Н.Наранбаатар: Би Монголын театр, дэлгэцийн урлагийг дэлхийд гаргахыг хүсч явдаг
Бид “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ удаад бид  УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Та гэр бүлээ танил­цуулаач?

-Манайх ам бүл долуулаа. Эхнэр, гурван хүү, хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань СЭЗДС-д ахлах багш хийж байна.

-Хүн болгонд хэлэх дуртай үг байдаг шүү дээ. Тэгвэл та ямар үг хэлэх дуртай вэ?

-Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэдэг үгийг би их хэлэх дуртай. Залуу нас биднийг чимж байхад эдээр биеэ чимэх хэрэг алга. Учир нь хожим бие физиологийн хувьд сулрах үед эдээр өөрсдийгөө чимэх хэрэгтэй л гэж боддог.

-Таны дуртай болон дургүй хоол юу вэ?

-Эхнэрийнхээ хийсэн залхуу буузанд их дуртай. Гахайн махан цуйван ч бас үнэхээр гоё. Дургүй гэвэл амтгүй хийсэн хоолонд л дургүй дээ.

-Таны багадаа хүсч,  мө­рөөдөж байсан мэргэжил юу вэ?

-Би багадаа нисгэгч болохыг их хүсдэг байсан. Нисгэгч болоход математикийн хичээлд сайн байх ёстой гэж ээж маань хэлдэг байсан. Тийм болохоор багаасаа математикийн хичээлд их сонирхолтой байсан. Зургадугаар ангид байхдаа  олимпиадад оролцоод Найрамдал зусланд амрах эрх авч байлаа. Тэгээд зусланд очоод урлагийн үзлэгт орсон минь нисгэгч мэргэжил бус урлагийн хүн болох хүсэлд хөтөлсөн юм.

-Согтууруулах ундааны та­лаар та ямар бодолтой байдаг вэ?

-Архи бол хүн төрөлхтөн үүссэн цаг үеэс л байсан зүйл. Согтууруулах ундаа байж болохгүй гэж үгүйсгэхийн аргагүй. Хамгийн гол нь зөв, зохистой, хэмжээ, хязгаартай хэрэглэх нь л чухал байгаа юм.

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

-Би өөрийгөө тодорхойлох нь утгагүй л дээ. Хүн өөрийнхөө тухай юу ч гэж бодож болно. Миний хувьд би байгаагаараа л байдаг. Өөрийгөө алдахгүй юмсан л гэж их бодох юм. Өөрийгөө алдах л юм бол чи түүхээс арчигдлаа л гэсэн үг юм даа. Хүн оршин байхын үндэс нь  өөрийгөө алдахгүй байх нь чухал.

-Таны дуртай спорт юу вэ?

-Үндэснийхээ бөхийг л их үзнэ дээ. Бага байхдаа өвөөгөө дагаад цэнгэлдэхэд  очиж бөх их үздэг байсан юм. Өөр нэг их дурлаад байдаг спорт байхгүй юм байна.

-Та өөрөө өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?

-Шинэ уран бүтээлийхээ нээлт  дээр ирсэн хүмүүсийн нүднээс, алга ташилтаас тэр сайхан иракцаас сэтгэлийн баяр баяслыг мэдэрдэг. Тэр үед өөрөө өөртөө нэг ч гэсэн удаа таалагддаг юм.

-Цаг хугацааг ухраадаг машин байсан бол та аль үе рүүгээ буцах вэ?

-Тийм машин байсан бол би буцахгүй ээ. Яах юм бэ. Алдсан алдаагаа залруулах гэж үү. Хүн болгон алдаж л байдаг. Тэр алдаа болгон хүний амьдралын дурсамж. Би боддог юм. Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг шиг бурхан ч бас хүн бүхний амьдралыг сайн сайхнаар зурдаг байх гэж. Гагцхүү хувь хүн өөрөө тэр зурсан зургаас гажих ямар нэгэн асуудлыг гаргадаг болов уу.

-Сургуульд сурч байх үеийн тань хамгийн мартагдашгүй өдөр байдаг уу?

