаж өрх орлогынхоо 5-6 хувийг хуримтлуулж, хэрэглээ ДНБ-ий 75 хувийг бүрдүүлдэг байна. Үндэсний хуримтлалын хэмжээгээр Хятад нь Америкийг ардаа орхижээ. Хятадад үндэсний хуримтлал 2013 оны байдлаар ДНБ-ий 51 хувьтай тэнцэж байхад байхад Америкт 17 хувь байна.

Үүгээр ч зогсохгүй хятадууд тэтгэвэрт гарсны дараа амьдралаа баталгаатай байлгах, өөрийн ганц хүүхэддээ ачаа болохгүйн тулд одооноос тэтгэврийн хуримтлал үүсгэдэг гэнэ. Бас нэгэн сонирхолтой жишээ гэвэл өрхийн орлого өсөхөд дагаад зарлага өсдөг ч ирээдүйгээ хардаг, хуримтлал хийх зуршилтай өрхийн хувьд хуримтлал нь өсөхөөс биш зарлага нь дарамт болдоггүй байна.
 
Япончуудын хадгаламж буурсаар байна
 
Японы өрхийн хадгаламжийн түвшин 1970-аад онд 23 хувь байсан бол 2000-аад оноос энэ хувь буурч 2013 онд -0,2 хувь болжээ. Ийнхүү буурахад хүн амын насжилт нөлөөллийн тэргүүнд бичигдэж байна. Учир нь 2000 онд нийт өрхийн 23,8 хувь нь 65-с дээш насны байсан бол 2010 онд 31.2 хувь болж өсчээ.
 
Солонгосчуудын өндөр наслалт ба хадгаламжийн урвуу хамаарал


Өмнөд солонгос өрхийн хадгаламжийн түвшин өнгөрсөн жил сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшинд буюу долоо орчим хувьд хүрчээ.  Өмнөд Солонгост Японы нэгэн адил хүн амын насжилт нь ихсэж, төрөлт багассаар байгаа юм.
Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй хүн ам ихтэй орнууд нь иргэдийнхээ зарцуулалт, худалдан авалтыг өсгөж эдийн засгаа дэмжих сонирхолтой байдаг байна. Төв банкнаас иргэдийнхээ зарцуулалтыг дэмжихийн тулд бодлогын хүүгээ сулруулах хүртэл арга хэмжээ авдаг ч хүн амын насны бүтэц, хөгшчүүлийн сэтгэхүйгээс шалтгаалаад өсөлт гардаггүй байна.

Монголчууд бид яадаг вэ?
 
Нэг хүний хэлсэн үг санаанд оров. “Төрөөс хамааралгүй амьдарч чаддаг хүн л ихийг бүтээдэг” гэж...

Өнөөдөр бид бурууг төрд өгөөд өөрсдөө л хохирогч юм шиг царайлдаг. Үнийн өсөлт, цалингийн өсөлт гээд л бүгд төрөөс болсон гэж бас үздэг. Гэтэл үнэндээ дээр дурдсан улс орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, эмчилгээ үйлчилгээ бүх зүйл өртөгтэй, эмнэлэгт хэд хоног хэвтээд гарахад хүртэл өндөр зардалтай. Бидэнтэй харьцуулбал амсхийх завгүй маргаашийнхаа төлөө ажиллаж, зардал нь орлогоосоо хэд дахин өндөр байхад хүртэл хадгалаад сурчихсан. Тэгэхээр бидэнд хадгална гэдэг зуршил л дутаад байх шиг.
 
Тэгвэл авдаг мөнгөнийхөө хэдэн хувийг бид хадгалж чадах вэ. Ингэхийн тулд хуримтлуулж чадаж байгаа улсуудын жишгийг дагаж санхүүгийн зөв зуршилд суралцах цаг нэгэнт болжээ. Хэрэглээг дэмжих нь чухал ч хуримтлалыг дэмжих нь бүр илүү чухал гэдгийг иргэд ойлгож, ирээдүй хойчийнхоо төлөө, бас өөрийнхөө ирээдүйн төлөө хадгалж л суръя.
 
Голомт банк
Бусдад түгээх
  • gplus