Социал демократуудын “амь тариа”

-Мартин Шульц л Меркелийг канцлерын суудлаас нь авч хаяж магадгүй-


Ердөө хэдхэн сарын өмнө Германы парламентын сонгуульд Ангела Меркель болон түүний Христийн Ардчилсан нам, Христийн социалист намын эвсэл үг дуугүй ялна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байлаа. Харин Германы Социал демократ намыг Мартин Шульц тэргүүлж эхэлснээс хойш Меркелийн дөрөв дэхээ канцлер болох магадлал өдөр ирэх тусам буурч байна. Социологийн судалгаанаас харахад өнөөдөр Шульц гол өрсөлдөгчөөсөө ганц хоёрхон хувиар л дутуу явна. Шульц ерөнхий боловсролын гэрчилгээгүй, залуудаа найгүй архичин явсан гэгддэг ч энэ нь түүний амжилтад огтхон ч саад болсонгүй.
 

ШУЛЬЦИЙН НӨЛӨӨ


“Шульц гарч ирсэн нь 10 жилийн турш сонгуульд ялж чадаагүй Германы Социал демократ намд жинхэнэ виагра боллоо. Социал демократууд Меркелийн Христийн ардчилсан намын бяцхан түнш, “их эвсэл”-ийн нэг хэсэг байхдаа Меркель намаа яаж төгөлдөршүүлж, төвийн болгож, зүүнийхнийг хэрхэн татаж байгааг арчаагүйгээр харж суудаг байлаа” хэмээн “The Washington Post” сонинд бичжээ.



Харин Евро парламентын дарга асан Мартин Шульц өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр сонгуульд өрсөлдөхөөр болж, ганцхан сарын дотор намынхаа рейтингийг 10 хувиар өсгөсөн байна. Олон нийтийн санал асуулгын зарим мэдээллээс үзэхэд тэрбээр Меркелийг гүйцээд зогсохгүй түрүүлж эхэлсэн байна. Германы хэвлэлүүдэд бичиж буйгаар хэрвээ сонгууль өнөөдөр болох юм бол социал демократууд 32 хувь, Меркелийн христийн ардчиллынхан 31 хувийн санал авах магадлалтай байна. Тэр ч бүү хэл германчуудын 50 хувь нь Шульцыг канцлер болоосой гэж хүсч байгаа бол ХБНГУ-ын иргэдийн 39-хэн хувь нь л Засгийн газрын өнөөгийн тэргүүнийг суудлаа хадгалж үлдээсэй гэж бодож яваа гэнэ.

Германы Социал демократ нам Герхард Шредерээ огцорсноос хойш Шульцыг гарч иртэл бараг л удирдагчгүй явж ирсэн юм. Тэдэн дотроо хамгийн нэртэй улстөрчөөр Франк-Вальтер Штайнмайер тооцогдож байсан ч 2009 онд Меркельд ялагдмагцаа канцлерын суудлын төлөө өрсөлдөхөөс татгалзсан билээ. Социал демократ намын дарга Зигмар Габриэль сонгогчдын дунд нэр хүнд муутай. Тиймээс ч энэ оны эхээр Германы Социал демократ нам 25-аас дээш хувийн санал авбал жинхэнэ сенсаацид тооцогдохоор байсан тухай “Deutsche Welle”-д бичжээ. Харин өнөөгийн удирдагчтайгаа байгаа цагт социал демократууд Вилли Брандт, Гельмут Шмидт, Герхард Шредер нарынхаа араас дөрөв дэх канцлераа ажиллуулах боломж бүрдээд байгаа юм.


ДООД ГАРАЛТАЙ ШУЛЬЦ


“Шульц бол гайхалтай уран илтгэгч. Тэр маш ухаалаг, сэтгэлийн хөдөлгөөнтэй, аливааг шогч байдлаар тайлбарладаг бөгөөд хэлсэн үгэндээ дандаа түүхэн баримтуудыг дурддаг. Заримдаа тэр маш чанга хатуу, эрс шийдэмгий үг хэлдэг” хэмээн “Der Welt” тодорхойлжээ.

Түүний дотны нөхөр Ахим Гроссманн “Мартин сонсогчдодоо урам зориг өгч чадна. Тэр ч бүү хэл гэлэнмааг сүмээс нь гартал итгэл үнэмшил төрүүлэх чадвартай” хэмээн магтжээ.

Мартин Шульцын хувьд адал явдалтай намтар дүүрэн улстөрч юм. Тэрбээр бяцхан тосгонд, цагдаа, гэрийн эзэгтэйн гэр бүлд төрж өссөн. Дунд сургуульдаа хоёр удаа улирсан тэрбээр сургуулиа хаяж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ ч авч чадаагүй юм. Ийнхүү сурлага муутай байсан түүний ганц сонирхол нь хөлбөмбөг байв.

Гэвч өвдгөндөө бэртэл авсны улмаас мэргэжлийн тамирчин болох карьер нь дуусч, архинд донтож эхэлжээ. Шульцын хэлснээр тэрбээр 18-24 нас хүртлээ лонхноос огт салаагүй гэнэ. Харин эмч мэргэжилтэй төрсөн ах нь түүнийг архинаас бүрмөсөн гаргаж чаджээ. Ингээд түүний карьер эхэлж, 1982 онд тэрбээр “Мартин Шульцын номын дэлгүүр”-ийг нээж, дараа нь Германы Вюрзелен хотын бургомистр, дараа нь Европын парламентын гишүүн, дарга болсон аж.

Германчууд Шульцыг үл жишээч гэр бүл, хоёр хүүхдийн сайн эцэг гэдгээр нь хүндэлдэг. Үүнээс гадна тэрбээр англи, франц, испани, голланд, итали гэсэн таван хэлийг төгс эзэмшсэн, архины донтой идэвхтэй тэмцэгч, өөрөө тийм явснаа хүлээж, залуучуудад үлгэр дууриал үзүүлдэг болохоор ард иргэдийнхээ дунд алдаршжээ.
 

НАМЫН ХӨТӨЛБӨР


Шульц сонгогчдодоо ямар амлалт өгч байгаа, тэр нь Меркелийн үзлээс ямар ялгаатай гэдгийг одоогоор хэлэхэд хүнд. Учир нь Германы Социал демократ нам ойрын хугацаанд сонгуулийн хөтөлбөрөө тодорхойлох юм. Одоогийн байдлаар Евро парламентын хуучин тэргүүн Европын холбоог дахин бүрдүүж, социал демократуудын үнэт зүйлсийг эргүүлэн авчрах, Германы нийгэм дэх тэгш бус байдлыг арилгах, өндөр настай ажилтнуудад ажилгүйдлийн тэтгэмжийг 48 сар хүртэл олгох, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийг санал болгож байгаа юм.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ergelzee 2017-03-10 04:48:45
    nuli aldaa... arai arai.. hyanaachee textee... ul jisheech gj yu gj bgaa yum ulger bmaar yum... ta taa tungaa bolchih yum