Морин хуурын чуулгын төрсөн өдрийн тоглолт боллоо
Тэртээ 1993  оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр морин хуурын чуулга анхныхаа тоглолтыг ард түмэндээ хүргэж байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын төдийгүй дэлхийн урлагийн тайзнаа шинэ өнгө, хэв маяг, дуугаралтыг бий болгосон. Ц.Батчулуун багш бүх шавь нараараа уран бүтээлчдээ бүрдүүлж морин хуурын чуулгаа байгуулж байсан нь өдгөө дэлхий дахинаа Монголын нэрийн хуудас болсон чуулга болжээ.
 
Энэ жил Морин хуурын чуулгын 25 жилийн ой тохиож байна. Ойн нээлтийн тоглолтоо танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтанд дунд “NOVEL MELODY” концертоор нээсэн юм. Тоглолтонд морин хуурын чуулгатай 25 жилийн турш хамт байсан гадаад дотоодын үнэнч үзэгчид, найз нөхөд, хамтрагч, дэмжигчид нь хүрэлцэн ирсэн байлаа.


 
Тоглолтыг нээж Монгол улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров үг хэлж, ирсэн зочдод сонирхолтой түүх ярьж байлаа. Н.Жанцанноров "1992 он бол МУ-ын үндсэн хуулиа баталсан нэгдүгээр сарын 13-ыг та бүхэн санаж байгаа, тэр жил бол МУ-ын XX-р зууны түүхэнд хамгийн хүнд жилүүдийн нэг байсан. Тэр үед бид нар гартаа таван төгрөгтэй ч гэсэн авах бараагүй хомстсон картын бараанд шилжсэн жил байсан. Ийм үед манай морин хуурын чуулга байгуулагдаж байсан. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай өөрийн дурсамжид бичсэн байдаг.
 
МУАЖ Г.Жамъян, МУГЖ н.Цэрэндорж, МУАЖ Ц.Батчулуун нар орж ирж морин хуурын чуулга байгуулах тухай санал надад тавилаа. Бараг өглөө босоод юу идэх билээ гэж бодож байгаа энэ цагт би морин хуурын чуулга байгуулъя гэж хэлэх үнэхээр хэцүү байсан ч гэсэн соёлын энэ том зүйлийн талаар бодож байгааг нь бодож би зүтгэе ээ гэж хэлсэн тэгээд хуучнаар сайд нарын зөвлөлийнхөнтэй гээ зөвлөж шийдвэр гаргуулсандаа би одоо их сэтгэл хангалуун байдаг гэж Очирбат гуай ярьж байсан. Тэр үгийг хэлж анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай энд ирсэн байна танд баяр хүргэе" хэмээн ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж байсан юм.


 
Концерт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт морин хуурын чуулгын морин хуурч, концертмейстр, СТА Н.Жигжиддорж орчин цагийн хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс удирдан, үзэгчдийн хүртээл болголоо. Завсарлагаанаар улсын Филармонийн 2 давхарын танхимд морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн гарсан байсан ирсэн зочдын сонирхолыг татаж байв. Удалгүй концертын 2-р хэсэг эхэлж морин хуурын чуулгын ерөнхий удирдаач СТА Д.Түвшинсайхан удирдаж, мөн зочин уран бүтээлчээр жазз дуучин А.Оюундарь, төгөлдөр хуурч Э.Доржсүрэн нар оролцож өөрсийн уран бүтээлээс толилуулсанаар үзэгчдийн тасралтгүй халуун алга ташилтан дор концертыг төгсгөв.
 
Нэгэн үдшийг морин хуур хөгжмийн уянгалаг аялгуунд уяран сонордсон эрхэм үзэгчид сэтгэл хангалуун буцсан юм.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.