-Аравдугаар анги төгсөх гээд ангиараа математикийн шалгалт өгөв өө. Ангийхан бүгд шахам надаас хуулсан юм. Би тэгсэн геометрийн бодлого дээрээ алдчихсан байсан. Харин надаас хуулсан нэг хүүхэд маань геометрийн бодлогоо зөв бодоод алдаагүй учраас онц гарч байсан. Тэр үед би амьдрал шударга бус юм, үнэн гэж ер нь хаана байна гээд их эмзэглэж байсан юм.

-Та унтахынхаа өмнө юу бодвол хамгийн сайхан амарч чаддаг вэ?

-Би унтахдаа амьдралыг их сайхнаар төсөөлдөг л дөө. Мэдээж амьдрал юм чинь дутуу зүйл байгаа шүү дээ. Түүнийгээ нөхөх юмсан гэж гэгээлгээр бодох хэрэгтэй юм. Хүн л юм чинь ганцаараа биш хамаатан садантай. Тэднийгээ бас ажилгүй нэгийг нь ажилтай болгочих юмсан, тэрийг нь нэг гайгүй явуулчих юмсан гээд хүн бүхэнд санаа зовж байх юм. Тэр бүгдийгээ сайхан гэгээлгээр боддог. Хүний бодол гэдэг чинь их хүчтэй шүү дээ. Нөгөө талаар нэг уран бүтээл дусаад дараагийн уран бүтээлийнхээ талаар байнга бодож байдаг. Эсвэл судалгааныхаа зүйлийг эргэцүүлэн боддог юм.

-Та нэг өдрийн хийх ажлаа дуусгачихаад хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?

-Нэг сайхан тогломоор санагддаг шүү. Би биллъярд тоглох сонирхолтой л доо. Цаг зав гарвал биллъярд тоглочихмоор байдаг юм. Бас бүх ажил дуусаад цаг завтай болбол уулзаагүй удсан багын найз нар руугаа залгаад, уулзаад сайхан ярилцаад суухыг боддог доо.

-Өдрийн хэдэн цагийг хамгийн их хүлээдэг вэ?

-Өглөөг л хамгийн их хүлээдэг. Яагаад гэвэл маргаашийн шинэ ажлын төлөвлөгөө, уран бүтээл “гижигдээд” байдаг юм.

-Хүн бүхэн толинд хардаг. Таны хувьд өөрийгөө толинд харахад юу бодогддог вэ?

-Хөгширч байна даа л гэж бодогддог. Тэгээд нас маань  явж байна гэж бодохоор энэ хугацаанд юу хийж амжив, цаашдаа юуг хийж амжуулах вэ гэсэн асуудлууд ар араасаа гарч ирнэ дээ.

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе?

-Хамгийн аз жаргалтай байсан үе гэвэл бага нас маань юм даа. Өвөөтэйгээ байсан мөчүүд минь их гоё байж. Өвөөгөө дагаад аймгуудаар их явдаг байлаа. Наадмаар өөрөө гангалж аваад л өвөө, эмээгийнхээ одонг нь зүүж өгөөд,  ачааны машин дээр эгнэж суугаад л явдаг байж билээ. Өвөө дугаарлаж  байгаад бор цаасанд хуушуур боож ирнэ. Тэгээд  хуушуур идээд,  интоорын ундаа уугаад л, Хадбаатар аваргыгаа түрүүлэхийг хүлээгээд л сайхан байжээ.

-Та зөвхөн өөртөө сард хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Өдрийн хоолны мөнгө л зарж байгаа юм байна даа. Бас оюундаа хөрөнгө оруулалт хийж сард хоёр, гурван ном авна. Ер нь өөртөө сард дунджаар 120 мянган төгрөг зарцуулж байгаа юм уу.

-Та анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Нүднээс нь эхэлж хардаг. Нүд бол бүгдийг өгүүлнэ. Найруулагч нар бол мэднэ шүү дээ. Үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу, ямар зорилго өвөртөлсөн байна, байгаа байдал энэ тэрийг нь хараад ер нь баримжааг нь “уншина” шүү.

-Та авлига, хээл хахуулийн талаар юу гэж боддог вэ?

