Д.Бямбасүрэн: Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт амжихгүй

Монголын Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Инфляц нэг оронтой тоонд орсонгүй. Эндээс ярилцлагаа эхлэх үү. Ер нь цаашид буух хандлага байна уу?

-Монголын эдийн засаг инфляцийн хөөрөгдлийг зургаан сард шингээдэг. 2012 оны сонгуулийн өмнө буурсан байсан ч сүүлийн хоёр жил шингээж чадсангүй. Энэ нь төр засгийн бодлогын гажуудалтай шууд холбоотой. Инфляц үүсгэж байгаа гол шалтгааныг олж чадахгүй байна. Харин ч дэвэргэж байгаа учраас болохгүй байна гэж харж байна. Төрийн бодлого нь зангилаа асуудлаа барьж чадахгүй, улам өдөөгөөд байгаагаас буурах хандлага алга.

Инфляцийн өсөх шалтгаан төлбөрийн баланс, гадаад худалдааны баланс алдагдалтай гарч байгаатай холбоотой. Мөн валютын нөөц багассанаас шалтгаалж байгаа. Гэтэл УИХ, Засгийн газрыг харж байхад төсвөө батлахдаа ам.долларыг 1700 байхад 1380 гэж баталсан. Сая төсвийн тодотголдоо 1800 гарсан байхад валютын ханшийг 1400 төгрөгөөр баталж байгаа нь буруу. Ийм арчаагүй байдал нь инфляцийг бууруулахад саад болж байна. Инфляцийг бууруулна гэдгийг хүүхдийн тоглоом шиг санаж болохгүй.

-Тэгвэл эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө батлаад байна. Та үүнийг хэр бодитой гэж бодож байна?

-Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт хийнэ гэж юу байхав. Наадах чинь тогтворгүй болсон Засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль.

-Уг нь одоо л зөв сууриа олчихвол эдийн засгийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох гээд байх шиг?

-Тогтворжуулах бодлогоо томъёолж чадаагүй байхад худлаа. Наадуул чинь эдийн засгийн гол асуудлаа барьж авч чадахгүй юм. Бүр татвараа нэг шатлалтай болгох тухай ярьж сууна. Буруу тийшээ яваад байгаагаа ухаарах хэрэгтэй. Эндээс харахад нааштай нөхцөл байдал үүснэ гэж харагдахгүй байгаа шүү.

-Эдийн засгийг сэргээх нэг хэсэг нь төсвийн тодотгол. Үүнийг та юу гэж харж байна?

-Төр засгийнхны сонирхож байгаа төсвийн тодотголын гол асуудал бол ДНБ-ий 70 хувийг өөрөө хийж болно гэсэн гарц хайж байх шиг. Энэ бол арчаагүй асуудал. Ер нь төсвийн тодотголыг оройхон хийдэг байсан. Гэтэл хагас жил болоогүй байхад хийх гэж байна. Намар дахиад л энэ тухай яриад сууж байгаа нь асуудалд хөнгөн хуумгай хандаж байгааг харуулж байгаа юм.

-ДНБ-ий 70 хувийг өөрөө хийх гарц хайж байна гэлээ. Эхний хагас жилд ДНБ 7.4 болж буурсан байна. Цаашид буурна гэх юм. Та үүнийг юу гэж бодож байгаа вэ?

-Монголын эдийн засгийн өөрийн чадавхи 5-7 хувьтай. Зохиомол өсөлтөд өөр хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэг их өндөр өсөлтийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Байгаа дээрээ тогтворжуулах хөтөлбөр боловсруулах нь зүйтэй.

-Төсвийн тодотголд тэг төсөвтэй олон барилга багтсан. Гэтэл тэднийг ашиглалтад оруулах хугацаа улам богиносоод байна. Та үүнд ямар дүгнэлт өгөх бол?

