К.Роналдо хет-трик хийж, “Байерн Мюнхен”-ий аяллыг дуусгалаа
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигийн шөвгийн найман багийн хариу тоглолтууд эхэллээ. Хуваарь ёсоор өнгөрсөн шөнө энэхүү тэмцээнд хамгийн олон удаа буюу 11 удаа түрүүлсэн тасархай амжилттай Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб өөрсдийн талбайдаа Германы алдарт “Байерн Мюнхен” клубыг хүлээн авч тоглолоо.



Германд болсон эхний тоглолтод зочид 2:1 харьцаатай ялалт байгуулж, өөрсдөдөө том давуу талыг бий болгоод байсан билээ. Энэ удаад Реалынхан тэнцээ авахад л дараагийн шатанд шалгарах хамгийн эхний багаар тодрох байлаа.



Тэгвэл  эзэн хааны багийнхан талбайдаа жинхэнэ гайхалтай тоглолт үзүүлж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадлаа. Энэ үдэш дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг дөрөв дэх удаагаа хүртсэн К.Роналдо өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж Байернийн хаалганд  76, 104, 109 дэх минутанд гоолдож, хет-трик хийлээ. Реалынхан ингээд ч зогссонгүй А.Марко тоглолтын 112 дахь минутанд гоолдсоноор тоглолтын эцсийн цэгийг тавьлаа.  



Харин эсрэг багаас Р.Левандовский нэр төрийн нэг гоолыг 53 дахь минутанд торгуулийн цохилтоор оруулсан юм. Харин тоглолтын 78 дахь минутанд Реалын багийн ахлагч С.Рамос өөрийн хаалгандаа авто гоол оруулж, тооны харьцааг ойртуулсан.Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Реал Мадрид” баг 6:3 харьцаатай шөвгийн дөрөвт шалгарлаа.



Өнгөрсөн шөнө К.Роналдо гурван гоол оруулж 100 гоолтой болсоноор “Аваргуудын лиг”-ийн бүх цаг үеийн түүхэнд 100 гоол оруулсан анхны тоглогч болж байна. Түүний араас Лионел Месси 94 гоолтой, Раул Гонзалес 71, Рууд ван Нистелрой 56, Карим Бензема 51, Тьерри Анри 50 гоолтой бичигдэж байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.