-Авлига бол ёс суртахууны доголдол, оюуны хомсдол юм. Авлигын цаана нийгэм, төрийн эрх ашиг оршиж байдаг. Гэтэл авлига авч буй хүн тэр бүхнийг уландаа гишгэж,  хувийн эрх ашигаа нэгдүгээрт тавина гэдэг бол байж боломгүй. Нэг ёсондоо хэдэн мянган жилийн өмнөөс л бидэнтэй газар, шороо булаацалдаж ирсэн хятадуудад мөнгөөр газар шороогоо худалдаж байгаатай л агаар нэгэн адил юм аа л гэж бодож байна даа.

-Та сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Янз бүрээр л илэрхийлнэ. Сайн бодож байж, заримдаа эмоциороо илэрхийлчихнэ.

-Танд хайртай хүндээ хэлж чаддаггүй ч дотроо бодож явдаг үг байна уу?

-Ханийгаа их зовоож байна даа, сайхан жаргаачих юмсан даа, яавал ханийгаа Наранбаатартай суугаад жаргаж байна даа гэж хэлэх бол гэж бодохоос л биш хэлж чадахгүй юм.

-Хүний амьдарч байгаа орон зайг залуу насгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлж болшгүй. Та залуу насандаа дурлалдаа шаналаад уйлж байв уу?

-Уйлж байсаан байсан. Бие бие рүүгээ тэмүүлэх тэмүүлэл, түр зуурын сэтгэлийн асар их хөдлөл, хүчтэй риакцийг би дурлал гэж ойлгодог юм. Хайр бол дурлалаас өөр. Хайр дурлалаас үүдэлтэй зүйл. СУИС-ийн багш байсан МУГЖ Л.Лхасүрэн гуай хэлдэг байсан юм. Хүн өдөрт хэдэн ч удаа дурлаж болно. Би дөнгөж сая ирж яваад автобусан дотор гоё хүүхэн харлаа. Тэр үед би таван минут хүчтэй дурласан гэж. Тэгэхээр дурлал, хайр хоёр бол өөр ойлголт юм л даа.

-Энэ хорвоо дээрх хүн бүхэн мөнх биш. Хэзээ нэгэн цагт нөгөө ертөнцөд очно. Нөгөө ертөнц рүү явж байтал бурхан тааралдаад танд чи насаараа ажил хийлээ, ямар азгүй хүн бэ гэж хэлэх байсан болов уу. Эсвэл чи насаараа ажил хийлээ ямар азтай хүн бэ гэх байсан болов уу. Та юу гэж бодож байна?

-Чи насаараа ажил хийлээ ямар азтай хүн бэ л гэх байсан байх. Яагаад гэвэл ажиллаж чадаж байна гэдэг чинь аз байхгүй юу. Эцэг, эх маань биднийг эрүүл, саруул төрүүлж, өсгөж өгсөнд баярлах хэрэгтэй. Тийм учраас би бусадтай адилхан ажиллаж, амьдарч, бүтээж байгаагаараа бол азтай л хүн. Амьдралын чинжүү мэт гашууныг мэдрэхгүй бол чихэр мэт амтыг мэдэрч чадахгүй гэдэгтэй адил ажиллахгүй л бол амьдралын амтыг мэдрэхгүй шүү дээ.

-Таны хамгийн романтик гэж боддог дурлалын түүх?

-Ханьтайгаа л их романтик байсан даа. Танилцаад удаагүй байхдаа эхнэрээ хүргэж өгөхөд  “Чи өөрөө одоо яаж харих юм” гэхээр нь унааны ямар ч мөнгөгүй юм байж би “Ингээд таксидаад харьчихна өө” гэж хэлээд цонх нь далд оронгуут цаашаа майжийтал алхчихдаг байж билээ.

-Ижил хүйстэн хүмүүсийг хараад та юу гэж боддог вэ?