-Ер нь байгаа жаахан мөнгөө шороотой хутгаад өндөр өндөр байшин барьж байгаа нь үнэн. Энэ нь эдийн засгийг улам хүндрүүлнэ. Эдийн засгийн дотоод тэнцвэр алдагдсан. Үүнийгээ бодлогоор тэнцвэржүүлж чадахгүй байна. Бодлогоо зөв тодорхойлж чадаагүйн уршиг эдийн засагт сөрөг нөлөөтэйг бид бэлхнээ харж байна.

-Ам.долларын ханш 2000 дөхөөд байгаа нь юунаас шалтгаалсан гэж та харж байна. Зарим нь экспорт буурснаас боллоо гэж тайлбарлах юм?

-Манай улсын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалт буурснаас болоод хямарч байгаа тухай ухуулга жил гаруй үргэлжилж байна. Үүний цаад талд Монгол Улсын эрдэс баялгийн нөөц дээр элдэв, болох, болохгүй аргаар сандаалж суусан хүмүүст өөрсдийнхөө бизнесийн нөхцлийг улам таатай болгохын тулд олон түмний тархийг угааж буй нэг хэлбэр. Бодитоор авч үзвэл гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Оюутолгой эзэлж байгаа. Эрүүл саруул ухаантай хэнд ч ил уурхай, далд уурхай гээд хөрөнгө оруулалт алхам алхмаар, тодорхой үе шаттай явагдах байх. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт жил бүр хэдэн тэрбумаараа монгол руу урсаад байна гэвэл дэндүү сэрүүн зүүдэлсэн хэрэг болно. 

Энэ бол цаг үеийн байдлыг өөрсөддөө ашигтайгаар ашиглаж, төр засгийг сугандаа хавчуулах гэсэн сонирхолтой хүмүүсийн явуулга. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төр засгийнхан гээд гадны хөрөнгө оруулагчдын явуулгаар дуугарч байдаг нь олон болж. Ер нь экспортын хэмжээ, орлогыг авч үзвэл хоёр хандлага ажиглагддаг. Тухайлбал, экспорт өсч байгаа боловч нөгөө талд нь гадаад худалдааны тэнцлийн алдагдал түүнээс ч хурдан өсч байна. Экспорт нь биет хэмжээгээр өсч буйн нөгөө талд үүсч байгаа бэрхшээл бий. Манайхаас гарч байгаа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ унаж байна. Жишээ нь 2010 онд нэг тонн нүүрсийг 101 ам.доллараар борлуулдаг байсан бол одоо 39-өөр гаргаж байна.

Эндээс харахад хэдийгээр хэмжээ өсч байгаа ч орлогын хэмжээ нь 2-3 дахин буурч байгаа юм. Түүнчлэн 2011, 2012 оны эхэнд экспортод гаргах бүтээгдэхүүнийхээ орлогыг урьдчилж аваад идчихсэн. Одоо экспортын тоо хэмжээ, үнэлсэн үнэлгээ гарч байгаа ч орлого орж ирэхгүй. Яагаад гэвэл “Чалко”-гаас 350 сая, “Эрдэнэт”ээс 100 сая, Оюутолгойгоос 250 сая ам.доллар аваад идчихсэн байна. Тэгэхээр экспорт өсч байгаа мэт харагдавч валютын урсгал орж ирэхгүй байгаа юм. Тиймээс одоогоор улсын эдийн засагт улам хүндрэл үүсч, зардал гарахаас цаашгүй байна.

-Эдийн засгийн хямралд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь мөнгөний бодлого болон төр засгийн уялдаагүй шийдвэртэй холбоотой гэх юм. Та үүнийг юу гэж харж байна?

