Селен дутагдвал хөгшрөлт эрт явагддаг

-Эрдэс бодис хүний бие организмд гүйцэтгэх үүрэг-

Эрдэс бодис нь хоол хүнсний органик бус найрлагын хэсэг бөгөөд бие махбодийн өсөлт болон бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эрдэс бодисыг бие махбодид агуулагдах хэмжээгээр нь макро эрдэс ( биеийн жингийн 0,005%), түүнээс бага агууламжтайг нь микро эрдэс гэж ангилна. Макро эрдэс бодисуудад кальци, фосфор, кали, натри, магни орно. Микро эрдэс бодисуудад зэс, төмөр, иод, манган, цайр, молибден, селен хром, фтор орно.
 

 


НАТРИ БА КАЛИ


Натри, кали нь биед усны агууламжийг зохицуулж, булчингийн ажил болон олон төрлийн бодисын солилцоонд оролцдог. Кали нь мэдрэлийн болон булчингийн ажилд оролцож, уургийн ба нүүрс усны бодисын солилцоог идэвхижүүлнэ. Суулгалт өвчний үед натри, кали их алдагдах учир натри, калиар баялаг хоол, шингэн уух хэрэгтэй ба шингэн алдсан хүүхдэд давстай ус “хоросол” өгдөг.
 

КАЛЬЦИ


Кальци нь яс болон шүдний чухал материал болдог. Кальци нь хүний биед хамгийн их байдаг эрдэс бодис юм. Биеийн жингийн 1.5% нь кальц байдаг, үүний 90% нь шүд ясанд оршдог. Кальци фосфортой харилцан үйлчилж яс шүдний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн булчингийн хүчдэл, цус бүлэгнэлт, зүрхний хэмийг зохицуулахад оролцох ба олон даавар, ферментийн зохицуулагч болдог. Хүн бүхэнд өдөр тутам кальц хэрэгтэй. Учир нь ясны эд эсүүд үргэлж элэгдэн хаягдаж, шинэчлэгдэн нөхөгдөх хэрэгтэй болдог. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүүхэддээ шинэ ясны эс бий болгох, хөхний сүү боловсруулах зэрэгт кальц илүү их хэрэгтэй болно.

Бие махбодод кальци дутагдахнь яс кальциар хомсдож яс хэврэгших, шүдний ургалт муудах, цусны бүлэгнэлт муудах, хүчил шүлтийн тэнцвэр алдагдах зэрэг шинж илэрнэ.
 

ФОСФОР


Мэдрэл, тархины эд, булчин, элэг, бөөр, яс, шүд үүсэх зэрэг үйл ажиллагаанд оролцоно. Фосфор нь биеийн өсөлт бойжилтыг түргэсгэнэ. Өөх тос, уургийн солилцоог зохицуулж бие организмыг сайжруулна. Зүрхний булчин, төв мэдрэлийн системд чухал нөлөөтэйгээс гадна уургийн нийлэгжилт, дархлааг зохицуулна.Фосфор дутагдахад яс шархирч өвдөх, бие сулрах, амьсгал доголдох, цочимтгой болох, анхаарал муудах зэрэг шинж илэрдэг.


МАГНИ


Биед агуулагдах хэмжээгээрээ магни нь кальци, фосфорын дараа ордог. Эсийн доторх орчны гол бүтээгдэхүүн нь болдог. Магни нь завсрын солилцоонд оролцож олон ферментийг идэвхижүүлэхэд нөлөөлнө. Тархины үйл ажиллагаа болон цусан дахь сахарын хэмжээг тохируулахаас гадна цусны даралтыг бууруулна. Зүрх, судасны хэвийн байдлыг хянаж, зүрхний өвчнөөс сэргийлнэ. 

Магни дутагдахад бие чичрэх, цусан дахь сахарын хэмжээ хэт багасна, сэтгэл санаа тогтворгүй болох булчин сульдах, зүрхний хэм алдагдах зэрэг шинж илэрдэг.
 

ТӨМӨР


Төмөр нь цусанд хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй. Цусны улаан эс болон гемоглобин үүсгэгч гол хүчин зүйл бөгөөд В бүлгийн амин дэмийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ, цус төлжүүлнэ.

Төмөр дутагдахад амархан ядарч, арьс өнгөө алдах, хумс хугарах, хэв нь өөрчлөгдөх, төмөр дутлаас үүдэлтэй цус багадах, ходоодны хүчил багадаж, хоолонд дургуй болох зэрэг шинж илэрдэг.
 

ИОД


Иод нь бамбай булчирхайн даавар триоксинийг үүсгэх, идэвхжүүлэхэд гол үүрэгтэй. Хүний биед 15-25мг иод агуулдагддаг бол 2/3 нь бамбай булчирхайд оршдог. Иод нь эд эсийг хүчилтөрөгчөөр хангах ба илүүдэл өөх тосыг зохицуулж, жинг бууруулна. Үс, хумс, арьсны нөхөн төлжилт, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн өсөлт, нөхөн үржихүй, мэдрэл, булчингийн үйл ажиллагаанд оролцдог.

Иод дутагдахад сэтгэл санаа тогтворгүй болох, таргалах, бие сульдах, оюуны чадвар буурах, бамбай булчирхай томрох, бамбай булчирхайн үйл ажиллагаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
 

ФТОР


Фтор яс шүдний бэхжилтийг сайжруулдаг. Фтор нь амны хөндийн бактерийг дарангуйлж , чихэрлэг зүйлийн үлдэгдлийг саармагжуулж, шүдийг хорхойтох өвчнөөс сэргийлдэг. Ясны бэхжилтийг сайжруулж, яс сийрэгжихээс сэргийлнэ.

Фтор дутагдахад шүд цоорох, яс сийрэгжих, ясны хэвийн өсөлт саарах, ясны бат бэх чанар алдагдах шинж илэрдэг.

 


ЦАЙР


Цайр нь олонх ферментийн бүрэлдэхүүнд оролцож түүний идэвхит нөлөөлнө. Эсийн задрах, үржих, нөхөн төлжихөд оролцоно. Харааг сайжруулах үүрэгтэй, нүдний торлогт цайр зохих хэмжээтэй байдаг. Хүүхэд , насанд хүрэгчдийн дархлааны тогтолцоонд нөлөөлж биеийн халдвар эсэргүүцэх, шарх эдгээх чадварыг сайжруулна.

Цайр дутагдахад судас хатуурах, цус багадалт зэрэг шинж илэрдэг.
 

СЕЛЕН


Селен нь хөгшрөлтийг сааруулж, биеийн дархлааг сэргээж, хавдрын эсрэг тэмцэгч чухал микро эрдэс бодис юм. Мөн цэвэршилтийн үед сэтгэл санааг тогтвортой байлгахад тустай. Е амин дэмтэй харилцан үйлчилснээр бие организмын исэлдэлтийн эсрэг үйл явцыг сайжруулж хөгшрөлтийг сааруулна.

Селен дутагдахад хөгшрөлт эрт явагдах, зүрхний булчингийн үйл ажиллагаа саарах, дархлаа суларч, шархны эдгэрэлт удаашрах шинж илэрдэг.


Эх сурвалж: НЭМҮТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.