Санхүүгийн асуудлаас болж “Toshiba” оршин тогтнох нь асуудалтай болжээ

Японы Toshiba компани дампуурлын ирмэгт ирээд байгаа тухай тайлан тооцоо нь харуулж байна. Өдгөө тус компани алдагдалтай хувьцаагаа үгүй хийх, чухал хэлтэс салбаруудаа худалдах замаар л дампуурлаас гарах боломжтой юм. Японы Засгийн газар Toshiba-г үндэсний ашиг сонирхлоо хамгаалах ёстой гэж сануулж байгаа боловч компанийн хувьд хамгийн өгөөмөр худалдан авагчийг олохыг илүүд үзэж байна.
 
“Цаашид компани үйл ажиллагаагаа тасралтгүй, хэрхэн явуулах асуудлаар томоохон эргэлзээ төрүүлэхүйц хэдэн хэдэн үйл явдал, нөхцөл байдал үүсээд байна” гэж тус компани мэдэгдэлдээ дурьджээ.
 
Цахилгаан барааны аварга компаниудын нэг “Toshiba” өнгөрсөн оны 4-12 дугаар сард 532 тэрбум иен буюу 4.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ. Энэхүү мэдээллийг “PriceWater-houseCooper Aarata” аудитын фирм цацахыг сайшаагаагүй боловч “Toshiba” зоримог алхам хийж буй бололтой. Гэвч тус компани тайлангаа тавьснаар корпорацийн хувьцаа Токиогийн санхүүгийн биржийн худалдаанаас ч гарч болзошгүй юм.
 
Тус  корпорацийн ерөнхийлөгч Сатос Цүнакава компанид нь болсон асуудлаас болж чин сэтгэлээсээ уучлалт гуйжээ. Түүнчлэн тэрбээр биржийн бүртгэлээс хасагдахгүй байх гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
 
“Toshiba” корпораци өмнө нь бүтэн жилийн цэвэр алдагдал нэг их наяд иенд хүрч магадгүй гэж мэдээлж байсан билээ. Ингэсэн нөхцөлд Японы компаниудын түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болох юм. Уг нь тус компани дэлхий дахинаа бичил схем үйлдвэрлэгч хоёр дахь том компани гэдгээрээ алдартай. Тус компанийн бүтээгдэхүүнийг мэдээлэл боловсруулах төвүүд болон хэрэглээний бүтээгдэхүүн (iPhone, iPad ч орно) зэрэгт ашигладаг. Тус компани 2008 онд Америкийн атомын эрчим хүчний “Westinghouse” компанийг худалдан авснаас хойш хүндрэл бэрхшээлтэй учирчээ.
 
2011 онд “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад осол гарснаар Япон даяар атомын реакторуудыг зогсооход хүрч, “Toshiba” энэхүү хувьцаагаа худалдаж чадахгүйд хүрчээ. Үүнээс гадна 2015 онд компани сүүлийн долоон жилд ашигаа 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, худал мэдээлэл өгсөн гэсэн дуулиан тархаж, удирдлагын бүрэлдэхүүн нь огцорсон байна.
 
Өдгөө тус компани ашигтай ажиллаж буй бичил схемийн үйлдвэрлэл зэргийнхээ хувьцааг зарж байж санхүүгийн байдлаа сайжруулах гэж байгаа аж. Энэ долоо хоногт Тайванийн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Foxconn” бичил схемийн үйлдвэрлэлийг 27 тэрбум ам.доллараар худалдан авахад бэлэн гэж мэдэгдсэн байна.
 
Энэхүү санал Шинзо Абэгийн Засгийн газрыг тун хүнд байдалд оруулж байна. Зарим улстөрчид “Toshiba” –г Японы эсвэл Япон-Америкийн хамтарсан компанитай гэрээ хийнэ гэж найдаж байгаа гэнэ. Учир нь бичил схем үйлдвэрлэх бизнес нь тус улсын хувьд стратегийн чухал асуудалд ордог. Гэвч “Foxconn” хүнд байдалд орсон “Toshiba”-д ашигтай санал тавибал тус корпораци татгалзахгүй л болов уу.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.