-Мөнгөний нийлүүлэлтэд гар сул байгаа нь үнэн. Эдийн засаг өслөө гэдэг тоог зарладаг ч энэ нь бодит байдлаас хамаагүй хөндий зүйл. Нүүрс гэхэд хэчнээн тонныг зарж байгаа ч үнэ нь хоёр дахин буурсан байна. Түүнчлэн орж ирэх орлогоо урьдчилж аваад идчихсэн. Экспортод нүүрсээ гаргаж байгаа ч мөнгө орж ирэхгүй байгаа тухайгаа маш сайн бодох хэрэгтэй. Манайхан гадагшаа бүтээгдэхүүнээ гаргаж гадаадад мөнгөө байршуулах тухай асуудлыг олон жил ярьж байгаа. Энэ нь далд эдийн засагтай холбоотой яригдах ёстой. Үүн дээр тухайн компани хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргаж байгааг гаалийн бүртгэлээр тооцож болно. Хэчнээн орлого орж ирсэн бэ гэдгийг банкинд хяналт тавих систем манайд алга.

-Гаалийн бүртгэлийн мэдээлэл, статистикийн тоон баримт хоёр нэршлийн ялгаанаас зөрүүтэй харагдаж байгаа тухай эдийн засагчид хэлдэг. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Гаалиар гарч, орж байгаа бараа бүтээгдэхүүнийг тоо баримтаар баталгаажуулж болно. Жишээлбэл, Оюутолгой зэсийн баяжмалаа гаргаад эхэлсэн байгаа. Түүн дотор жилд 20-иод тонн алт, 100 орчим тонн мөнгө гарч байгаа шүү дээ. Гэтэл түүнийг шинжлэх лаборатори манайд байдаггүй. Эндээс харахад гаалийн салбарт хүчин мөхөсдөх үе гарна. Гэхдээ хэдий хэмжээний төмрийн хүдэр гаргасан бэ гэдгээ тооцож болно. Ямартай ч гаалийн байгууллагыг өндөр хүчин чадалтай техникээр тоноглох, боловсон хүчний асуудлыг дорвитой шийдэх хэрэгтэй. Хамгийн гол нь одоогийн байгаа хүчин чадал нь ч гэсэн бүгдийг маш сайн хянах хэрэгтэй. Тухайлбал Оюутолгойн гэрээний 9.13-т “Гадаадад гаргасан экспортын бүтээгдэхүүний орлогыг Монголд оруулж ирэхгүй” гэж заасан байдаг. Үүнийг хоёр Ерөнхий сайд толгойгоороо хариуцаж, сангийн сайд нь гарын үсэг зурсан бол УИХ-ын гишүүд нь баталсан биз дээ. Энэ гэрээг батлагдах үед мэргэжлийн хүмүүс ийм заалт байгаа тухай хангалттай хэлж байсан. Ийм байдалтай гэрээ хийчихээд улсаа доргиож суугаа хүмүүсийг ойлгоход хэцүү.

-Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, монгол брэндтэй болох тухай ярьж байна. Эдийн засгийн форум ч “Монголдоо үйлдвэрлэе” нэртэйгээр зохион байгуулагдсан. Энэ удаагийн форумын зорилго эдийн засгийн хямралаас гарах гүүр нь байж чадах болов уу?

-Би эдийн засгийн форумыг сурталчилгааны хоосон яриа гэж ойлгож байна. Өнгөрсөн онд намрын чуулган эхэлснээс хойш хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль гэж гаргалаа. Энэ нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжээгүй. Хэдэн тэрбумын хөрөнгөтэй том хөрөнгө оруулагчиддаа тогтвортой байдлын гэрчилгээ өгөх хууль гаргасан. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай цагаан лоозонг өмнөө барьчихаад хөрөнгийн ноёрхол тогтоох, тэдний байр суурийг бэхжүүлэх төрийн бодлого явж байна. Энэ хоёр хоорондоо их зөрүүтэй. Яагаад гэвэл том хөрөнгө оруулагч нь 30 жилийн тогтвортой байдлын гэрээтэй бол жижиг үйлдвэрлэгч татвар хэдийд нэмэх бол гэдэг айдастай байдаг. Тиймээс яваандаа жижиг, дундынхны байр суурийг сулруулж томчууддаа зай тавьж өгөх хувилбар болно. Төрийн бодлого буруу явж байгаагийн илрэл гэж харж байна.

