Санхүүгийн боловсролд шамдан суралцсан уншигч танд баярлалаа
Өдрийн сонин болон Голомт банк хамтарч иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой монголын хамгийн анхны “Гурван гийгүүлэгч” реалити цуврал нийтлэлийг 2016.11.22-ны өдрөөс эхлэн нийт 26 дугаарыг уншигчиддаа хүргэлээ.   

Юун түрүүнд “Гурван гийгүүлэгч” нийтлэлийн гол дүрүүд болох Б.Номин, Д.Бямбатогоо, О.Сэржмядаг нартаа уншигчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.

Тэд элдэв нарийн тоо бодуулж, онолдоогүй юм. Бусадтай л адил  эгэл жирийн амьдралтай эдгээр бүсгүйчүүд маань өөрт болон гэр бүлдээ тохиолддог санхүүгийн хэрэгцээ, орлого, зарлага, хуримтлал, өр зээл зэрэг асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж буй арга туршлагаа бусадтай хуваалцаж ирсэн билээ.

Чамгүй олон уншигчдын зүгээс эдгээр бүсгүйчүүдийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэн, хуримтлал үүсгэн, тодорхой үр дүнд хүрч буйгаа илэрхийлсэн нь бидний хамтын ажиллагаа зорилгодоо хүрснийг илтгэж байна.

Ингээд дөрвөн сарын хугацаанд санхүүгийн боловсролд суралцсан нийт уншигчиддаа болон “ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ” бүсгүйчүүддээ халуун талархал илэрхийлж, өндөр амжилтыг хүсье.
 


ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ

 
Хүн бүрийн амьдрал өөр өөрийн гэсэн өнгө төрх, хэв маяг, дадал зуршилтай байдаг шиг санхүүгийн эрэлт хэрэгцээ, зарцуулалт, зорилго нь ч дахин давтагдашгүй байдаг. 

Иймээс бид иргэдэд санхүүгийн боловсрол олгох зорилгоор монголд анх удаа реалити нийтлэл бичихээр шийдсэн юм. Бид гурвын хувьд сэтгүүлч, санхүүч, эдийн засагч сэтгэл судлаач гээд тэс өөр мэргэжилтэй ч гэр бүлийнхээ “ГИЙГҮҮЛЭГЧ” гэдэг нэг адил талтай байсан. Нөгөө талаар бидний нэр ч гийгүүлэгчээр эхэлж байсан тул монголын хамгийн анхны реалити нийтлэлээ “ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ” хэмээн нэрлэсэн билээ.

Цуврал нийтлэлийнхээ эцсийн үр дүнд бид Монгол хүн бүр санхүүгийн боловсролтой,  айл өрх бүр хуримтлалтай, улс орон эдийн засгийн дархлаатай болно гэдэгт итгэл төгс байсан бөгөөд тодорхой хэмжээнд зорилгодоо хүрсэн гэдэгт итгэлтэй байна.  Ингээд бидний нийтлэлийг сонирхон уншиж, амьдралдаа хэрэгжүүлж буй уншигч танд  халуун талархал илэрхийлье.

Тун удахгүй бид “3 giiguulegch” нэртэй facebook хуудсаараа дамжуулан сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж, сонирхсон асуултанд танв хариулж, та бүхэнтэйгээ ямагт хамт байх болно. “Амьдрал бол тулаан юм. Тэмцэж, зүтгэж чадвал та энэ тулаанд ялалт байгуулна.” Танд амжилт хүсье.
 
ХҮНДЭТГЭСЭН: Д.БЯМБАТОГОО,  Б.НОМИН, О.СЭРЖМЯДАГ
Бусдад түгээх
  • gplus