Хөрс судлалын анхны сурах бичгийг гаргав

Хөрс судлалын анхны сурах бичиг Монголд хэвлэгджээ.

“Хөрс гэж чухам юу болохыг мэдэхгүй хүмүүс “газар үнэтэй” гэж ярьдаг. Хөрс бол байгалийн цэвэрлэх байгууламж. Хөрсний чанар алдагдсан бол хортой бүхэн ус, агаарт гарч, улмаар хүнсний сагстай хамт хоолны ширээн дээр тухалдаг” гэж уг номын зохиогч доктор, профессор Д.Аваадорж хэлж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл гэж л ойлгодог байсан монголчууд экосистемээ бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөө хөрсний талаар бага боловч ярьдаг болсон нь сайшаалтай.

Үүнтэй холбоотойгоор барууны орнуудын санхүүжилттэй төсөл, судалгаа цөөнгүй хийсэн. Гэвч жирийн бидний төсөөлөө ч үгүй үй түм, сая живаа бичил биетийг өөртөө тээж, хэрж сүлжилдсэн олон үйл явцын огтлолцол болсон хөрсний мөн чанарыг мэдэхгүйгээр хамгаална гэж үгүй. Тэрхүү мөн чанар, тэнд болж буй үйл явцын учир начрыг олох хөтөч нь гарын авлага, товхимлын хэмжээнд л цөөхөн хэвлэгдэж байжээ.

Байгалийн шинжлэх ухаануудыг холбогч хөрс судлалын талаархи ойлголтыг монгол оюутан, судлаачид зөвхөн орос эх сурвалжаас олж хардаг байсан цаг саяхан. Сүүлийн үед эл чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотойгоор шинэ нэр томъёог хэрхэн ойлгож, хэрэглэх нь тус салбарын судлаач, сонирхогчдод бэрхшээл учруулах болж.

Тиймээс хичээлийн танхимд олон жил заасан сургалтын материал, хэрэглэгдэхүүнээ шинэ тутам баяжиж буй хөрс судлалын орчин үеийн чиг хандлагатай хослуулан харьцуулж энэхүү сурах бичгийг бүтээсэн байна.


МОНГОЛЫН МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.