-Эдийн засаг хумигдаж байгаа ч хүмүүс зохистой хэрэглээтэй болж байгаа тухай ярьж байна. Энэ нь эдийн засгийн хямралаас гарахад бас эерэг үзүү­лэлт болно гэх юм. Тэгэхээр эдийн засгийг эрүүлжүүлэхэд хүмүүсийн зохистой хэрэглээ гол нөлөөтэй гэж ойлгож болох уу?

-Наадах чинь эдийн засгийн мэр­гэжилтэй хүний амнаас гарах үг биш. Дэндүү болхи байна. Эдийн засаг хумигдана гэдэг чинь, Монгол Улс ядуурч байгаа нь сайхан байна гэж хэлсэнтэй утга нэг. Ер нь эдийн засаг хүндрээд, хямраад ирэхэд ямар ч улс орон хэмнэлтийн горимд шилждэг жамтай. Үүнийг магтах зүйл огт биш. Хямралын үед төр нь төсвийн зардлаа бууруулах, иргэд нь үргүй зардлаа бууруулж, хадгаламжаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар манай улсад ийм хөтөлбөр байхгүй. 2008, 2009 оны үед манайхан дэлхийд онигоо болж байсан шүү дээ. УИХ-д хямралыг давах арга хэмжээ гэсэн таван зүйлийн заалттай тогтоол оруулж байсан.

Тэр заалтад 500 сая ам.долларын зээл авах, Говь-Алтай аймаг руу 21 км эрчим хүчний шугам тавих тухай заалтыг оруулж байсан. Манай улсын хувьд эдийн засгийн хямралын жинхэнэ үүсгэвэр нь төр засгийн бодлого нөлөөлдөг. Одоогийн эдийн засгийн хямрал нь 2011, 2012 онд хавтгайрсан халамжийн мөнгө тараасан, эдийн засгийн дотоод тэнцвэрээ хадгалах бодлого явуулж чадаагүй, уул уурхай, барилгын салбарыг хэт шүтэж хамаг хүчээ тавьсны гор байгаа юм. Үүнийгээ харахгүй манай дотоод зах зээл хумигдаж байгаа тухай ярьж байгаа нь дэндүү бүдүүлэг харанхуй явдал.

-Урд хөршөөс экспортод гаргасан нүүрсний төлбөр 200 гаруй сая ам.долларын авлагатай гэсэн тооцоо бий. Энэ мөнгө орж ирвэл эдийн засагт нөлөөлөл үзүүлэх болов уу?

-Юун авлага вэ, урьдчилаад идчихсэн мөнгө шүү дээ наадах чинь. Чалкод гэхэд 100 гаруй сая ам.долларын өртэй гэдгийг мартаж болохгүй. Манайхан өмнө нь бурхан багш гээд сунаж мөргөдөг байсан. Харин одоо хятадын эдийн засаг гэж сүжирдэг болж. Энэ нь Монголын эдийн засаг нь өөрийгөө хөгжүүлэх дотоод хөдөлгүүр байхгүй байгааг харуулж байна. Бид хятадын эдийн засаг гэдэг том тракторын араас зүүсэн банзан чиргүүл дээр хөгжлийн найр хийх гэж оролдож байна. Тус улсын эдийн засаг бол өөрийн жамтай, зүй тогтолтой, маш том эдийн засаг. Сүүлийн 50 жилийн өсөлтийг нь судлаад үзэхэд дэлхийд хамгийн өндөр өсөлттэй гэж гардаг.

Тэгэхээр урд хөршийн эдийн засаг өндөр хурдтай явж байсан ч одоо бага зэрэг саарч байгаа. Энэ нь зөв юм. Учир нь хэт хурдтай давхивал халалт үүснэ. Хятадын эдийн засгийн өсөлт 7.5 хувь л гарах байх. Түүнээс болоод манай улсын эдийн засаг унана гэж байхгүй. Тиймээс бүгдийг нэг талаас харж болохгүй. ОХУ-ын хувьд энэ жил 2.3 хувь өсөх боломжтой байх. Гэхдээ манайхаас хойд хөрш рүүгээ гаргадаг экспорт өчүүхэн шүү дээ. Тиймээс одоогийн байдлаар ОХУ-аас хамаарахгүй. Уг нь оросын зах зээлд манайх бүтээгдэхүүнээ гаргаж чадсан бол манай хөнгөн үйлдвэрүүдэд маш их боломж нээгдэнэ. Үүнийг төр засаг одоохондоо хийж чадахгүй.

Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erka 2015-02-06 12:53:23
    ta urt naslah boldtugai
  • Жамуух 2014-05-14 00:33:02
    Саин ухаантаи хvнии хэлсэн vг 1000 жилдээ мартагдахгvи мулгуу тэнэгын хиисэн муу vил vеиин vед хорлонтои Бууралд эрvvл энхииг хvсэн ероое
  • Жамуух 2014-05-14 00:33:02
    Саин ухаантаи хvнии хэлсэн vг 1000 жилдээ мартагдахгvи мулгуу тэнэгын хиисэн муу vил vеиин vед хорлонтои Бууралд эрvvл энхииг хvсэн ероое
  • d 2014-05-13 23:38:21
    чихгүй толгой нар сонсоосой билээ.эдийн засаг дэндлээ.гадаадынхантай нийлсэн хулгайч олгархиуд энэ улсын ийм байдалд хүргэсэн.200гаруй айл гэр бүл монголын эдийн засгийг самарч байна.
  • G 2014-05-13 15:55:22
    Ene olloo dampuurax baikhaa. Urd n yum uzekhed zugeer baisan. Odoo bur muudjee. Khedxen medeellees yumaa khardag bolj dee
  • зочин 2014-05-13 13:02:53
    ТА ЖИНХЭНЭ ХОЛЬЦГҮЙ ЧИНГИСИЙН ЦУС ЮМ ДАА БАЯР ХҮРГЭЕ ТАНД УРТ НАСЛААРАЙ
  • зочин 2014-05-13 13:00:00
    ЖИНХЭНЭ МОНГОЛ УХААН МОНГОЛ ЗӨВЛӨХ МОНГОЛ СЭТГЭЛГЭЭ ЭХ ОРОНЧ БАХАРХАН ДУУРИАХ ХҮНИЙ ҮГ
  • Зочин 2014-05-13 11:45:10
    Хадгаламжаа нэмэх нь чухал юм
  • sanaa 2014-05-13 09:12:45
    mongol ulsiin sor bolson ediin zasagch hunii ugiig sonsoj zov garstaa oloh heregtei erenhii said ih olon zovlohtei gedeg yamarch medleggui umnuudaar yadag bnaa
  • иргэн хандаа 2014-05-13 06:01:11
    юуны туруунд танд эруул энх урт удаан наслахыг ероое асуулт оноогийн нийгэмд газрын албаны ажилтан цалин авч бгаа хороо дуурэгийн захиргаанд ажлын арга барилын оорчлолт хийгдэх шаардлага бгаа боловуу иргэд оорсдоо л хийгээд хооцолдоод олон жил боллоо
  • зочин 2014-05-13 04:09:29
    Жинхэнэ мэргэжлийн хүний үг. Хар захын наймаа хийж баяжчихаад дипломоо мөнгөөр авчихсан хүмүүс улсын эдийн засгийг яаж удирдах нь ойлгомжтой ш д
  • саран 2014-05-13 03:07:28
    Үнэхээр мундаг эдийн засагч хүн шүү. Яг үнэн хэлжээ. Энэ Монгол улс хаашаа л яваад байна даа. Бурхан минь
  • зочин 2014-05-13 02:57:02
    ахмад хүний тэр тусмаа бямбасүрэн үгийг соисмоор юмдаа манай дарга нар тэнгэр уул устай харьцаад бүтэхгүй нээ ерөнхий сайдаа,эдийн засгийн хөгжлийн сайдаа харьцдаг улс нь туслаа байх та хоер бол бүтэхгүй нь иймд одоо нэртэй эдийн засагчид,туршлагатай улса
  • зочин 2014-05-13 02:57:02
    ахмад хүний тэр тусмаа бямбасүрэн үгийг соисмоор юмдаа манай дарга нар тэнгэр уул устай харьцаад бүтэхгүй нээ ерөнхий сайдаа,эдийн засгийн хөгжлийн сайдаа харьцдаг улс нь туслаа байх та хоер бол бүтэхгүй нь иймд одоо нэртэй эдийн засагчид,туршлагатай улса
