Эмч нар чууллаа

Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан “Эмч  нартаа талархъя” хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад

-Эрхтэн шилжүүлэх мэс заслыг эх орондоо амжилттай хөгжүүлж байгаа Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч О.Сэргэлэн тэргүүтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний төвийн хамт олон,
-Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Д.Баян-Өндөр тэргүүтэй Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон,
-Монгол Улсад ангиографийн оношилгоо, эмчилгээг амжилттай хөгжүүлж байгаа Анагаах ухааны доктор З.Лхагвасүрэн тэргүүтэй хамт олон,
-Хүүхдийн зүрхний катетер, ангиографийн тусламж, үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Т.Болормаа тэргүүтэй хамт олон,
-Төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийн оношилгоо, эмчилгээний асуудлыг эх орондоо цогцоор нь нэвтрүүлж чадсан Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Аянга тэргүүтэй хамт олон,
-Зохиомол орчинд үр шилжүүлэн суулгах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа Анагаахын шинжлэх ухааны магистр Б.Пүрэвтогтох тэргүүтэй Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн хамт олон,
Залуу үеийн төлөөлөл болох Анагаах ухааны доктор Ц.Саруул эмч тэргүүтэй зүрхний титэм судасны нарийсал, зүрхний гажгийг дэвшилтэт арга буюу судсан дотуурх мэс ажилбараар эх орондоо эмчилж эхэлсэн хамт олон зэрэг 1000 шахам эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа 5 хүн тутмын нэг нь эмч байдаг. Дэлхийн олонх улсад эмч нарын дийлэнх хувь эрэгтэйчүүд байдаг бол манай улсын эмч нарын дийлэнх хувь нь буюу 10 эмч тутмын 8 нь эмэгтэй эмч байдаг онцлогтой. Насны хувьд авч үзэхэд 10 эмч тутмын 3 нь сургуулиа дөнгөж төгсөөд ажиллаад удаагүй байгаа залуучууд, 5 нь ажил мэргэжилдээ дадлагажиж, туршлагажсан ид насныхан бол 2 нь залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, арвин туршлагаа өвлүүлж байгаа ахмад үеийн эмч нар байна. Эмч нарын 60 хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байна. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн үе үеийн эмч нараас Монгол Улсын баатар 1, Хөдөлмөрийн баатар 7, Ардын эмч 19, Ардын багш 1, Хүний гавъяат эмч  249, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан 53, Гавъяат багш  20, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн 2, Төрийн шагналт 27 төрөн гарчээ.

Б.Орхон

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.