Хил дээрх нүүрс тээврийн жолооч нарын амь насанд баталгаа алга
“Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс”, “Оюутолгой”-н орд газраас нүүрс, зэс гэх мэт ашигт малтмалыг тээвэрлэн БНХАУ-д хүргэдэг тээврийн жолооч нарын асуудлыг төр засаг анхаарах цаг нэгэнт болжээ. Орхигдсон ертөнц гэдэг шиг  тээврийн жолооч нар хил орчимд нэлээд хүндхэн  нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Уурхайгаас ачаа ачаад хилээр гарах хүртэл замын турш аюулгүй байдал гэх ойлголт байхгүй. Угаас  зам дагуу хараа хяналт ч гэж байхгүй. 

Ихэнхдээ  жолооч нар нойроо хүргэхгүйн тулд хүчтэй эм хэрэглэх зэргээр урт зам, урт дарааллыг туулдаг гэх мэдээлэл бий. Гэтэл үүн дээр нэмээд хилээр гарах гэж дугаарлахдаа архи хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо зодолдох, нэгнийхээ амь насанд хүрэх эрсдэл бий болсон талаар нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар ярих болжээ. 

Албаныхны санааг сүүлийн үед чилээж байгаа нэг асуудал бол Мими хэмээх мансууруулах төрлийн бодисыг тээврийн жолооч нар ихээр хэрэглэж, хилээр нуун оруулж ирж, зарж борлуулах болсон байна. Гэтэл энэ мими гэх бодис нь хүний биед маш муу сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. 

Түүнчлэн хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт  Ганц модны боомт орчимд  гурван жолооч амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал “Эрдэнэс тавантолгой”-н нүүрс тээвэрлэгч Хятадын “Винсэй” компанийн гүйцэтгэгч “Монфорд” компанийн жолооч зургаан залуу "Цагаан хад " боомт хүрэхээр явах замдаа гурав нь нас барж, хоёрынх нь биеийн байдал маш муу байна. Тэд Тавантолгойгоос 90 км-т орших цайны газарт хоол идэж , архи ууж гарсан гэнэ. Хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тэдэнд тавиад байсан. Гэвч урьдчилсан байдлаар амиа алдсан жолооч нарыг үл мэдэгдэх шингэнд хордсон хэмээн оношлоод байна. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийнхан  уг хэргийг шалгаж байна.

Таван толгойн нүүрсний замд ослоор жилдээ 10 орчим залуу нөгөө ертөнцөд очиж, түүнээс олон залуус эрэмдэг болж байгаа тухай тоо баримт байдаг. Харин тэдний эрүүл мэнд, амь насыг анхаарч авч үзэж байгаа хүн алга. Тэнд зохицуулалт хийх эрхзүйн орчин ч дутмаг байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Хятад компанийн эзэд Монгол жолооч нарыг зодож, биед нь хүнд гэмтэл бэртэл учруулдаг байна. Гэсэн ч эргээд хуулийн хариуцлага хүлээдэг нэг ч хүн байдаггүй аж. Өөрөөр хэлбэл хил дээр нүүрс тээвэрлэж буй жолооч нарын  амьдрал туйлын бүрхэг, амь нас эрүүл мэндэд нь ямар ч баталгаа байхгүй байна.

Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж буй. Өнгөрсөн оны аравдугаар сард 45 аж ахуйн нэгж буюу ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй ажиллаж байв. Тэгэхээр 2000 гаруй нь зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэсэн үг.Үүнээс үүдэж тухайн чиглэлд машины бөглөө түгжрэл үүсгэх, жолооч нар олон хоног тээврийн замд хонох, эрүүл мэндээрээ хохирох, урт дугаарлалт, хүлээгдэл үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Тиймээс ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэлд, жолооч нарт, албан байгууллагад зохих шаардлагыг хангуулж ажиллах шаардлага бий болж байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • РЖД 2017-03-16 16:30:42
    Үүнээс ч хүнд нөхцөл байдалтай10 орчим жил болсон байхад өнөөдөр мэдэж байгаа мэт байх юм. Нүүрсний тээвэрт МАНАН ийн олон олигарх идэвхтэй оролцоотой.
  • Батаа 2017-03-16 04:17:15
    Төр гэж байдаг бол өмнөөс нь харуусах юм ачаа байна тэгээд төмөр замаа яагаад тавихгүй байна байна чадахгүй бол хятадуудад зөвшөөрөл олгооч дээ тэгээд л боллоо ...