Олон улсын зэвсэгт хүчнийг Украин руу илгээхгүй гэв
Голландын Засгийн газар Украины нутаг дэвсгэрт осолдсон Малайзын агаа­рын тээврийн MH17 онгоцны сүйр­лийн газарт хүрч, хэргийн нот­лох баримтуудыг хамгаалах зо­рил­готой олон улсын зэвсэгт хүч­нийг илгээхгүй хэмээн мэдэгд­лээ. Ингэх болсон шалтгаанаа тус улсын зүүн хэсэгт өрнөж буй дотоодын дайнтай холбон тайл­барлажээ. 

MH17 онгоцны сүйр­лийн мөрдөн шалгалтын аж­лыг хариуцаж буй Голландын ал­баны хүмүүс Австрали улстай хамт­ран хэргийн газар руу зэв­сэглэсэн тусгай албаныхныг ил­гээхээр төлөвлөж байсан юм. Гэвч Ерөнхий сайд Марк Рутт хэвлэлийн бага хурал зар­лаж, “Олон улсын цэргийн хү­чин Украины зөрчилдөөнд шууд оролцох нь байдлыг улам хур­­цат­­гана гэж үзэж, түнш ор­нууд­тай хэлэлцсэний дүнд уг төлөв­лө­гөөгөө орхихоор бол­сон” хэ­­мээжээ.  

Ослын газрын ойрол­­цоох тосгодуудад хүчтэй дэлбэ­рэлт, буудалцаанууд болж буй бө­гөөд  Голланд болон Австралийн Зас­гийн газар зэвсэглээгүй мөр­дөх ажилтнуудаа ч гэсэн тус бүс рүү илгээх төлөвлөгөөгөө ор­хи­сон аж.  Украинд ажиллаж  буй Европын холбооны аюулгүй байд­лын хамтын ажиллагааны бай­гууллагын ажиглах хэсгийн ах­лагч Александр Хаг ослын га­зар багахан хэмжээний мөрдөн бай­цаах албаны багийнхантай нөх­цөл байдалд дүн шинжилгээ хийхээр  очсон ч дайны улмаас уг ажиллагааг явуулж чадахгүйд хүр­сэн гэж мэдээлсэн байна.

Он­гоц сүйрсэн хэсэгт MH17 он­го­цонд зорчиж явсан 298 зор­чигчийн зарим цогцос одоо бол­тол байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Хэдийгээр тус бүсэд Украины ар­ми болон салан тусгаарлагчид галаа зогсоохоо амласан ч амь насанд аюултай гэсэн шалтгааны улмаас хэргийн газарт  мөрдөн бай­цаах албаныхан эдүгээ хүр­тэл очоогүй байгаа аж. Украины га­даад хэргийн сайд Павло Климкин өөрийн твиттер хуудастаа “Зас­гийн газар MH17 онгоц сүйрсэн хэс­гийн эргэн тойрон 40 км-т галаа зогсоосон. Гэвч террористууд уг бүсэд гал нээж хэргийн нот­лох баримтуудыг устгаж бай­на” хэ­мээн жиргэж, салан тусгаар­лагч­дыг буруутгалаа. Хамгийн сүүлд ав­сан мэдээгээр л гэхэд Украины арми Донецк хот руу пуужин хар­важ, хайр найргүй бөмбөгдөж бай­гаа гэнэ.

Хуучин зөвлөлт засаг­лалын үед барьж байгуулсан орон сууц­нуудаас утаа суунаглаж, бүтэн барилга харагдахгүй байна гэж тухайн газар ажиллаж буй олон улсын сэтгүүлчид мэдээлж байна. Азаар оршин суугчид Донецкийг орхин дүрвэсэн аж. Нөгөөтэйгүүр, сүйрсэн  онгоцны “хар хайрцгийн” мэдээлэл пуужинд сөнөөгдсөнийг баталж байна гэж Америкийн CBS News ослын мөрдөн байцаалтад ойр европ эх сурвалжийн мэдээнд тул­гуурлан дамжуулжээ. Гэхдээ энэ мэдээлэл баттай бус бөгөөд ал­баны хүмүүс ямар нэгэн то­дорхой тайлбар хийгээгүй бай­гаа юм. Эргэн сануулахад, Ма­лай­зийн “Боинг-777” онгоц Амс­тер­да­маас Куала-Лампурын чиг­лэлд нисч яваад энэ сарын 17-ны өдөр Украинд сүйрсэн билээ.

