Жеки Чан: Би чинь даатгалын компаниудын хар жагсаалтад орсон хүн шүү дээ

2017 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр ойлгомжгүй олон зүйл болсон юм. Түүний нэг жишээ нь баримлыг нэг нэр дэвшигчид өгнө гэснээ өөр хүнд гардуулсан тохиолдол гарсан бипээ. Харин нэг “Оскар”-ын эзэн нь шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас ч өмнө ил байсан. Тэр бол жүжигчин Жеки Чан. “Кино урлагт оруулсан хувь нэмэр”-ийнхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн домогт жүжигчинтэй Оросын телевиз, радиогийн Хөтлөгч, жүжигчин Иван Ургант ярилцсаныг орчуулан хүргэж байна.


 
И.У: -Та ингэхэд хэчнээн ч кинонд тоглов доо, итгэхэд хэцүү юм. Бас хэчнээн ч жилийг кино урлагт өнгөрүүлэв дээ?
 
Ж.Ч: -Чи хэдтэй билээ?
 
И.У (зальтайгаар): -23.
 
Ж.Ч: -23 аа? Тэгвэл би 32-той. Намайг хэдэн кинонд тоглосныг бүгд мэдэх байх аа. Би кино үйлдвэрлэлд 55 жил ажиллаж байна. Үүнд хүүхэд үе ч орно. Найруулагчийн, жүжигчний, продюсерийн бүх ажил багтана. Нийт 200 кинонд оролцсон гэж санагдаж байна.
 
И.У: -Та хүмүүст нүүр хувиргаж, бас талбай дээр гэрэл тохируулж чадах уу?

 
Ж.Ч: -Чадна. Бүгд боломжтой. Залуу байхдаа би орлон тоглогчоор ажилладаг байлаа. Хэтэрхий жаахан, 16 настай байсан. Яг л том залуу шиг биеэ авч явах ёстой байв. Гэвч тэгж чаддаггүй байлаа. Би чинь хүүхэд шиг царайтай байсан. Гэтэл ийм царайтай алуурчин гэж байх уу. Бид одоо ийм юм хийнэ ээ, маргааш тэгнэ, тэгээд дараа нь яана. Ингээд л нүүр хувиргана шүү дээ. Би найруулагчид таалагдахын тулд тусгай нүүр будалт хийдэг байсан.
 
И.У: -50 жилийн хугацаанд боевик буюу тулаантай кинонууд хэрхэн өөрчлөгдсөн бэ. Би таны ачаар л экшен кинонуудыг үзэж эхэлсэн шүү дээ. Бид таны буянаар ийм кинотой л өсөж том болцгоосон. Мэдээж өдгөө бүх зүйл өөрчлөгдсөн байх. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
 
Ж.Ч: -Маш том, маш том, бүр маш том өөрчлөлтүүд гарсан. Намайг залуу байхад бид яг л ийм тулаантай кинонд тоглодог байсан (гараараа дадмаг гэгч нь шарвалзуулав). Тийм, тийм, тийм. Дараа нь бүргэдийн сүүдэр болж хувирсан шүү дээ. Заримдаа би үүнийг хараад “Энэ нэг гар яачихав аа. Хаашаа алга болчихов. Харин энэ гар яав” гээд л өөрөөсөө асуудаг. Үргэлж л нэг гараараа татвалзан хөдлөх юм. Харин дараа илуү загварлаг хувилбарт шилжсэн.
 
Тэгвэл одоо тулаантай кино нь тусгай эффектүүдийн жинхэнэ тулаан болон хувирлаа. Алгуурхан, бүр алгуурхан гээч. Америкт одоо тусгай эффектүүдийг илүү их ашиглаж байна.
 
И.У: -Танд орлон тоглогч гэж бараг байдаггүй. Хийж буй бүх үйлдлээ өөрөө л хийдэг шүү дээ. Эндээс нэг асуулт гарч ирж байна. Таны эрүүл мэндийн нэг жилийн даатгал хэд байдаг вэ?
 
Ж.Ч: -Үгүй дээ, хэд ч байхгүй. Жеки Чан бол дэлхий даяар даатгалын компаниудын хар жагсаалтад байдаг хүн. Эхлээд Жеки Чан, дараа нь Жесси (Жеки Чаны хүү). Бид хар жагсаалтад байдаг.


 
И.У: -Даатгалын бүх компанийн хар жагсаалтад байдаг гэнэ ээ. Та хэчнээн бэртэл гэмтэл авч байсан бэ?

Ж.Ч: -Тийм ч их биш ээ. Гавлаа нэг удаа, хамраа гурван удаа. Нэг шүд байхгүй. Эндээ гүн зүсүүлж, тэндээ, бас тэр хэсэгтээ ч зүсэгдэж байсан. Тэнд цохиулж, энд хугалж, бас энэ ч хугарч байсан. Шалбархай, ан цав, шалбархай, зүсэлт. Хугарал, хугарал, шалбархай... Ийм л байна даа.

И.У: -Цаг агаар муудахыг хэд хоногийн өмнөөс мэдэрдэг вэ?  
 
Ж.Ч: -Нэг юм өвдөж байвал нар гарна гэсэн үг. Хоёулаа өвдөж байвал бороо орно. Бүгдээрээ өвдвөл цас орох нь гэж ойлгоно. Хамгийн тэнэг нь би үүнд огт итгэдэггүй юм.
 
И.У: -“Бурхны зэвсэг” шинэ киноныхоо талаар яриач. Эхний хоёр киногоор л би өссөн дөө. Ээж маань 162 см, аав маань 163 см. Харин би таны киногоор л өссөн. Миний ийм өндөр байгаа нь олон хүнтэй видео салоны хамгийн арын эгнээнд зогсож, таны киног үзсэний ач. Харин яагаад гэнэт энэ киногоо үргэлжлүүлэхээр болов. Хамгийн сүүлийн ангийг нь 1992 онд хийсэн шүү дээ?
 
Ж.Ч: -Үйл явдал зогссоноос болсон. Амьдрал маш богинохон. Тэгээд би үзэгчдэд өөрийгөө жүжигчин гэдгээ дамжуулах гэсэн юм. Би тулааны ямар нэгэн баатар биш. Би Азийн Роберт де Ниро болохыг хүссэн. Би өөрийнхөө дүрийг сүүлийн хэдэн жилд өөрчлөхийг оролдож байсан. Тийм болохоор “Каратэ хүү” кинон дээрээ ч өвгөний дүрд тоглосон шүү дээ. Харин одоо хятад олон ангит кинонд тоглож байна. Тиймээс би эргэн ирж, та нарт үзүүлээд өгнө. Би чамаас ах ч чамаас илүү хурдан. Үнэхээр тийм шүү.
 
И.У: -Үнэхээр тийм дээ. Үүнийг шалгах гэсний ч хэрэггүй, гуйж байна. Ингэхэд киноны зургийг авсан уу. Орчин үеийн технологиудыг ашигласан уу. Киноны зургийг хаана авсан бэ?
 
Ж.Ч: -Үнэнийг хэлэхэд үзэгчид Хүн аалз, эсвэл Бэтмен шиг харагддаг Жеки Чаныг үзэхийг хүсэхгүй. Эсвэл цэнхэр хөлтэй, морины сүүлтэй ч юм уу. Жишээ нь чи, эсвэл тэр Хүн аалз болж болно. Харин би тэгэхийг хүсэхгүй байна. Жеки Чан болж чадах хүн маш цөөн. Тиймээс би жинхэнэ юм бүтээхийг хүссэн. Ямар ч тусгай эффектгүй, яг л өмнө нь миний хийж байсан шиг. Хэрвээ би цохиж байвал цохилоо, өшиглөж байвал өшиглөлөө л гэсэн үг.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.