Монгол Улс сансрын тойрог замд хиймэл дагуултай боллоо

Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг Сингапур Улсын “ABS” компанийн Зүүн хойд Ази хариуцсан захирал Доналд Чо УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.  

“МОНГОЛСАТ-1” хиймэл дагуул энэ оны 1-р сараас тойрог замд ороод байгаа бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс Монгол Улс ашиглаж эхэлж байгаа юм. Энэхүү хиймэл дагуулыг ашиглан бид хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, онцгой байдлын зэрэг олон салбарын маш чухал мэдээллийг хүлээн авахаас гадна интернэт болон телевизийн өргөн нэвтрүүлгийн хэрэглээг хамгийн хямд үнээр, хамгийн чанартай хүртэх боломж бүрдэж байна.



Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Арав гаруй жилийн өмнө эхлүүлсэн ажил маань биеллээ олж, Монгол Улс орчин үеийн хамгийн дэвшилт технологитой “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуултай болж байгаа нь бидний хувьд маш бахархалтай түүхэн үйл явдал юм” гэж тэмдэглэлээ.

Ноён Доналд Чо “Монголчуудын хиймэл дагуултай болох хүсэл мөрөөдөл 10 гаруй жилийн өмнө эхэлснийг би ойлгосон. Энэ мөрөөдлийг биелүүлэхэд эрхэм УИХ-ын дарга Та ихээхэн хүчин чармайлт гаргасныг ч мэднэ. Тиймээс Танд талархал илэрхийлж, баяр хүргэе” гэв.
 

“МОНГОЛСАТ-1” дагуулыг ашиглаж эхэлснээр интернэтийн хэрэглээний үнэ өнөөгийнхөөс 50 хувь хямдарна. Монгол орны аль ч газар нутагт ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн гар утасны хэрэглээнд чанарын хувьсгал гарна. Илүү чанартай, өндөр хурдтай, 2 дахин хямд хэрэглээгээр хангагдана. Кабелийн телевизийн 100 орчим сувгийг хот, хөдөө хаана ч шууд үзэх боломжтой болно.


Хамгийн товчхон хэлэхэд Дэлхийн улс орнуудаас хамгийн хямд, хамгийн чанартай интернэтийг сансрын хиймэл дагуул ашиглан хэрэглэх боломж Монгол Улсад анх удаа тохиож байна” гэж тэрбээр онцоллоо.

Сингапурын “ABS” компани энэ чиглэлээрээ 11 жил үйл ажиллагаа явуулсан, сансарт 7 хиймэл дагуул эзэмшдэг, олон улсын хэмжээний, тэргүүлэгч компани юм байна. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтаар энэхүү хиймэл дагуулыг хөөргөжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.          

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.