“29-р сургуулийн багш нар дохионы хэлний мэдлэг, чадвар муу гэдгээ хүлээн зөвшөөрсөн”

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн багш ажилчид, сурагчидтай уулзлаа.

29 дүгээр сургуулийн сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Сурагчдын зүгээс багш нарын дохионы хэлний мэдлэгийг сайжруулах, сурагчидтай зүй бусаар харьцаж, тэдэнд гар хүрч, хэл амаар доромжилдог, ажлын байран дээр архидан согтуурдаг гэх мэт асуудлуудыг хөндөж тавьсан юм. Уг асуудал дээр БСШУСЯ, НИТХ дахь МАН-ын бүлгээс анхаарал хандуулан, яаралтай арга хэмжээ авч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг тус сургуулийн багш, сурагчдад уншиж танилцуулсан юм. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг маргааш хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд ил болгох аж.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга хэлэхдээ “НИТХ дахь МАН-ын бүлгээс энэ асуудал дээр онцгой анхаарч ажлын хэсэг байгуулан хяналт шалгалтын ажлыг хийж байна. Миний бие ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагийн хувьд сургуулийн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцаж, багш, сурагчдын санал бодлыг сонсохоор ирээд байна. БСШУСЯ-аас гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас судалгаа явуулсан. Гаргасан дүгнэлтүүдийг үзэхэд багш ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, ажлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Түүнчлэн 29 дүгээр сургуулийн хашаанд 2015 онд Газрын тухай хууль зөрчиж, газар олгосон байсан. Үүнийг нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр цуцлах шийдвэр гаргасан. Энэ газрыг сургуулийн хүүхдүүдэд зориулж тохижуулах ажлыг шат дараатайгаар хийх болно” хэмээн ярьлаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “БСШУСЯ-аас гаргасан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад өнөөдөр тус сургуулийн багш сурагчдад танилцууллаа. Маргааш бид хэвлэлийн бага хурлаар дамжуулан энэ гаргасан дүгнэлтээ олон нийтэд бүрэн эхээр нь танилцуулна. Хүүхдүүдийн хөндөж тавьсан асуудлууд бүгд ямар нэгэн үндэслэлтэй, бодитой гэдэг нь гарсан. Багш нарын хувьд дохионы хэлний мэдлэг, чадвар муу байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай яамны зүгээс дахин “Ажил сайжруулах” ажлын хэсэг байгуулаад богино хугацаанд багш нарын мэдлэг боловсролыг өөрчилж, хэрэгжүүлж чадах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Маргааш хэвлэлийн хурлаар хэрхэн яаж, ямар төлөвлөгөөгөөр ажиллах болсон талаар олон нийтэд танилцуулах болно.” хэмээлээ.

Мөн багш нарын ёсзүйн тал дээр яамнаас онцгой анхаарч ажиллана. Ирэх наймдугаар сар гэхэд ганцхан 29 дүгээр сургууль гэлтгүй бүх цэцэрлэг, сургуулийн багш нарт ёсзүйн сургалтыг өгөх зорилго тавиад, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа гэдгийг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тодотгож байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2017-04-12 14:43:10
    Архидан согтуурдаг явдал бол байж болохгүй асуудал. Бүх хичээлийг дохиогоор явуулна гэдэг нь харьцангуй ойлголт. Бага ангид нь аман яриа, дохио, дактилийг
  • Зочин 2017-04-06 11:07:33
    Тусгай сургуулийн захирал, багш бол ялсан намын дараагийн бялууны хэлтэрхий, длтроос нь өөрийн хүмүүсээр бужигнуулж хэвлэл цацаж байгаад өөрийн хүмүүсээ тавьда....