-Энэ одоо үед бол ил  тод болжээ. Хаалттай нийгмийн үед бол ижил хүйстэн хүмүүс байсан. Хүн төрөлхтөн бий болсон цагаас л байсаар ирсэн. Хамгийн гол нь дээр үед ил гаргадаггүй, нийгмийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлнө гэж их  дарж, нууцалдаг байсан юм. Төрөлхийн, гень нь цаанаасаа тийм төрчихсөн хүнтэй бол яаж ч яриад хэрэггүй шүү дээ. Харин олдмол шинж чанаруудыг бол би буруушаана. Ижил хүйстэн хүмүүсийн асуудал энэ эрчээрээ  улам нээлттэй болох юм бол  хүн хар тамхи, мансууруулах бодисонд эхлээд сонирхож үзээд аажмаар донтдог шиг ийм хүмүүс улам нэмэгдэх болов уу гэж бодож байна. Хүн өөрөө хүн ёсоороо л амьдрах ёстой.

-Айл болгонд гэрэл зургийн цомог байдаг шүү дээ. Та гэрийнхээ гэрэл зургийн цомгийг хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?

-Яг дөрөв хоногийн өмнө үзсэн. Ажлынхаа өрөөнд номнуудаа янзалж байгаад халиад зургийн цомгоо янзлангаа үзсэн юм байна. Эхнэр маань альбом худалдаж авах их дуртай л даа. Байж байгаад нэгийг бариад орж ирж байгаа харагддаг юм. Альбомоо  тэр бүр үзээд байж чаддаггүй. Дөрөв хоногийн өмнө үзэхдээ бараг таван жилийн дараа үзсэн байх шүү.

-Та амласандаа хүрдэг үү?

-Амласан бол амлалтдаа хүрэхийг хичээдэг.

-Ирээдүйн Монгол орны хөгжил таныхаар хэдэн онд сайхан болсон байх бол оо?

-Би ямар мэргэч, төлгөч биш тэдэн онд тийм болно, ийм болно гэж хэлэх юм алга. Би нэг зүйлийг их хүсдэг юм. Ирээдүй болсон хүүхдүүдээ багаас нь эх оронч үзэлтэй болгох нь чухал байна гэж. Эх оронч үзлийг би түүхээс их төрнө гэж боддог. Яагаад гэвэл манай Монгол ямар ч улс, үндэстэнд байхгүй агуу түүхтэй орон юм.

Энэ түүхээс бидний өвөг дээдэс маань газар шороогоо хамгаалахын тулд халуун амь, бүлээн цусаа яах гэж золиослож байсан юм бэ, хойч үедээ л юмтай үлдээх гэж шүү дээ.Тэгсэн бид өнөөдөр өөрсдийн энэ газар нутаг дээр ямар хайр найргүй байгаа билээ. Энэ нь эх оронч үзэлгүйгээс болж байгаа юм. Тэгэхээр бид үр хойчоо багаас нь эх оронч үзэлтэй болгочих юм бол тэр мөчөөс, хүмүүсийн сэтгэл, зүрх зөв болсон цагаас Монголын сайн, сайхан хөгжил ирэх юм болов уу гэж бодож байна.

-Таны очих дуртай газар юу вэ?

-Архангай аймгийн Тэрхийн цагаан нууранд очих их дуртай. Гэр бүлээрээ зун болгон очдог.

-Гэр бүлээс гадуурх харьцаа таны бодлоор?

-Ёс суртахууны хувьд бол байж болшгүй асуудал. Энэ асуудлыг хүний өөрийн гоо зүйн таашаалтай холбож ойлгох хэрэгтэй юм. Бид өнөөдөр сайхан байгалийг хараад ямар гоё байгаль вэ гээд зүлгэн дээр нь хэвтээд, агаарыг нь “амталдагтай” адилхан өөр хэн нэгнийг хүсэмжлэх үе бас гардаг  юм байна л даа.

Амьдрал өөрөө баялаг учраас хэн ч таалагдаж болно. Гагцхүү хүн өөрөө сэтгэлээ л барьдаг байх хэрэгтэй. Хайр гэдэг бол үргэлж бие биеэ дүрэлзүүлж байх ёстой юм шиг байгаа юм. Хэрвээ хэн нэг нь галаа унтраачих юм бол гуравдагч этгээд гараад ирж байгаа юм болов уу. Тэр хүний хажууд миний хань төө илүү юм байна гэдэг сэтгэгдлийг төрүүлэхээр л хоёр талаасаа чармайвал гэр бүлийн бат бэх байдал үүсэх байх.

