Хар тамхитай тэмцэх ажилд ТББ-уудын оролцоог нэмэгдүүлнэ

“Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг нийслэлийн Цагдаагийн газрын хурлын зааланд үргэлжилж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас зохион байгуулж буй тус хэлэлцүүгээр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай ярилцаж байна.

Хэлэлцүүлэгт “Хар  тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн захирал Ш.Лхагвасүрэн, “Хар тамхитай тэмцэх мэдлэг” ТББ-ын тэргүүн Б.Түмэнбаяр, “Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Мөнхтуяа, Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат зэрэг ТББ-ын төлөөлөл оролцож байгаа юм.

Эрүүгийн цагдаагийн албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ариунболор “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, зарж борлуулах, олон улсын хил дамнуулан тээвэрлэх, хэрэглэгчдийн зохион байгуулалттай бүлэг сүлжээ үүсч, энэ төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчид жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Өнөөдөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд болон оюутан, залуусын холбоодтой хамтран хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх арга замаа тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион явуулж байна” гэлээ.

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд ахиц гарч, гэмт хэрэг, зөрчлийн тоо бууруулах, хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг энэ сарын 7-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийг өргөтгөн Хар тамхитай тэмцэх газар болгон зохион байгуулсан билээ.

Хар тамхи нь хүн төрөлхтөнд маш их хор аюулыг авчирдаг тул улс бүр өөрийн хууль тогтоомжоороо хатуу хариуцлага оногдуулдаг. Манай улсын хувьд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, зарж борлуулсан тохиолдолд таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан.

Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!!!!!! 2017-04-04 03:23:24
    Surguuli, buh alban baiguullaguud ene temzeld idevhitei orolzozgooy !!! Odoo temzehgui bol oroitson hoino ni yu ch yariad hiigeed hereggui bolno hii demii amaa ...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах