“100 айл”-ын худалдаачид татвараа төлдөг ч орчин нь бахь байдгаараа

-Монголын барилгын материалын ханган нийлүүлэлтийг бараг дангаараа шахам хангадаг төвлөрсөн том захын худалдаачдын 95 хувь нь улсад татвараа төлдөг хэрнээ өөдөлж дэвшин, өнгө зассан шинжгүй байгаад хэн буруутай вэ-
 
Манай сонин барилгын материалын төвлөрсөн төв гэгддэг 100-н айл орчимд томоохон худалдааны төв, дунд зэргийн болон жижиг дэлгүүр гээд нийтдээ 1100 гаруй түрээслэгч хувь хүн, байгууллага худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.
 
Эдгээрээс гадна тус газарт 102 жижиг үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд барилга ихээр баригдаж, барилгын материалын зах ч тэр хэрээр борлуулалт, эргэлт сайтай байгаа. Мэдээж энэхүү үйл явц цаашдаа ч хадгалагдах нь тодорхой.  Тэгвэл дээрх газарт үйл ажиллагаа явуулдаг худалдаа наймаа эрхлэгчид болон аж ахуйн нэгж улсад хэдий хэрийн хэмжээний татвар төлж улсын орлогыг бүрдүүлдэг вэ гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байна.
 
Харамсалтай нь, 100-н айлын барилгын материалын төв ямар ч дэд бүтэцгүй бүх дэлгүүр, үйлдвэр чихцэлдэн байрладаг учраас хөл толгойгоо алдсан, улмаар бохир мөнгө асар ихээр эргэлддэг байхыг үгүйсгэхгүй. Харин энэ удаад манай сонин эл асуултад хариулт хайлаа.
 

Ч.СҮРЭНХОРЛОО: ХУДАЛДААЧИД БҮГД ТАТВАРАА ТӨЛДӨГ

 
Энэхүү газрынхан улсад ашгийн татвар болон НӨАТ-ыг хэрхэн яаж төлдөг талаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хуулийн хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийн ахлагч Ч.Сүрэнхорлоогоос тодрууллаа. Тэрбээр 100 айлын захад ямар ч бохир мөнгө эргэлддэггүй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн X, XI хороонд барилгын материалын худалдаа эрхэлдэг 20-иод газар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр газар бүгд татвар төлөгч гэдгийг хэлэх нь зөв байх. Гэхдээ дээрх газар бас 100 хувь татвараа төлдөг үү гэвэл үгүй” хэмээн онцоллоо.
 
Түүнчлэн “Бид бүгдийг нь татварт хамруулахын тулд тухайн газар дээр нь ажиллаж байна. Тухайлбал, “Цалам” худалдааны төвд гэхэд 28 түрээслэгч бий. Үүнээс аж ахуйн нэгж 12, иргэн 13 байгаа бол “Жоби” худалдааны төвд нийтдээ 188 татвар төлөгч үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 10 нь аж ахуйн нэгж, үлдсэн 178 нь иргэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр эдгээр иргэний 95 хувь нь улсад татвараа төлдөг. Харин хамрагдаагүй таван хувь нь жилийн эцсээс хойш тус газарт нүүж орсон, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бидний гаргасан өөрт тань үзүүлж байгаа судалгаа өнгөрсөн гуравдугаар сарынх.
 
Учир нь би эдгээр аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийг яагаад татвар төлдөгийг нь сайн мэдээд байна вэ гэвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай дүүргийн татварын байцаагч нар И баримтыг олгуулах, холбох ажлыг хийж байгаа учраас ийм нарийн судалгаа гарсан гэсэн үг. Тухайлбал, “Жоби” төв дотор үйл ажиллагаа явуулж байгаа 188 татвар төлөгчийг ажлын байраар хангаж байгаа тус төвийн түрээслэгч нь тодорхой нэг компани байгаа. Мэдээж энэ компани үйл ажиллагаа явуулж байгаа учраас татвар төлөгч байгууллага. Мөн тус газар лангуу түрээслээд явж байгаа 10-н аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа гаргаж өгнө. Түүнчлэн дээр хэлсэнчлэн манай байцаагч нар 178 иргэний бүх судалгааг гаргаж татвар төлөгчийн баримт таних дугаар болон, И баримтад холбогдсон байх шаардлагатай хэмээн өдөр бүр худалдааны төвүүд дээрх шаардлага тавиад ажиллаж байна. Энэ бүх судалгааг гаргасан учраас тус зах дээр худалдаа наймаа эрхлэж байгаа хувь хүн болон аж ахуйн нэгжүүд бүгд улсад татвараа төлөөд явж байгаа гэж ойлгож болно.
 