-Таныг нэг өдөр эмэгтэй хүн бол гэвэл эмэгтэй хүнийх нь хувьд юу хийж үзэх вэ?

-Эх хүний үрээ гэх сэтгэлийг би мэдрэхийг хүсч байна. Тэгчихвэл дараа нь миний ижийгээ, эхнэрээ хайрлах хайр улам их өөр болох болов уу гэж бодож байна.

-Та ямар баярт хамгийн дуртай вэ?

-Миний хамгийн дуртай баяр бол шинэ жил.

-Та эрэгтэй хүн байхын давуу талыг юу гэж боддог вэ?

-Эрэгтэй хүн байхын давуу тал бол бүгдийг өөрөө шийддэг байдал юм. Бүх шийдвэрийг гэрийн ноён нуруу эрэгтэй хүн гаргана. Миний сонгосон замаар манай амьдрал урагшилдаг учраас энэ нь эрэгтэй хүн байхын давуу зүйл нь болж байгаа байх.

-Таньд хамгийн олон жил өмссөн ямар хувцас байна?

-Арав гаруй жил өмсөж байгаа нэг нэхий дээл байдаг.

-Хэрвээ та Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бол юу хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Ерөнхийлөгч байсан бол би хамгийн түрүүнд ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг анхаарна. Гол нь хүн эрүүл л байх юм бол саруул ухаанаас сайхан зүйл гарна шүү дээ. Мөн боловсролын тал дээр нь илүү их анхаарч ажиллана. Дээрээс нь урлаг, соёлынхныг их дэмжинэ.

Яагаад гэвэл,  аливаа улс орны нүүр царай нь соёл, урлаг байдаг шүү дээ. Соёл, урлагийнхан бага хэмжээний цалинтай ч ард түмнийг баясгах, оюуны таашаал өгөх, ёс суртахуун, хүмүүжил олгох, гоо зүйн таашаал өгөхөд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм. Тэгэхээр энэ салбарт өндөр ач холбогдол өгч ажиллах байх.

Мэдээж спортод анхаарлаа хандуулна.  Түүнчлэн төрийн албан тушаалтны хүмүүжил, ёс суртахуун, үзэл бодол дээр нь анхаарна. Төрийн албан хаагчийг багаас нь бэлтгэж байх хэрэгтэй.  Энэ үнэхээр төрийн албан ажиллах чадвартай хүн үү гэдгийг мэдэрч сонгох ёстой. Гэтэл өнөөдөр дөнгөж их сургууль төгссөн, зангиа зүүсэн нэг нөхөр төрийн албанд ажиллах гээд, маргааш ажлаа авна гээд л явж байна. Тэр “баасаа” хийдэг юм. Чадахгүй шүү дээ.

-Та ямар ном унших дуртай вэ?

-Уран зохиолын номнууд л унших дуртай.

-Та болзсон цагтаа, болзсон газраа ирээгүй найзаа хамгийн дээд тал хэчнээн цаг хүлээж чадах вэ?
-Нэг цаг хүлээгээд ирэхгүй бол утасдаад яасныг нь асууна даа.

-Та интернетэд ороод хамгийн түрүүнд үздэг гурван сайтаа нэрлээч?

-Gogo.mn, Zindaa.mn, news.mn гэсэн сайт руу ихэвчлэн ордог.

-Та  шүүмжлэлийг яаж хүлээж авдаг вэ?

-Дуртай хүлээж авдаг. Янз бүр болоод, өрвөлзөөд  энэ тэр болоод байдаггүй. Авах гээхийн ухаанаар хандана шүү.

-Таны хувьд амьдралдаа хамгийн их ичиж байсан үе?

-Байдаг л байх. Яг одоо санаанд орж ирэхгүй байна. Хүн л юм болсон хойно эвгүй байдалд орж байсан үе бий бий.

-Дэлхийн ирээдүйн хөгжил таны нүдээр. Зөгнөлт кинон дээр гардаг шүү дээ, янз бүрээр л?

-Би ирээдүйд техник технологи тэгтлээ айхтар дэвшилттэй болохгүй байх гэж боддог. Хэрвээ энэ цэнхэр гаригийг долоон тэрбум иргэн өөрсдөө хүн гэдгээрээ үлдэнэ гэвэл эргээд энгийн байдал руугаа явах байх. Тэр утгаараа амьд байгаль руу тэмүүлсэн, түүгээрээ дутсан байдалд орчих вий л гэж боддог.

-Таныг алхаад явж байтал газар 100 төгрөг хэвтэж байвал та яах вэ?

-Авна.  Зүгээр л авчихна шүү дээ.

-Аав, ээжийн чинь хэлдэг байсан хамгийн сайхан үг юу вэ?

-Аав, өвөө хоёр маань хэлдэг байсан. Хол явж байгаа эр хүн хуцсан замын ноход болгон руу  чулуу шидэх хэрэггүй гэж.  Энэ үгийг л бодож явдаг.

-Та нар, сар хоёрын алинд нь илүү дуртай вэ?

-Хоёуланд нь дуртай. Хүннүгийн үеэс наран эхтэй, саран эцэгтэй гэж ярьдаг байсан. Өглөө наранд, орой саранд  залбирна гэж байгаа юм. Тэгэхээр аль алийг нь шүтэж явах хэрэгтэй.

-Та амьдралдаа тохиолдсон хэцүү үеэ хэрхэн даван туулсан бэ?

-Миний амьдралд хэцүү үе зөндөө байсан. Тэрийг хор шараар л даван туулсан.

-Улс төр гэдэг юу вэ?

-Удирдлагын тогтолцоо.

-Та үл үзэгдэгч байсан бол юу харахыг хүсч байна?

-Намайг хэн ч харахгүй бол Монголын маань эд баялгийг авчихсан том том компаниудын “хор найруулж” байгаа байдлыг л харах байсан.

-Бурхан тантай тааралдаад ганцхан хүслээ хэл гэвэл?

-Би ганц л юм хүснэ. Би хоёр охинтой. Миний хоёр охинд сайн хань заяагаасай л гэж хүснэ дээ.  Яагаад гэвэл, охин үр гэдэг аягүй хэцүү шүү дээ. Хүний хүн болчихно.  Хань нь нүд ам руу нь цохичихно, надад хэлэхгүй байна. Тэгэхээр хэцүү. Тийм болохоор миний хоёр охинд алт шиг хань заяагаасай гэж л хүснэ.

-Таны гар утасны дэлгэцэн дээр ямар зураг байдаг вэ?

-Ганцхан зураг л байдаг. Оскарын зураг. Энэ бол миний мөрөөдөл. Би Монголын театр, дэлгэцийн урлагийг дэлхийд гаргахыг хүсч явдаг.  Тийм учраас миний утсан дээр Оскар, Алтан бөмбөрцгийн зураг байдаг.

-Таны уурлахдаа гаргадаг зан?

-Уурлахаараа хүний хэлэхэд хэцүү байдлыг шууд хэлдэг.

-Таныг одоогийнхоо мэргэж­лийг соль гэвэл яах вэ?

-Би шууд улс төрд орно. Карьер хөөх гэж байгаа юм биш. Надад эх орноо гэх сэтгэл их байдаг. Монголынхоо ард түмнийг ядарч байгааг хараад өрөвддөг. Тийм болохоор монголчуудынхаа төлөө бага ч гэсэн юм хийхийн төлөө зүтгэх болов уу.

-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?

-Орос хэл.

-Таны яг одоо мөрөөдөж байгаа мөрөөдөл?

-Би үнэхээр сайн түүхэн кино хиймээр байна.  Тэр дундаа Хүннүгийн үеийн тухай. Би сая “Тэнгэрийн хүү” жүжгийг тавихын тулд зунжингаа судалгаа хийлээ, их  ч ном уншлаа. Археологийн хүрээлэнгийн Цэвээндорж гуайтай нийлээд арай л булш ухаад явчихсангүй. Бас нэг мөрөөдөл маань өөрийн гэсэн теартай болох. Хамгийн шилдэг уран бүтээлүүд тэнд тоглогддог, орчин нь сайхан. Тийм театртай болмоор байна.

