Хотын дунд хавдар шиг бугшсан 100 айлын барилгын төв иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна

-100 айлын барилгын төвийн хөрөнгөтнүүд яах вэ. Тэнд амьдардаг иргэдийн эрүүл мэнд хамгаас чухал-


Утаа униар, шороо тоос, хөрсний бохирдол, замын түгжрэл гээд бүх асуудал нь нэг дор төвлөрсөн газар бол 100 айл орчмын барилгын төв. Тус барилгын төвийн ойр орчим амьдардаг айл өрхүүд зундаа хөрсний бохирдол, өвөлдөө утаанд дарлуулсаар олон жилийг ардаа үдэж байна. Уг нь тус газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд “яаралтай” хамруулах гэсэн ч олон мянган иргэний үл хөдлөх хөрөнгө, капитал барилга буй учраас арга хэмжээ авч чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл, тус газарт дахин төлөвлөлтийн ажил эхлүүлэхийн тулд эхлээд иргэдэд олгох ёстой нөхөн төлбөрийн асуудлыг нэг мөр шийдсэний эцэст газар чөлөөлөх тухай ярих хэрэгтэй гэнэ. Яг үнэндээ 100 айлд амьдардаг олон мянган оршин суугч орон сууцанд орж, тав тухтай амьдрахыг хүсч тэмүүлж байгаа ч тус барилгын төвд худалдаа наймаа эрхлэгчдийн нөхөн төлбөрийн асуудал шүдний өвчин болжээ. Тиймээс ийн дахин төлөвлөлтөд хамрагдаж чаддагүй байна. Учир нь 100 айлд худалдаа эрхэлдэг компаниуд 1-6 давхар барилга байгууламжтай, харин зарим иргэн нь нэг давхрын үл хөдлөх хөрөнгөтэй учраас нөхөн төлбөрийн мөнгөө хэлэхдээ хүний санаанд ормооргүй тоо хэлээд сууж байдаг аж.

Уг нь 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг 2009 оноос эхэлж гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулахаар “Гэзгийн худаг” ХХК-ийг сонгон шалгаруулж байсан гэдэг. Гэтэл тухайн үед тус компани сонгон шалгаруулатад тэнцэх эрхээ авсан ч худалдаа эрхлэгчидтэй тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас энэ ажил цуцлагджээ.
 

100 АЙЛЫН БАРИЛГЫН ТӨВИЙН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХӨД ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН АСУУДАЛ ЯРИГДАНА


Ингээд бид Хот дахин хөгжүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, архитектур Наранцэцэгээс “100 айл орчим барилгын төв хэзээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах” талаар асуухад “Одоогоор дахин хөгжүүлэх хэлтэс дээр 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг нүүлгээд дахин төлөвлөлтөд хамруулна гэсэн зүйл алга. Хамгийн гол нь тус газрыг дахин төлөвлөлтөд хамруулъя гэхээр дандаа үл хөдлөх хөрөнгө болон капитал барилгатай хүмүүс байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүст нөхөн төлбөр өгч байж газар чөлөөлнө гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, нөхөн төлбөрийн асуудлыг шийдсний дараа газар чөлөөлөлт хийнэ үү гэхээс шууд очоод дахин төлөвлөлтөд хамруулна гэж хэлж болохгүй. Тэгэхээр 100 айлын хүндрэлтэй талууд нь гэвэл эдгээр хүмүүсийн эд хөрөнгийн асуудал байгаа юм.Тиймээс энэ асуудлыг Нийслэлийн удирдлагуудын түвшинд ярьж байж асуудлыг шийдэх байх. Харин одоогоор тус газарт байрлалтай “Жоби” төвийн зүүн талд байрлах хуучны долоон барилгыг дахин барилгажуулах гэж байна. Учир нь дээрх долоон барилга ашиглалтын шаардлага хангахгүй байгаа юм” гэлээ.
 

ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖИХ ҮЕД 100 АЙЛ ОРЧИМД БУРУУ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙСЭН



Ямартай ч 100 айлын барилгын төв орчимд дахин төлөвлөлт хийхэд хамгийн хүндрэлтэй нь иргэдийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэх асуудал байдаг байна. Яг үнэндээ соц нийгмийн үед 100 айл орчимд Барилга трест гэж том байгууллага ажилладаг байж. Тэнд ажиллаж байсан барилгынхан зах зээлд шилжсэнээс хойш эндээ төвхнөж, наймаа арилжаа хийн өнөөдрийн капитал барилга болон үл хөдлөх хөрөнгийг бий болгожээ.

