“Төв ургац” улирлын дөрөв дэх хожлоо авлаа
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өчигдөр/04.16/ боллоо. Тоглолтын тоймыг хүргэж байна.


Увс Нуур-Төв Ургац 66:80

Увсчууд эзэнтэй Увс Нуур, Төв Ургац багтай учраа таарав. Тоглолт тэнцүүхэн эхэлсэн ч будагтай талбайд Төв Ургац багийн Д.Дэлгэрнямыг дийлэхгүй байлаа. Улмаар эхний хагаст Төв Ургац 9 онооны тэргүүллийг авсан юм. Нэг, хоёрдугаар үед Увс Нуур багаас Ким Чон Ил 18 оноо авч, тун гайхалтай байлаа. Гуравдугаар үед Төв Ургац багаас Д.Мөнхтөр сайн тоглож, багийнхаа тэргүүллийг улам баталгаажуулав. Улмаар 20 орчим оноогоор тасарсан Төв Ургац өрсөлдөгчөө 80:66-гаар буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо авсан юм. Харин Увс Нуур дөрөв дэх ялагдлаа амслаа.



Тус тоглолтод Төв Ургацаас багийн ахлагч Д.Дэлгэрням 24 оноо, 14 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлэв. Мөн Д.Мөнхтөр 19 оноо, Ц.Ганболд 15 оноо, 14 самбар, Чой Рю Ри 14 оноо авчээ. Увс Нуур багаас Ким Чон Ил ээлжит сайн тоглолтоо гарган 34 оноо авсан бол Б.Батбуян 15 оноо, 13 самбар авсан байна. Төв Ургац самбарын тулаанд илт илүүрхсэн бөгөөд тэд багаараа 58 самбар авав. Харин Увс Нуур багаараа 33 самбар авчээ.

Төв Ургац багаараа довтолгоо болон хамгаалалтад тун жигд тоглосон нь ялалтын үндэс болсон юм.

Баянхонгор Ирвэсүүд-Архангай Алтан Дорнодын Дайчид 89:95

Үндэсний лигийн шинэхэн аваргууд болох Архангай Алтан Дорнодын Дайчид, Ирвэсүүдтэй учраа таарав. Тоглолтын эхнээс Ирвэсүүд амар өрсөлдөгчөө биш гэдгээ батлан довтолгоогоо ээлж дараалан амжилттай болгосон юм. Эхний 10 минутад Ирвэсүүд 7 оноогоор тэргүүлсэн бөгөөд Чадраабалын сайн тоглолт тэргүүллийг авахад чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ хоёрдугаар үеийн төгсгөлд Роберт Тюрнер, Г.Баттөр нар алсын зайн шидэлтээ амжилттай болгож, тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар үеийн төгсгөлд  Э.Дорж-Арилд хурдан довтолгоонд гарч, амжилттай болгосноор 35:31-ээр эхний хагас өндөрлөв. Гуравдугаар үеийг Дайчид тун гайхалтай эхлүүлсэн бөгөөд богинохон хугацаанд онооны зөрүүг 10 болголоо. Гэвч үеийн төгсгөлд Ирвэсүүд тун нямбай довтолж, тооны харьцааг ойртуулсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Ирвэсүүдээс М.Даваадорж гурван удаа алсын зайн шидэлтийг амжилттай болгон өрсөлдөөнийг улам сонирхолтой болголоо. Гэхдээ Дайчид төдийлэн тэвдэлгүй тоглосоор өрсөлдөгчөө 95:89-өөр буулган авч, улирлын ээлжит хожлоо авав.



Тус тоглолтод Дайчидаас Ким Чоль Мён 36 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүллээ. Мөн Роберт Тюрнер 23 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт, Г.Баттөр 14 оноо, 8 оновчтой дамжуулалт, Ц.Мэргэн 9 оноо, 14 самбар авсан юм. Харин Ирвэсүүүдээс С.Эрдэнэдалай 24 оноо, 11 самбар, Баярбат 17 оноо, М.Даваадорж 11 оноо, 10 оновчтой дамжуулалт, Үлэмж 11 оноо авсан байна. Хоёр баг дөрвөн үеийн турш тэнцүүхэн өрсөлдсөн нь багийн үзүүлэлт бүгд ойролцоо байгаагаас тод харагдана. Харин Дайчид алсын зайн шидэлтийг 11 удаа, Ирвэсүүд 8 удаа оновчтой болгожээ.

SBL Хасын Хүлэгүүд-Альянс Тех Харцага 97:91

Үндэсний супер лигийн өнгөрсөн улиралд финалд өрсөлдсөн SBL Хасын Хүлэгүүд, Альянс Тех Харцага энэ улиралд анх удаа учраа таарав. Үндэсний супер лигийн мөнхийн өрсөлдөгч хоёр багийн тулаан сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан нь мэдээж. Хүлэгүүд ОУХМ С.Өрнүүнбилэгийг эгнээндээ нэгтгэсэн аж. Харин Харцага зургаахан тоглогчтой тоглолтыг эхлүүлэв. Гэхдээ тоглолтын эхлэлийг Альянс Тех Харцага үнэхээр гайхалтай тавьлаа. Ялангуяа Оюунболдын Цэлмэг алсын зайн шидэлтээр “бороо оруулж” байв. Улмаар эхний хагаст Харцага 10 гаруй оноогоор давамгайлсан юм. Гэхдээ гуравдугаар үед Хүлэгүүд хамгаалалт сайн хийж, тооны харьцааг тэнцүүллээ. Энэ үеийн төгсгөлд Харцагын Карл Блэйр алсын зайн шидэлтээ амжилттай болгон онооны тэргүүллийг авав. Гэхдээ дөрөвдүгээр үеийн эхэнд Хүлэгүүд довтолгоогоо нямбай гүйцэтгэн оноогоор тэргүүлж эхэллээ. Харцага баг амар бууж өгөхгүй гэдгээ харуулж байв. Ердөө хоёр оноо тэдний зааглаж байсан юм. Хүлэгүүд тоглолтын төгсгөл хүртэл тэргүүллээ хадгалсаар 97:91-ээр өрсөлдөгчөө буулган авч, улирлын ээлжит хожлоо авав.



Тус тоглолтод Хүлэгүүдээс Т.Санчир 29 оноо, 9 оновчтой дамжуулалт өгсөн юм. Мөн Батлер 16 оноо, 13 самбар, А.Бямбадорж, Дэвис тус бүр 13 оноо, Отгонмөнх 12 оноо авчээ. Харин Харцагаас О.Цэлмэг 29 оноо, Карл Блэйр 23 оноо, 10 оновчтой дамжуулалт, 7 самбар, 6 бөмбөг таслалт, Э.Дөлгөөн 18 оноо, 18 самбар авсан байна. Хүлэгүүд багаараа 52 хувьтай довтолсон бол Харцага 42 хувьтай довтолсон юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.