-Таны өрсөлдөгч хэн бэ?

-Би өөрөө. Надад надаас өөр дайсан байхгүй. Би л өөрөө өөртэйгөө дайтна. Надад надаас өөр өрсөлдөгч байхгүй, өөрөө өөртэйгөө л өрсөлдөнө гэж боддог.

-Та хөгшрөөд, өвгөн болохоороо хаана амьдарна гэж боддог вэ?

-Би хөгшрөөд ирэхээрээ Булган руу, нутаг руугаа очиж амьдарна гэж боддог. Нутагтаа очоод нэг байшин бариад л сууна даа. Манай Хутаг-Өндөр суманд Сэлэнгэ мөрөн урсдаг, цаана нь манай аавын нэртэй Намнан хайрхан дүнхийж байна. Тэнд нэг ногоо тариад, хааяа нэг хүүхдүүд рүүгээ утасдаад, “ирээч” гэж хэлээд, ирэхээр нь бужигналдаж инээгээд сууж байх сайхан. Тэгж л амьдрахыг хүсдэг.

-Оройтсон ч гэсэн хамгийн их суралцахыг хүсч буй зүйл чинь юу вэ?

-Хүн насаараа л суралцдаг. Юунд илүү их суралцахыг хүсч байна вэ гэвэл удирдлагын тогтолцоог л сурч авах хэрэгтэй байна. Энэ бол их том шинжлэх ухаан.

-Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Ёстой тэмдэглэдэггүй. Нэг мэдэхэд л өнгөрчихсөн байна.  Манай найзууд “Пара хөгшөөн төрсөн өдөр чинь шүү дээ. Баяр хүргэе”  гэхээр нь нээрээ тийм гээд санадаг. Хүмүүс найзуудаа ресторанд суулгаад, дайлж цайлаад тэмдэглэх юм. Тэр нь ч гоё л доо. Харин би тэгж сураагүй болохоор тэгсхийгээд л өнгөрөөдөг.

-Та лото бөглөж байгаад 900 сая төгрөг хожлоо гэж бодъё. Юунд зарцуулах вэ?

-Сайхан л хэрэг байна. Ахуй амьдралдаа л зориулна даа.

-Таны хамгийн их аялах дуртай дуу?

-Тухайн үед гарч ирж байгаа дуу бүхнийг аялж л байдаг юм. Нэг дууг сонгоод аялаад байхгүй дээ?

-Мөнгө гэж таныхаар юу вэ?

-Хэрэгцээ.

Буулгасан Н.Пунцагболд
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баянхнонгор 2014-08-01 04:40:31
    эх орноо гэсэн сэтгэлтэйд чинь баярлаж байна тансаг харагдаж байна
    202.179.10.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Уугий 2014-07-24 06:36:44
    Хүндэлж хайрлаж явдаг шүү чамд болон танай гэр бүлд эрүүл энх сайн сайхан ажлын өндөр амжилт хүсье
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2014-07-24 06:25:09
    САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ, ЦЭВЭЭНДОРЖ ГУАЙ МУНДАГ ЭРДЭМТЭН, ДЭЛХИЙД ТАНИГДСАН. АКАДЕМИЧ БОЛООСОЙ. ТА ТЭР ХҮНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛ ИХ ЮМ ДУУЛНА
    202.170.68.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Hghg 2014-07-24 06:15:34
    иракци, ккк хэл мэдэхгүй бол амьтнаас асууж байгаад ядаж өөрөөс нь лавлаж байгаад буулгахгүй дээ, сэтгүүлч ухаантай амьтан минь ккк
    203.194.114.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2014-07-24 05:25:53
    Чам шиг мудак уу. Ёстой гах гах!
    112.72.13.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2014-07-24 05:15:58
    иракц гэж байдаггүй. Энэ үгийг оросоор реакция гэдэг юм. Ядахнаа реакц гэж бичвэл зүгээр болов уу
    218.186.17.247
    Мэдэгдсэн Хариулах