Өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо жилийн дотор 108 саяд хүрчээ

Дэлхий дахинаа өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 28 сая байснаа 108 сая болж нэмэгджээ. Энэ талаар Евро комиссын Нэгдсэн судалгааны төв мэдээлсэн байна. Тус төвөөс 2016 онд статистик судалгаа гаргаж, өмнөх онтой нь харьцуулан үзсэн аж. Дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдэж буй тохиолдлын олонх нь удаан үргэлжилсэн дайны зөрчилдөөнтэй холбоотой байна. Ялангуяа Сири, Өмнөд Судан, Сомал, Йемен, Иракт хүнсний асар их дутагдал ажиглагджээ. Сирид л гэхэд 2011 онд мөргөлдөөн эхэлснээс хойш жил бүр хүнсний хангамжийн дутагдал нэмэгдсэн бол Йеменд 22 мужийн 20 нь Саудын Арабын интервенцээс болж хямралд оржээ.
 
Өнгөрсөн онд хүнсний маш их хэмжээний дутагдалд орсон хүмүүсийн тоо 28 сая болж нэмэгджээ. Энэ тухай Евро комиссын дэргэдэх Нэгдсэн судалгааны төвийн хэвлэлийн албаны ажилтан Нина Кайяндер мэдэгдсэн байна. Олон улсаас хүнсний аюулгүй байдлыг хангахад бүхий л хүчээ зарцуулж буй боловч 2016 оны байдлаар дэлхий дээр 108 сая хүн хүнсний тогтворгүй нөхцөлд аж төрж байна.
 
Тухайлбал, эрдэмтэд НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөр, ЮНИСЕФ-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн хүнсний хямралын томоохон дүн шинжилгээ хийсэн байна.
 

ҮХЛИЙН ИРМЭГТ ИРЭЭД БАЙНА

 
Судлаачдын үзсэнээр үй олноороо өлсгөлөнд нэрвэгдэж байгаагийн үндсэн шалтгаан нь зэвсэгт мөргөлдөөн болон цаг уурын өөрчлөлт гэнэ. “Хүмүүнлэгийн 10 хямрал тутмын ес нь дотоод зэвсэгт мөргөлдөөн байгаа нь энхийн тайван, хүнсний аюулгүй байдал хоорондоо уялдаа холбоотой асуудал гэдгийг баталж байна” хэмээн төвийн шинжээчид мэдэгджээ.
 
Өлсгөлөнд нэрвэгдэх магадлал хамгийн өндөртэй улс орнуудын тоонд Йемен, Сири, Ирак орж байна. Түүнчлэн судалгаанд “Өнөөдрийн байдлаар Өмнөд Судан, Сомал, Йемен, Нигерийн зүүн хойд хэсэг өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэх аюулд ороод байна. Мөн Ирак, Сири (хөрш орнуудад байгаа Сирийн дүрвэгчдийн оролцуулаад), Малави, Зимбабве зэрэг улсад хүнсний болон хүмүүнлэгийн тусламж асар ихээр хэрэгтэй байна” гэжээ.
 
“Өнөөдөр хүнсний аюулгүй байдал асуудал үүсгэж байгаа бол маргааш гэхэд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болно. Дэлхий нийт өлсгөлөнгөөс болж үхлийн ирмэгт ирээд байгаа хүмүүст оршин тогтнох боломжоор нь хангах, амь насыг нь аврахын тулд яаралтай хөдлөх шаардлага тулгарчээ” хэмээн НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эртарин Казин мэдэгджээ.
 

ГАЛЫН ДУНДАХ СИРИ

 
Төвийн мэдээллээс үзэхэд Сири улсад 2011 онд зөрчил маргаан эхэлснээс хойш хүнсний аюулгүй байдал эрс унасан байна.
 
2016 оны зургаадугаар сард 9.4 сая сири иргэнд хүнсний тусламж шаардлагатай байсан бөгөөд цаашид энэ тоо 2.4-2.7 саяар нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа Сирийн хамгийн хүнд нөхцөлтэй бүсээр Эль- Кунейтра, Дараа, Идлиб, Дамаск, Алеппо зэргийг нэрлэж болох аж.
 
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр 2014 онд Сирийн 1.7 сая гаруй дүрвэгчид бүтээгдэхүүний тасалбар тараах ажлаа зогсоосон байна. Энэ тасалбараар хүмүүс Иордан, Ливан, Турк, Ирак, Египетээс хоол хүнсээ авдаг байв. Тухайн үед энэхүү хөтөлбөрийг зогсоосон гол шалтгаан нь санхүүжилт болж байлаа.


