“Зургаан төрлийн нарийн мэргэшлийн шалгалтыг үнэгүй явуулна”

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх юм байна. Энэ талаар тус газрын дарга С.Сүх-Очироос тодрууллаа.
 
-Залуучуудыг үнэгүй сургалтад хамруулж ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх гэнэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
 
-Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага KOICA-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “MKIT” сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулна. Онц сайн үнэлгээтэй төгсөгчдийг гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь, мөн бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Залуусыг богино хугацаанд эрчимтэй сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна зургаан төрлийн нарийн мэргэшлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм.
 
-Сургалт хэзээ эхлэх вэ?
 

-Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулж буй “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д компьютерийн үндсэн хэрэглээний сургалт өчигдрөөс эхэлсэн. Нэг сарын хугацаанд буюу даваа, лхагва, баасан гаригт үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа. Мөн сургалтын төвийн дэргэдэх “Бизнес инкубатор төв”-ийг нээн мэргэжлийн сургалтын ангийг амжилттай төгссөн суралцагчдад бизнес инкубатор орчинг бүрдүүлж, Монгол, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд ажил олоход нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.
 
-Сургалтад хамрагдахын тулд барьцаа төлөх үү. Ямар хүмүүсийг бүртгэж байгаа вэ?
 
-Сургалт үнэ төлбөргүй байна. Зөвхөн нарийн мэргэшүүлэх тусгай сургалтын хөтөлбөрт хамрагдах залуусын хувьд тус сургалтын төвийн багтаамжийн улмаас нэг удаагийн сургалтад цөөхөн хүн хамрагдана. Боломж олдсон залуусын ирц, идэвхийг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 200 мянган төгрөгийн барьцааг “МКIT” сургалтын төвд тушаана. Ирцийг 90 хувь хангасан тохиолдолд барьцааг буцааж олгоно. Барьцаа мөнгө өгөх боломжгүй хэдий ч суралцах эрмэлзэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулж сургалтад хамруулна. Мэдээж мэдээлэл технологийн чиглэлээр ажилд орох хүсэлтэй, мэдээлэл технологийн чиглэлээр суурь мэдлэгтэй, салбарын дээд сургуулийг төгссөн байна. Төрийн албан хаагч, хувийн байгууллагуудын мэргэжилтэнд зориулсан мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт байгаа. Мэргэжил дээшлүүлэх сургалтад барьцаа мөнгө авахгүй. Манай сургалтыг зорьж ирсэн хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүйгээр сургана.


Зууны мэдээ
Р.Оюун

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.