Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо
Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулсан Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 7 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд явагдаж, улсын аваргуудаа тодрууллаа.

Урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд явагдаж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд нийт 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 5, Их Мастер 1, ОУ-ын Мастер 6 тамирчин оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгов. Ингээд хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Б.Хангал (3969 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам (7453 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр (7390 оноо) нар тус тус тэргүүлжээ.



Нийт оролцсон тамирчдаас Улсын аваргаар дунд насны ангилалд өрсөлдсөн ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор шалгарч нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэж, Монгол болон Азийн чансаанд 1-т, дэлхийн чансаанд 5-т бичигдлээ. 

Мөн бүх насны ангилалд олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдсэн байна. Тухайлбал, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.

Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас тамирчид оролцож медаль хүртэн, улсын болон дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь ой тогтоолтын спорт орон нутагт маш сайн хөгжиж байгааг харуулсан үйл явдал юм.

Тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршино.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.