  • зочин 2014-05-13 02:49:17
    Баттулга энэ хүнийг мөнгөөр зодоод авчээ хөөрхий шударга улс төр гэж байдаггүй юмаа
  • Толгой эргэсэн 2014-05-13 02:30:53
    Яг аль нь үнэн ярьж байгааг үнэндээ мэдхээ байлаа. Миний мэдэх үнэн сард авдаг байсан 2 тор хүнс маань 1 тор болж байгаа нь үнэн.
  • mongol 2014-05-13 02:01:53
    ene hun manai unuugiin baidaliig yag bodit baigaa turhuur ni yarilaa hervee AN-y hun engej unniig yarisan bol namaasaa huugdunu ali esvel MAN -n 1 Hun engej yarisan bol hudlaa yumaar uls tur hiilee ediin zasag saihan bgaa gej yarina ene zasag turiig yah v
  • mongol 2014-05-13 02:01:53
    ene hun manai unuugiin baidaliig yag bodit baigaa turhuur ni yarilaa hervee AN-y hun engej unniig yarisan bol namaasaa huugdunu ali esvel MAN -n 1 Hun engej yarisan bol hudlaa yumaar uls tur hiilee ediin zasag saihan bgaa gej yarina ene zasag turiig yah v
  • irgen 2014-05-13 02:01:12
    taniig khyndelj yavdagch khelj bgaatai chin sanal niilekhgyi bna daa, khyn yumiig khiikhiin tuld zunduu oroldoj turshij aldaj onoj yavdag etsest n argiig n oldog, tiim bolokhoor 2 jil oroldoj khiij chadaagyi yumiig 1 udur l uchriig n olood 10 khonogiin do
  • Mongol ulsiin toloo zutgii 2014-05-13 01:50:26
    Buynt buural mini uneniig helj surgaalaa hairlaj baigaarai. tani shig ediin zasagch torohgui nee. ireh songuulid taniig orsoldooch gej guij bna.
  • Mongol ulsiin toloo zutgii 2014-05-13 01:50:26
    Buynt buural mini uneniig helj surgaalaa hairlaj baigaarai. tani shig ediin zasagch torohgui nee. ireh songuulid taniig orsoldooch gej guij bna.
  • dogmid 2014-05-13 01:43:14
    altanhuyag uuriiguu chadvarguigee medeed bolichij boldgui l yum bhdaa. chadahgui baij chadna geed zutgeed yahveedee. idej uusan n amidrald n hangalttai mungu hussan bizdee odoo
  • -р хорооны иргэн 2014-05-13 01:32:20
    Монголчууд эрх тэгш байлгахад бие биетэйгээ сөргөлдөөд салахгүй, нэг зиндааны 2 монгол хэзээ ч нэгийгээ хүлээн зөвшөөрдөггүй, арсалддаг, харин нэг толгойлогчийн хатуу гар дор удирдуулбал сая нэг хамтлаг болж зэрэг хөдлөх боломжтой болдог. Чингисийн үеэс г
  • Оюунаа 2014-05-13 01:27:33
    Бодит мэдээлэл өгсөнд баярлалаа. Та уул нь Ерөнхий сайдын /Шинэчлэлийн ЗГ/-ын зөвлөх байсан бол сайхнаа. Энэ ЗГ таны үгийг сонсоосой, бас хүлээж аваасай гэж бодож бна.
  • Н.Бэгз 2014-05-13 01:24:18
    Д.Бямбасүрэн гуай мэргэжлийн хүний үг хэлжээ.