Италид Монголын соёл урлаг, мэдээллийн төв байгуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн, НАЖГ-ын дарга Д.Батсүх, Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайдын Зөвлөх Ливиа Малканжо болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Хатагтай Дорина Бианки “Өмнө нь Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан Улаанбаатар хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Харин одоо Улаанбаатар хотод Элчин сайдын яамтай болсон. Энэ нь хоёр орны харилцаанд илүү дөхөм, хамтын ажиллагаа илүү хурдан үр өгөөжтэй байх боломж бүрдэж байна гэсэн үг. Хоёр орны харилцаанд соёл урлаг болон аялал жуулчлал маш их эерэг үр нөлөөтэй. Урд нь байгуулж байсан санамж бичигт хоёр улс харилцан аялал жуулчлал, мэдээллийн төв нээхээр тусгасан. Санамж бичигт заасны бид Улаанбаатарын соёл урлаг, аялал жуулчлалын төвийг нээхээр төлөвлөж байгаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Италийн Элчин сайдын яам Монгол Улсад нээгдсэн нь хоёр орны хамтын ажиллагаа, харилцаанд сайшаалтай зүйл болсон. Соёл урлагийн салбараас гадна бүхий л салбарт хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа гэж ойлгож байна. Италийн соёл, мэдээллийн төвийг Улаанбаатарт нээх бүрэн боломж бий. Бид энэ тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Хоёр улс хамтын ажиллагааны санамж бичигийн хүрээнд 2010 онд балетчин Д.Алтанхуяг Миланы алдарт LaScala театрт “Pink Floyd” балетад гоцлол бүжиглэж, энэ тухай баримтат кино хийж байсан. Мөн 2010 оны арваннэгдүгээр сард LaScala театрын академид Монголоос залуучууд бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Италийн алдарт хөлбөмбөгчин Франко Барези 2011 онд Монголд ирж UB football клуб байгуулж байсан гэх мэт олон үр бүтээлтэй ажлууд хийж хэрэгжүүлсээр ирсэн. Хэдийгээр хэсэг хугацаанд тасалдсан боловч түүнийг үргэлжлүүлж сэргээн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх тал дээр манай нийслэлийн Соёл урлагийн газар цаашид идэвх чармайлт гарган ажиллана” хэмээлээ.

Улаанбаатар хот болон Италийн хотуудын архитекторуудын холбоотой хамтарч ажиллах, цаашлаад архитектор, интерьер дизайны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Италийн туршлагыг судлан Улаанбаатар хотын хөшөө дурсгал, музей, галерейн сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллах, хоёр Улсын харилцан аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх, монголын аялал жуулчлалын офиссийг Италийн хотуудад нээх, гар урлалын чиглэлээр ажилладаг жижиг үйлдвэрлэгчид ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь Итали болон Европын холбооны улсуудад экспортлох замаар харилцан ашигтай хамтран ажиллахад Италийн технологи, туршлага, дэмжлэгийг авах зэрэг саналуудаа илэрхийллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.