Он­го­цонд явсан 298 иргэн бүгд амь үрэгдсэн юм. Киевын эрх ба­риг­чид салан тусгаарлагчдыг уг онгоцыг сөнөөсөн гэж буруут­га­сан бол босогчид тэр өндөрт яваа онгоцыг сөнөөх зэвсэг байх­гүй гэж мэдэгдээд байна. Он­гоц­ны сүйрлийн нөхцөл байд­лыг тод­руулахаар Голландын удирд­лага дор олон улсын баг ажиллаж бай­гаа бөгөөд тус багт  Украин, Орос зэ­рэг 24 орны  шинжээчид  багтаж бай­гаа юм байна. Онгоцны “хар хайр­цагийн”  шинжилгээний ажил Их Британийн нутагт хийгдэж бай­гаа билээ.
 
Путины охин Голланд дахь гэрээсээ явжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Пу­тины охин Мариа МН17 он­гоц­ны осолтой холбоотой шүүмж­лэ­лээс болж Голланд дахь гэрээ ор­хин явсан тухай эх сурвалжууд мэ­дээллээ. Голланд онгоцны ос­лоор 193 иргэнээ алдсаны дараа Орос, Украинчуудыг зэмлэн бу­руу­шаах болсон бөгөөд Путины охи­ныг Голландаас хөөн гаргах хэ­рэг­тэй гэх санал хүртэл  гар­гаж байсан юм.

Эдүгээ 29 настай Ма­риа найз залуу Йоррит Фа­сены хамтаар  2010 оноос хойш Ворс­хотен хотод амьдрах болсон бай­на. Ерөнхийлөгч Путин өн­гөр­сөн жилийн байдлаар гэхэд гур­­ван ч удаа Голланд дахь охи­ны­хоо гэрт ирж, хүргэнтэйгээ загас­чилж байжээ. Ямартай ч, онгоц осолдсоноос хойш Ма­риа гэртээ амьдрахаа больсон бө­гөөд хөршүүд нь ч үүнийг ба­талж байгаа юм байна.  Путин Ека­те­рина, Мариа хэмээх хоёр охин­той бө­гөөд тэдний талаарх мэ­дээлэл тэр бүр олонд дэлгэгдээд бай­даг­гүй билээ.


 
Ослоор гэр бүлийнхнээ алдсан өндөр настан шоконд орон таалал төгсчээ

Украины зүүн хэсгийн Оро­сын талыг баримтлагч салан тус­гаарлагч­дын хяналтад байдаг бү­сэд энэ сарын 17-ны өдөр Ма­лайзын агаарын тээврийн MH17 нис­лэгийн дугаартай онгоц сүйр­сэн билээ. Тус онгоцны сүйрлээр хоёр зээ, төрсөн охиноо алдсан нас­тан гүн шоконд орж, нас бар­сан байна.

Голландын иргэн Хенд­рик Палм гэх 93 настай энэ нас­таны охин Эрла Палм нь нөхөр Ров, 12 болон 17 настай хоёр хүү­хэдтэйгээ хамт гэр бүлээрээ Ма­лай­зад амрахаар MH17 онгоцонд зор­чиж явжээ.  Сүйрсэн онгоцонд Гол­ландын 193 иргэн зорчиж яв­сан бөгөөд Украины зүүн хэс­гийн нутгаас хохирогчдын цогцос­нуу­дыг Голландад энэ сарын 23-ны өдөр авчирсан билээ. Одоогийн байд­лаар хэн болохыг нь тогтоох ажил явагдаж байгаа юм.



Б.Даваахүү
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.