Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна

Түрүүч нь Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна

“ЭБЭ” компани Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт Туул голын урсац бүрэлдэх эх дээр 887 шоо метр мод бэлтгэх гэрээг өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд байгуулжээ. Гэхдээ энэ бол эхний ээлжийн ажил гүйцэтгэх гэрээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт 240 га талбайгаас 6,000 шоо метр мод бэлтгэхээр тогтоосон. Тэгэхээр тус компани үргэлжлүүлэн мод бэлтгэх эрхтэй гэсэн үг аж.
 

ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС УЛСАД ХЭР ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ОРДОГ ВЭ?

 

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 307 дугаар тогтоолыг Засгийн газар 2014 онд баталжээ. Уг тогтоолоор бүх төрлийн моддын үнэлгээг шоо метрээр нь тогтоосон байх юм. Хуш мод тээврийн зай, цэвэрлэгээний бүсээс хамаарч хэрэглээний модны хувьд 7,125-18,000 төгрөгийн үнэлгээтэй юм байна. Харин түлээ болгож бэлтгэх бол нэг шоо метр нь 1,710-6,000 төгрөг.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас бэлтгэж буй модны хэрэглээний зориулалтаар ашиглаж байгаа юм. Албаны хүмүүсээс байгалийн нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцсон талаар тодруулав. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад “Хуш мод нэг шоо метр тутамд 17-20 гаруй мянган төгрөг. Улсын болон орон нутгийн төсөвт нийт 20 орчим сая төгрөг орох ёстой.

“ЭБЭ" компани журмаараа урьдчилж тодорхой хэмжээний төлбөрөө төлсөн. Ажил дууссаны дараа үлдсэн төлбөрөө тушаана” гэж байна. Засгийн газрын 307 тогтоолоор бол “ЭБЭ” компани дунджаар 6.3 сая төгрөг болохоор харагдаж байна. Тэгвэл “ ЭБЭ ” компанийн захирал Ц.Эрдэнэсүх ийм тайлбар өглөө. Тэрбээр “887 шоо метр модны нөөц ашигласны төлбөрт дөрвөн сая гаруй төгрөгийг тушаасан. 

Түүний 60 хувь нь орон нутаг, 40 хувь нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын төсөвт ордог юм билээ” гэсэн юм. Түүний хэлснээр Эрдэнэ суманд төлбөрийн 60 хувь орно гэдэг нь зөв.

Эрдэнэ сумын Засаг дарга Н.Мөнхсайхан энэ тухай баталсан ч одоог хүртэл байгалийн нөөц ашигласны төлбөр сумын төсөвт шилжээгүй байгааг онцолсон юм. Тэрбээр бас орон нутгийн төсөвт гурван сая гаруй төгрөг тушаагдах ёстойг хэлсэн. Эдгээр, эх сурвалжуудын мэдээллээс харахад Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас бэлтгэсэн 887 шоо метр хуш модны төлбөрт дөрвөн сан гаруй төгрөг тушаах ёстой гэсэн компанийн захирлын тайлбар үнэнд дөхөж байна. Тэгвэл ойгоос бэлтгэсэн модноос компани хэр ашиг олдог вэ?


НЭГ МАШИН МОДНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ 1-3 САЯ ТӨГРӨГ


“ЭБЭ” компанийн захирлын ярьснаар бэлтгэсэн модоо зах зээлд гаргадаг гэсэн юм. Өөрөөр хэлбэл, модны томоохон захуудад орон нутгаас бэлтгэсэн мод худалдаалагддаг. Энэ талаар тодруулахаар “Цайз” модны захыг зорьсон юм. Тус захын захиргаанд аль аймгаас, хэдний өдөр мод оруулж ирсэн тэмдэглэгээ байдаг аж. “ЭБЭ” компанийн хувьд Төв аймгийн Эрдэнэ сумаас нэгдүгээр сарын 13-наас эхэлж цөөхөн тээвэр хийжээ. Тээвэрлэж ирсэн модыг хэрхэн үнэлж авдаг талаар наймаачдаас тодруулахад голдуу шоо метрээр тооцоод машинаар нь үнэлдэг гэнэ.

Нэг машинд 15-20 шоо метр, бүр том машин бол 45 шоо метр мод багтана. Гэхдээ 45 шоо метрээр ачсан мод цөөхөн орж ирдэг гэж худалдаачид хэлж байна. Хэрэглээнийх учраас палкаас арай хямд. Шоо метрээс нь шалтгаалж нэг машин хуш модыг 1 -3 сая төгрөгөөр худалдан авдаг гэж байна. Тэгвэл 887 шоо метр модыг ойгоос бэлдэж ирээд зах зээлд гаргахад дунджаар 60 гаруй сая төгрөгийн ашиг олдог гэж тооцогдохоор байгаа юм.

Байгалийн нөөцийг зургаан сая хүрэхгүй төгрөгөөр худалдаж авчихаад 60 саяар зардаг тогтолцоо хэр шударга вэ. Компанийн хувьд ашгийн зорилготой учраас тэднийг буруутгах аргагүй. Харин ийм боломжийг олгож буй төрийн гаргасан шийдвэр, баталсан тогтоол нь цаг үеэ хэрхэн мэдэрч байгааг л харуулж байна.


П.Магсаржав: ТУУЛЫН ЭХНЭЭС МОД БЭЛТГЭХ БИТГИЙ ХЭЛ 1,000 ГА ГАЗРЫГ ОЙЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ


Голын урсац бүрэлдэх эх дээр уул уурхай, байгаль орчны ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглодог хуультай. Гэтэл Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг Туул голын урсац бүрэлдэх эх дээр мод бэлтгэхийг зөвшөөрсөн явдал байгаль орчин, усны мэргэжилтнүүдийг бухимдуулахад хүргээд байна. Угаас ой мод гол усыг тэжээдэг, тэтгэдэг болохыг найман настай балчраас наян настай буурал ч хэлээд өгнө.

Хатан Туулаа хамгаалъя гэж олон жил хашхирч дуулсан ард түмэн, тэдний төлөөлөл болсон төр засаг Туул голынхоо тархин дээрээс нь мод огтлохыг яагаад зөвшөөрөх болов. Туулын эхэнд мод бэлтгэл явуулах нь ямар нөлөөлөл үзүүлж болохыг Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн П.Магсаржаваас тодруулсан юм. Сурвалжлагын явцад ойн цэвэрлэгээний тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан “Хуурай модыг огтлох нь ойн түймэр, хортон шавьжнаас хамгаалах гол хэрэгсэл" гэж тайлбарлаж буй.

Тэгвэл усны мэргэжилтний ярьснаар ямар ч мод xvypa й ч бай, нойтон ч бай гол, усыг бүрэлдүүлэх ач холбогдол нь хэзээ ч буурдаггүй гэсэн нь анхаарал татав. Энэ тухай Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн П.Магсаржав “Голын урсац бүрэлдэх эх болон голын ай сав газраас модыг их хэмжээгээр бэлтгэх нь маш аюултай. Нэгдүгээрт, мэдээж экосистемд, хоёрдугаарт амьтдын амьдрах орчинд хохирол учруулна. Гуравдугаарт, усны нөөц хомсдоход нөлөөлдөг.

Монгол орны хувьд голын урсац газрын доорх цэвдгээс тэжээл авдаг. Модыг их хэмжээгээр огтолсноос болоод өндөр уулын хэсэгт байгаа цэвдэг нарны шууд тусгалыг хүлээж авснаар маш эрчимтэй хайлах нөхцөл бүрддэг. Голыг тэжээдэг цэвдэг богино хугацаанд хайлж алга болсноос голын тэжээл, голын усны хомсдолд сөрөг нөлөө үзүүлнэ. Ялангуяа Монгол Улсын хүн амын нэг сая гаруй хүн амын ундны усыг бүрдүүлдэг Туул голын эхэнд мод огтолно гэдэг боломжгүй.

Социализмын үед Туул голын эхээс их хэмжээний мод бэлтгэсэн түүх байдаг. Энэ нь Туул голын ай савд сөргөөр нөлөөсөн талаар судалгаа, шинжилгээний материалууд маш олон бий. Туулын эхнээс мод бэлтгэх битгий хэл 1,000 га газрыг ойжуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байдаг” гэлээ. Ой мод гол усанд ямар их нөлөөтэй, ямар харилцан шүтэлцээтэйг бусад ойн мэргэжилтнүүд ч онцолж байсан юм. 700 гаруй км үргэлжлэн улаанбаатарчуудаар зогсохгүй таван аймгийн 37 сумын хүн, малыг ундаалдаг Туул голынхоо тархин дээр цахилгаан хөрөө тачигнуулан ой молыг нь сүйтгэж байгааг олон нийт ч буруушааж байлаа.

Ямартаа ч олон арван жил байгаль орчныг хөгжлийг тодорхойлж, боловсруулж байна гэх нэрийдлээр төр засаг байгаль орчныхоо эсрэг ажилласаар ирснийг өнөөдрийн бидний эргэн тойрон дахь ус, хөрс, агаарын бохирдол, хомсдол, сүйрэл бэлэхнээ харуулж буй.

Ер нь гол мөрний урсцыг бүрэлдүүлдэг ой, модыг цэвэрлэгээ нэрээр огтолж сүйтгэх нь хэр зохистой явдал вэ. Энэ тухайд байгаль орчны мэргэжилтнүүд хоёр талцсан байр суурьтай байдаг нь сурвалжлагын явцад тодорхой байлаа. Тэгвэл манай улсад ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай юу. Ер нь ойн цэвэрлэгээ гэж юу вэ?

Монгол орны ойн сангийн нөөц өнөөгийн байдлаар 1.2 тэрбум. Үүнээс хамгийн их хувийг шинэс мод эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум гаруй нь шинэс мод байдаг бол хуш модны ойн сангийн нөөц нь 120 мянга. Монгол орны нийт газар нутагтай харьцуулахад ойн сан 12 хувийг л эзэлдэг. Түүнээс ойрхог чанар гэвэл дөнгөж 7.8 хувь болохыг Ойн судалгааны хөгжлийн товийн мэргэжилтэн Б.Алтансүх ярилаа. Монгол орны ой мод сүүлийн жилүүдэд ихээр сүйдэж нөөц нь багассаар байгааг дээр дооргүй л ярьдаг. Түүний илрэл бол гол, мөрөн, булаг, шанд жилд хэдэн зуугаараа ширгэж байгаа явдал. Харин манай албаны хүмүүс ойн нөөц багассан шалтгааныг түймэр, хортон шавьжтай л холбон тайлбарлаж байна. Түймэр, хортон шавьжнаас хамгаалах гол хэрэгсэл нь ойн цэвэрлэгээнээс өөр ямар ч гарцгүй хэмээн толгой сэгсрэн сууцгааж байна. 


“МОНГОЛЫН СИЙРЭГ ОЙД ЦЭВЭРЛЭГЭЭ ШААРДЛАГАГҮЙ"

 

Ойн тухай хуулийн 3.1.15-д ойн цэвэрлэгээ гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэлнэ гэж заажээ. Хуулийн энэхүү заалтыг уншсан хэнбугайд ч зөвхөн унасан хуурай модыг цэвэрлэнэ гэж ойлгогдохоор байна. Түүнчлэн дээрх заалтаар ой дахь түймэрт өртсөн, хөнөөлт шавьж, өвчин нэрвэгдсэн, амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, түүний гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбай гээд газарт хог болсон бүхий хэлбэрийн модыг цэвэрлэх ёстой гэж заачихаж.

"Харамсалтай нь энэ хуулийг хэрэгжүүлж, хууль сахиулж байгаа хүмүүс ургаа хуурай модыг огтлох тухай л ярьж, хэлцгээж байна. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт ч зөвхөн ургаа модыг л тайрч бэлтгэж байсан билээ. Харин унасан, шатсан, шавьжинд идэгдсэн модод, гишүү, мөчрүүдийг цэвэрлэх битгий хэл унагаасан ургаа моддынхоо гишүү, мөчрийг тайраад улам хог болгон хаяж буй дүр зураг л биднийг угтсан.

Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Р.Ганбат тайлбарлахдаа “2013, 2014 онд Монгол Улсын хэмжээнд хойд талын шилмүүст бүхий ойд олон олон зорилтот ойн тооллого хийсэн. Үүний үр дүнд 430 сая шоо метр унасан хатсан гарсан модны нөөц байна гэж гарсан. Тиймээс Монгол орны ойн төлөв байдлын хувьд маш их доройтсон, цэвэрлэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан.

Энэ их хатсан, унасан мод ой дотроо байх нь ойн түймэр гарна. Ойн хортон шавьж өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ. Одоо мөрдөж байгаа стандартаар хортон шавьж болон түүний улмаас ургах чадваргүй болсон модны 40 хувийг авдаг. Үлдсэн 60 хувь нь байгалийнхаа үржил шимийг хангаж хөрсөндөө шингэдэг. Эдийн засгийн хувьд ч хатсан унасан модоо ашиглавал маш их баялаг байгаль дээр байна. Өмхөрсөн модыг хэн ч авахгүй. Бүрэн цэвэрлэгээ хийе гэхэд боловсруулж хэрэглэдэг үйлдвэр манайд байхгүй” гэсэн юм. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын албаны дарга Б.Хашмаргад ч ийм тайлбарыг өгч байлаа.

Харин бусад ойн мэргэжилтэн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд өөр тайлбар хэлж байна. Тэд "‘Ойн цэвэрлэгээг нарны тусгал орох боломжгүй шигүү ойд хийдэг. Манайх шиг сийрэг ойтой оронд ойн.цэвэрлэгээ шаардлагагүй. Түймэрт өртсөн, шавьжинд идэгдсэн, үхэжсэн модод эргээд хөрсөндөө шингэж шавьж амьтдын өсөх үржил болдог. Дараагийн модод ургах бордоо тэжээл нь болдог” гэж байна. Түүгээр ч зогсохгүй зөвхөн дотооддоо ч бус, гадаадын энэ чиглэлийн мэргэжилтэн, судлаачид манай орон дахь ойн цэвэрлэгээ гэх менежментийг илтэд буруушаадаг ажээ. Тэд бас л дээрх тайлбарыг хэлж “Ойг цэвэрлэж ургуулна гэдэг буруу менежмент" хэмээдэг ажээ. 


НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАЙРЛАХ ХАТАН ГОЛЫНХОО ТОЛГОЙНООС НЬ ЭХЭЛЖ ЦӨЛМӨХ ЯМАР ЦАГ ҮЕ ВЭ?

 

Үнэндээ манай оронд ойг хамгаалах нэрийн дор бизнесийн сонирхол илтэд бий болсныг энэ салбарынхан хүлээн зөвшөөрч байна. Ганц компани 1,000 хүрэхгүй шоо метр мод бэлтгээд л олж байгаа ашиг, түүнээс улсад төлж байгаа татварын хэмжээ тэнгэр газар мэт байгаагаас бизнес байхаас аргагүй нөхцөлийг бүрдүүлээд өгчихөж байна. Ойн салбарын гол зохицуулагч Ойн тухай хуульд гэхэд жил бүр нэмэлт өөрчлөлт орсоор бизнесийн хууль болж гүйцсэнийг ч хэлэх хүн олон байв. Тэгээд ч тусгай хамгаалалттай газар нутаг тусгай хамгаалалтын дор байх ёстойгоос биш ашиг олох бизнесийн арга хэрэгсэл хэзээ ч болгож болохгүй. Өнөөдөр ойн цэвэрлэгээ нэрээр сайдын тушаал барьсан нэг нөхөр тусгай хамгаалалттай газар руу гутлын мөр гаргахад л маргааш нь модны хулгайчдын цуваа үргэлжилдэг гашуун сургамжтайг орон нутгийнхан хэлж байлаа.

Ерөөс Туул гол монголчуудад, улаанбаатарчуудад ямар ач холбогдолтойг захын нэгэн хэлээд өгнө. Нүдний цөцгий мэт хайрлах хатан голынхоо толгойноос нь эхэлж цөлмөх ямар цаг үе вэ, өнөөдөр?

Зууны мэдээ
Б.Энхзаяа


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-20 09:17:21
    Oyunhorol said yu bodoj bainaa
  • ОЮУНХОРОЛЫН БИЗНЕС УХААААААААААААН ГЭЖ.. 2017-03-20 08:12:20
    МАНАЙ САЙД ДАРГА НАР БИЗНЕСТЭЭ САЙН ШҮҮ. УЛСЫНХАА ТӨЛӨӨ ИНГЭЖ ЗҮРХ НЬ, ТАРХИ НЬ АЖИЛЛАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ, УГ НЬ.
  • Зочин 2017-03-20 08:02:47
    ХЭН ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨД БАЙГАА ЮМ БЭ, уСГҮЙ БОЛЖ АМАРАХ НЬ УУ