 

ХОЁР ХОНОГТ 110 ХҮН ӨЛСӨЖ АМИА АЛДАЖ БАЙНА

 
НҮБ энэ оны гуравдугаар сард дэлхий дахин 1945 оноос хойших хамгийн том хүмүүнлэгийн хямрал амсаж байгааг зарласан. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Стивен О’Брайен Аюулгүйн зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн билээ.
 
Хүмүүс хамтдаа, зохицуулалтгүй байвал өлсгөлөнгөөс болж олон хүн амиа алдана хэмээгээд Йемен, Өмнөд Судан, Нигери, Сомалд санхүүгийн тусламж яаралтай үзүүлэхийг шаарджээ. Үүнд нийт 4.4 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж О’Брайен тэмдэглэж байв.
 
Евро комиссоос энэхүү хөтөлбөрт жилд 540 сая евро гаргадаг. 2016 онд энэ тоо өсөж, 620 сая евро болжээ.
 
Сомалийн засаг захиргаа энэ хоёрдугаар сард ган гачгийн улмаас үндэсний хэмжээний аюулд орсноо зарласан байна. Тус улсын Ерөнхий сайд Хасан Али Хайре өнгөрсөн сарын 4-нд “Сүүлийн хоёр хонопг нэг бүсэд 110 хүн өлсөж амиа алдлаа гэж мэдэгдэж байлаа.

Үүнээс гадна ЮНИСЕФ-ийн хоёрдугаар сарын мэдээлэлд Йемен, Нигери, Сомали, Өмнөд Судан зэрэг улсад 1.4 сая гаруй хүүхэд өлсеж үхэх аюулд орсон гэнэ.


 
Жихадын бүлэглэл идэвхтэй тэмцэл явуулж байгаа Нигерийн зүүн хойд хэсэгт 450 мянган хүүхэд өлсөж байгаа бол Йеменд 462 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ.
 

 ХААНААС Ч ТУСЛАМЖ АВАХ АРГАГҮЙ БОЛЖЭЭ

 
Хүнс тэжээлийн асар их дутагдалд орсон улсын тоонд Йемен орсон байна. Тус улс хоёр жил орчмын хугацаанд иргэний дайны байдалтай байгаа юм.
 
2015 оны гуравдугаар сараас Саудын Араб улс АНУ, Их Британийн дэмжлэгтэйгээр бүс нутагт интервенци хийсэн. Америкийн агаарын цэргийн хүчин Йемений “Аль Кайда” алан хядах бүлэглэлийн хяналтдаа авсан хорооллуудыг бөмбөгдсөөр байгаа юм. Зөвхөн гуравдугаар сарын 2-нд л гэхэд АНУ 30 гаруй агаарын цохилт хийсэн байна. Пентагоны төлөөлөгч Жефф Дэвис эдгээр агаарын цохилтын гол зорилго нь дайчид, тэдний зэвсэг, зэвсэглэл, дэд бүтэц байсан гэжээ.
 
Йемений засаг захиргаа Вашингтонд хуурай газар дээр тусгай ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй тул энгийн номхон олон зуун иргэн Сана хотод Саудын Арабын удирдлаган дор бөмбөгдөлт явуулахыг эсэргүүцэн жагсчээ.

Агаарын цохилтын үеэр 10 мянга гаруй хүн амиа алдаж, сая сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байна. НҮБ-ын мэдээлснээр тус улсын 22 мужийн 20 нь өлсгөлөнгийн улмаас онц болон хямралын нөхцөлд байгаа юм. Хүнс тэжээлийн асар их дутагдал 17 сая гаруй йеменд хүндээр тусч байна.


 
Сана хотын иргэдийн ярьж буйгаар эвслийнхэн дайралтаа эхэлсэн цагаас хойш тэдэнд хаанаас тусламж авах нь мэдэгдэхгүй болсон гэнэ.
 
“Манай байшин ажиллагаанд өртөж, нурсан. Бид тусламж аваагүй. Бас хэн ч бидэнд унтах хөнжил гудас, идэх юм өгөөгүй. Манай байшингаас юу ч үлдээгүй. Энэ бүгд дайралтаас болсон” хэмээн өртсөн хүмүүсийн нэг нь ярьжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.