Цагаан сарын босгон дээр Төрийн банкны харилцагч ахмадууд азтан болжээ
Жил бүр сар шинийн баярыг угтаж Монгол улсын топ таван банкны нэг Төрийн банк тэтгэвэр авагч ахмад настанууддаа  хүндэтгэл үзүүлж, азтан шалгаруулдаг уламжлалтай билээ. Энэ хүрээнд билгийн тооллын 17-р жарны  “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр  тус банкны хамт олон нийт тэтгэвэр авагч ахмад настнуудынхаа дунд сугалаат аян зарлажээ.


Тодруулбал 2017 оны хоёрдугаар сарын 1-25-ны өдрүүдэд Төрийн банкаар үйлчлүүлсэн ахмад настнуудын дунд “Хүндэтгэлийн аян-2017” урамшуулалт хөтөлбөр зарласан байна. Улмаар  уг хөтөлбөрийн хүрээнд  108 ахмад настанд хүндэтгэл үзүүлж,  Монгол улсын 21 аймаг есөн дүүргээс тус бүр нэг буюу 30 ахмадад 300 мянган төгрөгийн , Төрийн банкнаас тэтгэвэр авагч нийт ахмадуудаас  10 ахмад настанд тус  бүр нэг сая төгрөгийн урамшууллыг олгожээ. Ингэхдээ цахим хэлбэрээр буюу “Лоттери программ” ашиглаж азтануудыг  шалгаруулжээ. Харин эдгээр азтануудын дөрөв нь Баянзүрх дүүргээс шалгарсан байна. Азтануудын төлөөлөл болсон хоёр харилцагчийн шагналыг Төрийн банкны БЗД-ийн салбарын захирал Ж.Цэрэнхүү өнөөдөр гардуулан өглөө. 


Энэ үеэр Баянзүрх дүүргийн  “Да хүрээ” тооцооны төвийн харилцагч  Н.Алтанцэцэг  азтан болсон сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.  Тэрбээр “ Би 2007 оноос хойш Төрийн банкаар тасралтгүй 10 жил үйлчлүүлж байна. Энэ хугацаанд найдвартай түргэн шуурхай,  үргэлж эелдэг соёлч, боловсон үйлчилж байсан Төрийн банкныхандаа маш их баярлаж байна. Өчигдөр орой банкнаас залгаж азтан болсоныг минь дуулгахад би итгэж чадаагүй. Үнэхээр шударга үнэн явагдаж азтан болсондоо баяртай байна. Цагаан сарын өмнө Төрийн банкнаас тэтгэвэрийн зээлийн үйлчилгээ авч, энэ нь намайг азтан болгосонд үнэхээр баяртай байна. Төрийн банкны хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье” гэлээ. 



Харин дараагийн  азтанаар Баянзүрх дүүрэг салбарын харилцагч ахмад настан Д.Лийлаа тодорчээ. Тэрбээр 1991 онд тэтгэвэрт гарсанаасаа хойш тус банкаар үйлчлүүлж  байгаа гэлээ. Ингээд сар шинийн босгон дээр харилцагч банкныхаа азтанаар шалгарсанд маш ихбаяртай байгаагаа хэлж Төрийн банкныхандаа үргэлж түргэн шуурхай үйлчилдэг талархлаа илэрхийлээд ажилд нь амжилт хүслээ. Тэрбээр өдгөө 73 настай бөгөөд  баярын өмнө мөн л гурван сарын хугацаатай тэтгэвэрийн зээлийн үйлчилгээ аваад ийнхүү азтан болсон байна. 



Төрийн банкы хувьд “Хүндэтгэлийн аян”-ыг сүүлийн таван жил дараалан уламжлал болгон зохион байгуулж байгаа аж. Энэхүү аяныг нүдээ олсон зөв шударга болдог хэмээн харилцагч ахмадууд нь ам сайтай байна. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus