Грекчүүд өв залгамжлалаасаа татгалзсаар байх уу

-Өндөр татвараас болж Грекчүүд үл хөдлөх хөрөнгөөсөө татгалзсаар байгаа аж-


Татварын хэмжээ өндөр байгаагаас болж грекчүүд өв залгамжлалаасаа бөөн бөөнөөрөө татгалзаж байна. Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн 55 мянган объект төрд шилжжээ. Засгийн газар ирэх оноос татварын дарамтыг бууруулах боломжийг хэлэлцэх магадлалтай байна.

Өнгөрсөн онд Грекийн ДНБ 25 хувиар буурч, ажилгүйдлийн түвшин энэ хэмжээнд хүрсэн ч грекчүүдийн үл хөдлөх хөрөнгийн татварт өгсөн төлбөр 2009 оны түвшнээс долоо дахин нэмэгджээ. Татварын байгууллагын мэдээлснээр 2016 онд грекчүүд үл хөдлөхийн татварт 3.5 тэрбум евро төлжээ. Гэтэл 2009 онд энэ тоо 500 орчим сая еврогоор хэмжигдэж байсан тухай “Greek Reporter” мэдээлсэн байна.

Европын комиссын мэдээллээр үл хөдлөх хөрөнгийн хамгийн өндөр татвартай орнуудын тоонд Франц, Их Британи ордог. Үүнээс гадна тогтвортой эдийн засагтай орнуудын иргэд маш бага хэмжээний татвар төлдөг байна. Жишээлбэл, Германд ийм татвар 0.5 хувиас хэтэрдэггүй бол Грект энэ үзүүлэлт 2.5 хувьд хүрчээ. Үүний улмаас иргэд өвлөж авсан хөрөнгөөсөө бөөн бөөнөөрөө татгалзаж байна. Тус улсын Хууль зүйн сайд Ставрос Контонис парламентад мэдэгдэхдээ 2016 онд нийт 54422 хүн өв залгамжлалаасаа татгалзсан гэжээ.

Харин 2013 онд 29199, 2014 онд нэмэгдэж 41388, 2015 онд 45628 хүн үл хөдлөх хөрөнгөөсөө татгалзжээ.

Ийнхүү ард иргэд нь татварын дарамтын улмаас үл хөдлөх хөрөнгөө хураалгаж байгаа ч Грекийн Засгийн газар 2017-2018 онд үл хөдлөх хөрөнгөд ногдуулах татварын хэмжээгээ өөрчлөх төлөвгүй байна. Учир нь тус улс төсвийн тэнцлээ барих шаардлага тулгараад байгаа билээ. Гэсэн хэдий ч Засгийн газраас 2018 онд татварын хэмжээг дахин хянаж, илүү “шударга” татварын бодлого баримтлах төлөвлөгөөтэй байна.

Грек улсын өрийн хэмжээ одоогийн байдлаар 320 тэрбум евро байгаа билээ. Энэ нь тус улсын ДНБ-тэй харьцуулахад бараг хоёр дахин их үзүүлэлт юм. 181 тэрбум еврогийн ДНБ-тэй тус улсад 15-24 насныхны дунд ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байна. 2008 онд тус улсад 15-24 насныхны дунд ажилгүйдэл 23 хувьтай байсан бол 2016 онд 44 хувь болсон нь Европтоо л “сөрөг дээд амжилт” болжээ.

Түрээслэгчдийн нийгэмлэгийн мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн татвартай холбогдуулан орон суугч эзэмшигчид түрээсийн үнээ буулгасан буюу түр суугчид цахилгаан, усныхаа мөнгийг төлж л байвал боллоо гэсэн хандлагатай болсон гэнэ.

Одоохондоо грекчүүд орон сууцаа өв залгамжилж авах хүсэлгүй байгаа төдийгүй байр сууцтай болохыг ч эрмэлзэхгүй байна. Грекийн банкны саяхны нэгэн мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн онд орон сууцны үнэ 2008 оныхтой харьцуулахад 41.3 хувиар унаж, зарим бүсэд 65 хувиар багасчээ. Тухайлбал, Керацини дагуул хотод 2008 онд 120 мянган еврогийн үнэтэй байсан 100 м.кв талбайтай байрыг өдгөө 40-50 мянган еврогоор худалдан авч боломжтой болсон байна. Харин Афинд орон сууцны дундаж өртөг үнийн уналтаас шалтгаалан 160-200 мянган евро байдаг.

Одоогийн байдлаар Грект 200 мянга гаруй объект зарагдаагүй байгаа тухай Грекийн “Imerisia” сонинд мэдээлжээ. Тэгвэл Грекийн статистикийн “ELSTAT” газрын мэдээллээр 2016 онд нийтдээ 20 мянган үл хөдлөх хөрөнгийн объект зарагдсан байна. Тус улсад хямрал нүүрлэж эхэлсэн 2009 оноос өмнө жилд 150 мянган үл хөдлөх хөрөнгө зарагддаг байв.

Ялангуяа 2016 онд үнийн уналт хамгийн ихэээр ажиглагдсан байна. Тухайлбал, өнгөрсөн оны эхний улиралд үл хөдлөх хөрөнгө 4.3 хувиар, хоёрдугаар улиралд 2.6 хувира, гуравдугаар улиралд 1.5 хувиар тус тус унажээ. Үл хөдлөх хөрөнгийн уналтад шинээр баригдсан барилгууд хамгийн ихээр өртөж байна. Баригдаад таван жил ч болоогүй шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оны гуравдугаар улиралд 2.2 хувиар унаж байхад хуучин объектууд нэг хувиар л буурсан байх жишээтэй. 2015 онд шинэ барилга, хуучин байшингуудын үнэ 5.6 ба 4.7 хувиар тус тус унаж байв.

Грекийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд цаашид ямар өөрчлөлт ажиглагдах талаар шинжээчид ямар нэгэн мэдээлэл хийхгүй байна. Гэхдээ Грек улсад эдийн засгийн байдал сайжрахгүй, энэ хэвээр байвал энэ зах зээл эергээр өөрчлөгдөнө гэж найдахад тун хүнд гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.