Хэдийгээр эдгээр худалдаа наймаа эрхлэгчид төртэй тохиролцож чаддаггүй юмаа гэхэд тухайн газарт амьдарч буй олон мянган иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нь хөсөр хаях ёсгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тиймээс төр засгийн зүгээс хэдхэн хүний хөрөнгө мөнгийг хаацайлж нөхөн төлбөрийн асуудал ярихаас цаараглаж байхын оронд ямар нэгэн тохироо хийж нэн түрүүнд тус газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах нь чухлаас чухал асуудал болчихоод байна. Хамгийн гол нь дээрх худалдаа эрхэлдэг хүмүүс өөрсдөө тухайн газартаа оршин суудаг уу гэвэл үгүй. Тэд халууны улиралд хөрсний бохирдол ямар байгааг ч мэддэггүй. Тиймээс л тус хавийн оршин суугчид зуны ид халуунд өмхий самхай, тоос шороо, замын түгжрэл гээд түмэн бэрхшээлийн дунд амьдарч байгаа хүмүүс.


ХАР ТУГАЛГА НАРИЙН ШИРХЭГТ ТООСОНЦРООР ДАМЖДАГ ХҮНД МЕТАЛЛ


Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны асуудал хариуцсан байцаагчтай уулзаж энэ талаар асуух гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөх хүмүүс нь гадуур сургалтад яваа гэх хариултыг авсан юм. Харин МХЕГ-аас асуухад “НМГ-ын байгаль орчны байцаагч нар 100 айлын гэр хорооллын хөрсний бохирдлын асуудлаар хяналт шалгалт хийж байгаа. Бидэнд одоогоор хяналт шалгалтын нэгдсэн дүн ирээгүй байна” хэмээсэн юм.

Мөн нийслэлд хөрсний бохирдол, тоос тоосонцроороо толгой цохьдог нь 100 айл орчмын барилгын төв гэдгийг албаныхан онцлон хэлж байв. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн 2016 онд 100 айл орчим хөрсний бохирдолтойгоос гадна хар тугалга илэрч шуугиан тарьж байсан. Өөрөөр хэлбэл, 100 айлд оршин суудаг хүмүүсээс хар тугалга яагаад илрэв.

Харин бид албаны хүнээс зөвхөн 100 айл орчимд энэ аюул ямар байгаа талаар асуусан юм. Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн судлаач багш Г.Наранчимэг “Хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл. Хүний эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биед байгаа хар тугалгын хэмжээнээс шалтгаалаад үзүүлэх сөрөг нөлөөлөл өөр өөр байдаг. Хүний цусан дахь хар тугалгын хэмжээ 0-10 мкг/дл хэмжээтэй байх нь эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөллийг их бага хэмжээгээр үзүүлдэг байна.

Тэгэхээр хамгийн энгийнээр тайлбарлахад шал буддаг шар будаг хар тугалга, хүнцлээр баян. Тиймээс 100 айл орчмын айл өрхүүд барилгын төвлөрсөн цэгтэй хаяа дэрлэн амьдардаг учраас үргэлжийн тоосонцороор амьсгалж байна. Энэ нь тэднийг аюулд хүргэж буй юм. Та бид хоёр зөвхөн 100 айлын хүрээнд ярилаа шүү дээ” гэлээ. Ямартай ч эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар хүний эд хөрөнгийг хайрлан хамгаалахаасаа илүү тус газарт амьдардаг олон мянган иргэний эрх ашиг, эрүүл мэндийг чухалчлах ёстой хэмээн хэлсэн нь нэгийг бодууштай. Тиймээс нийслэлийн удирдлагууд 100 айлын барилгын төвийг яаралтай нүүлгэж шилжүүлэхгүй бол тус газарт амьдардаг хөгшин залуу хүүхэд гээд бүгд хүнд металлаар хордож эрүүл мэндээрээ хохирох аюулд хүрсэн байна шүү.
 

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.