Д.Трамп ОХУ-д суух Элчин сайдыг нэрлэлээ

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсаас ОХУ-д суух Элчин сайдыг нэрлэжээ. Энэ талаар Засгийн газрын хэд хэдэн томоохон албан тушаалтан CNN агентлагг мэдээлсэн байна. Д.Трамп ОХУ-тай харилцаагаа сайжруулж, хэт даврагч бүлэглэлийн эсрэг хамтран тэмцэх бодолтой байгаагаа өмнө нь илэрхийлсэн. Тиймээс ч, хэнийг тус улсад суух Элчин сайдаар томилох нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм.
 
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп Юта мужийн захирагч асан ЖонХантсманыг ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад дэвшүүлсэн байна. Түүнчлэн, Жон Хантсман ч өөрөө зөвшөөрсөн гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсонтой уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын туслахтай холбоо барьсан төдийгүй Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан байж магадгүй тухай зарим орон нутгийн хэвлэлд бичсэн байгаа юм.
 
Мөн “Politico” сонинд ЕрөнхийлөгчД.Трамп энэ долоо хоногийн эхээр АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллах саналыг Ж.Хантсманд тавьсан тухай мэдээлэл нийтлэгдсэн байв. Тус сонинд мэдээлснээр, Хантсман уг албан тушаалд ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хариугаа Цагаан ордонд ирүүлэх ёстой аж. Үүний дараа Цагаан ордон түүний нэрийг элчин сайдын албан тушаалд дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэх бөгөөд үүний дараа Сенатаар батлах ёстой гэнэ.
 
Улмаар сенат баталсан тохиолдолд ЖХантсман Д.Трампын АНУ- ОХУ-ын харилцааг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Гэхдээ Трампын кабинетын зарим албан тушаалтнууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ-ын эрх баригчидтай холбоотой байсан гэх мэдээлэл бий.
 
Ийм шалтгааны улмаас ч Трамп Үндсэний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннийг огцруулж, үүрэг гүйцэтгэгчээр Кит Келлоггийг томилсон удаатай. Тэр утгаараа АНУ, ОХУ-ын хоорондын  харилцаа тун эгзэгтэй болж ирээд байгаа юм. ОХУ-д суух Элчин сайдаар томилогдох магадлал өндөр байгаа Ж.Хантсман өмнө нь Сингапур, БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байжээ.
 
Тэрбээр энэ сард 57 насны босго алхаж буй бөгөөд хятад хэлтэй. Өмнө нь 1992-1993 онд Сингапурт суух Элчин сайд, 2005-2009 онуудад Юта муж улсын захирагч, 2009-2001 онд БНХАУ-д суух Элчин сайдаар тус тус ажиллаж байв. 2011 оны тавдугаар сард тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа мэдэгдэж байсан ч, 2012 оны нэгдүгээр сард сунгаанаас нэрээ татаж, Митт Ромниг албан ёсоор дэмжиж байгаагаа мэдэгдсэн байлаа. Харин М.Ромни сонгуульд Ардчилсан намын Барак Обамад ялагдсан билээ. 2012 онд сонгуулийн кампанит ажлын үеэр Хантсман Обамагийн санал болгосон АНУ-Оросын харилцааг “дахин шинээр эхлүүлэх” бодлогыг шүүмжилж байжээ. Кремлийг өөрийнхөө түнш гэж үзэж байгаа мэт дүрийг АНУ эсгэсээр ирсэн гэж тэрбээр хэлж байв.
 
Хантсманы хувьд зэвсэглэлд хяналт тавнх хүрээнд Вашингтон, Москва хоёр хамтран ажиллах нь чухал гэж үздэг байсан бөгөөд “гэхдээ хоёр орны харилцааг илүү бодитойгоор дүгнэх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байжээ. Мөн өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хантсман одоогийн Ерөнхийлөгчийг хэд хэдэн удаа шүүмжилж байсан ч, эцэст нь түүнийг дэмжиж ажиллахаар шийдсэн бололтой.

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.