Харин НӨАТ-ын болзлыг хангасан хүн л нэмүү өртгийн албан татварын төлөгч байна. Түүнээс худалдаа хийж байгаа бүх хүмүүс НӨАТ-ын төлөгч биш. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг буюу түүнээс дээш төгрөгт хүрсэн хүмүүс НӨАТ-ын төлөгч болно. Энэ бол хуулийн босго нь шүү дээ. Тиймээс хүн болгон НӨАТ-ын төлөгч биш суутган төлөгч гэж ойлгох хэрэгтэй. Ямартай ч энэ бүхнийг татварт бүрэн хамруулж далд эдийн засгийг ил болгох зорилгоор баримт олгодог болгоё гэдэг дээр манай байцаагч нар ажиллаж байна. Ганц 100 айл биш шүү дээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх л худалдааны төвүүдийг И баримттай болгох албан шаардлагыг хүргүүлж Та орлогоо ил болгох шаардлагатай” гэсэн мэдэгдлээ хүргүүлж байгаа.
 
И баримтыг олгосноор тухайн хүнд тайлангаа гаргахад ч амар байдаг. Түүнчлэн ард иргэд ч гэсэн И баримтаараа худалдан авалт хийгээд сугалаанд оролцох, мөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцааж авах гээд маш олон давуу талтай шүү дээ. Юутай ч 100 айлын барилгын материал дээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд бүгд татвар төлөгч шүү гэдгийг л хэлье даа” гэлээ.
 

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗӨВ ЗҮЙЛД НЬ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 
Ямартай ч 100 айлын барилгын зах дээр эргэлдэж буй мөнгө ба далд зах зээл цэцэглэн хөгжөөгүй гэдгийг албаны хүн тайлбарлав. Тэгвэл эдгээр худалдаачид өөрсдийн олсон орлогоосоо тодорхой хувийг нь улсад татвар хэмээн төлж байхад эргээд эдгээр иргэдийн төлсөн татвараас тухайн газрын орчныг яагаад тохижуулж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, нэг худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа 188 татвар төлөгчийн улсад төлж байгаа мөнгө хэд вэ гэдгийг нарийн тооцоолж гаргавал чамгүй их мөнгө болох биз. Тиймээс л төр татвар төлөгчдөөсөө орлогын татварыг нь авч байгаа хэрнээ эргээд эдгээр хүнд зохих үйлчилгээг нь үзүүлвэл яасан юм бэ.
 
Учир нь, 100-н айл дээр үйл ажиллагаа явуулдаг лангуу түрээслэгчид өөрсдийнхөө агуулах савыг ойр орчмын айлуудын хашаанд тавьдаг тухайгаа хэлж байсан. Тус газрын нийт худалдааны төвийн талбайн хэмжээ 58.697 ам.метр байгаагаас худалдааны барилгын талбайн хэмжээ 33.385 ам.метр байна. Эндээс ашигтай талбайн буюу түрээслэх боломжтой талбайн хэмжээ ердөө л 27.263 ам.метр байна. Түүнчлэн дээрх 1.6 км газарт 6.272 ам.метр талбай бүхий агуулахууд байрлаж байна. Угтаа бол хамарч буй талбайн тал хүрэхгүй хувь нь ашигт талбай, 10 орчим хувь нь агуулах аж. Тэгэхээр энэ бүхнээс үүдэж, хөрсний бохирдол, түгжрэл гээд олон асуудал үүснэ.
 
Эцэст нь хэлэхэд Монголын барилгын материалын ханган нийлүүлэлтийг бараг дангаараа шахам хангадаг төвлөрсөн том захын худалдаачдын 95 хувь нь татвараа төлдөг атал өнөөг хэр нь өөдөлж дэвшин өнгө зассан шинжгүй байгаад хэн буруутай вэ?!

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хнз 2017-04-21 19:48:21
    Барилгын зах ийм байж болохгүй .Энэ бол ядмагийн шинж.Цаашдаа томоохон төвүүд байх нь зөв.Ядахдаа машины зогсоолтой.Ийм газрыг АН ынхан санал болгосон.Захуудыг ...
  • Зочидын төлөөлөгч 2017-04-20 08:59:04
    Татварын мөнгийг төрийн томчуул л идсэн шүү.. Одоо гаслаад яах вэ хохь чинь
  • иргэн 2017-04-19 09:19:46
    татвараа тэд хаана ч толно түргэн хотоос гарга БАТБОЛД даргаа та юу хийгээд дүлэгнээд байнаа ядаж иргэний зориг гаргаж иргэдийн эрүүл мэндийг БОДООЧ
  • 1 2017-04-19 05:21:46
    LKHAMSUREN GEJ GANCHAN HUNII BALGAARL ENE GAZR BOHIRDJ BAIGAA HUUCHIN GRAJ BAISN GAZRIIH LANGUU BOLGOJ OLON HUND TUREESELJ MUNGE HUULDEG
  • ЗОЧИН 2017-04-19 04:54:43
    ТАТВАР ГЭЖ 6000 ТӨГРӨГ Л ӨГДӨГ БИЗ. НӨАТ ТӨЛДӨГ НЭГ Ч ГАЗАР БАЙХГҮЙ. ХӨӨЖ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ.
  • 1 2017-04-19 03:11:29
    Saihan shaaj bainaa. 100 ailiin hujaanaauaas NUT tuldug, NUT-iin barimt bichdeg gants ch hujaa baihgui. Novshnuudiig hotoos huuj garga.