Елисейн ордны эзэн хэн болох вэ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өчигдөр тус улс даяар боллоо. Санал хураах үйл ажиллагаа орон нутгийн цагаар өглөө 08.00 цагт эхэлж, оройн 20.00 цагт дуусгавар болсон бөгөөд үр дүн нь өнөөдрөөс тодорхой болж эхлэх билээ.
 
Сонгуулийн үеэр террорист халддага болохоос сэргийлэх зорилгоор тус улсын цагдаагийн ажилтнууд гурав хоногийн өмнөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажилласны зэрэгцээ 50 мянган цагдаа, 7000 цэргийн алба хаагч улс орон даяар санал хураах байруудын аюулгүй байдлыг ханган ажиллав.
 
Энэ удаагийн сонгуульд нийтдээ 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч, гол өрсөлдөөн дөрвөн хүний дунд өрнөнө гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. Тодруулбал, консерватив намаас нэр дэвшигч Франсуа Фийон, хэт барууны үзэл баримтлалт Марин Ле Пен, Эдийн засгийн сайд асан Эммануэл Макрон, хэт зүүний үзэлт Жан-Люк Меланшон нарын эрхмүүдийн дунд ширүүн өрсөлдөөн болохоор байна. Тэдгээр нэр дэвшигчдээс хэн нь ч 50-иас илүү хувийн санал авч чадаагүй тохиолдолд шийдвэрлэх шатны сонгууль ирэх тавдугаар сарын 7-нд болно. Энэ шатны сонгуульд дэмжигчдээс хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч тунаж үлдэх билээ.
 
Ерөнхийдөө тус улсын түүхэнд эхний шатны санал хураалтаар Елисейн ордны эзний хувь заяа шийдэгдэж байсан тохиолдол үгүй ажээ. Эдүгээг хүртэл Шарль дё Голлийн тогтоосон амжилт хэвээр байгаа бөгөөд 1965 оны сонгуулиар тэр 44.6 хувийн санал авч байжээ. Тэр үед болон дараа дараачийн бүх сонгуулъд ялагчийн нэр хоёр дахь шатны сонгуулийн дүнгээр тодорхойлогдож байсан юм.
 
Ажиглагчдын дэвшүүлж буй таамаглалын дагуу “Үндэсний фронт” намын нэр дэвшигч Марин Лe Пен, Эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон нар тунаж үлдэх магадлал өндөр байна.


...Марин Ле Пены хувьд хэрэв Ерөнхийлөгч болбол Францыг ЕХ-оос гаргаж, цагаачлалын хатуу бодлого баримтлана гэдгээ тодорхой илэрхийлсэн. Манай улсын 4500 орчим иргэн тус улсад сурч, хөдөлмөрлөдөг бөгөөд Марин Ле Пен ялалт байгуулсан тохиолдолд дээрх тоонд өөрчлөлт орж болзошгүй...

 
Зүүний хүчний “Үндэсний фронт” намаас нэр дэвшигч Марин Ле Пены хувьд хэрэв Ерөнхийлөгч болбол Францыг ЕХ-оос гаргаж, цагаачлалын хатуу бодлого баримтлана гэдгээ тодорхой илэрхийлсэн. Манай улсын 4500 орчим иргэн тус улсад сурч, хөдөлмөрлөдөг бөгөөд Марин Ле Пен ялалт байгуулсан тохиолдолд дээрх тоонд өөрчлөлт орж болзошгүй билээ. Учир нь түүний баримталж буй хоёр гол бодлогын нэг нь цагаачдыг хүлээн авахгүй байх, албадан гаргах бол нөгөө нь ЕХ-ноос гарах юм. Үүнээс гадна түүний нэр хүнд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялалт байгуулсны дараа огцом өсч эхэлсэн байдаг.
 
Францад сүүлийн үед болсон террорист халдлагууд ч сонгуулийн үр дүнд нөлөөлж, цагаачлалд хатуу бодлого баримтлахаа мэдэгдэж буй Марин Ле Пенд ашигтайгаар эргэж магадгүй байна.
 
Ямартай ч, Францын сонгуулийн үр дүн ЕХ-ны цаашдын хувь заяа хэрхэх нь шалтгаалах юм. Гэхдээ зарим олон улс судлаачид Марин Ле Пен шийдвэрлэх шатанд тунаж үлдэх магадлалтай ч, Ерөнхийлөгч болохгүй гэсэн таамгийг дэвшүүлж байна. Тэдний үзэж буйгаар францчууд ЕХ-нд үлдэх, байр суурийг нь бэхжүүлэх сонголтыг хийх магадлалтай ажээ. Ингэснээр Эммануэл Макрон, Фийон нарын аль нэг нь Елисейн ордны эзэн болох төлөв ажиглагдаж байна.
 
Хэрэв энэ удаагийн сонгуульд Э.Макрон ялалт байгуулбал, Франц улс хамгийн ер бусын тэргүүн хатагтайтай болно гэсэн мэдээлэл ч бий. Тодруулбал, Э.Макроны гэргий нөхрөөсөө 24 насаар эгч төдийгүй ЕБС-ийн багш мэргэжилтэй. Брижит Макрон нөхрийнхөө зөвлөхөөр ажилладаг. Түүнчлэн, мөрийн хөтөлбөр боловсруулах, кампанит үйл ажиллагаанд чухал үүрэг рольтой оролцсон нь Францын Ерөнхийлөгчнйн бодлогын төвшинд нөлөө үзүүлэхүйц “ер бусын” тэргүүн хатагтай болно гэсэн мэдээлэл байгаа юм.
 
Ямартай ч, ЕХ-ны хувь заяаг шийдвэрлэхүйц тус сонгуулийн үр дүн хааш эргэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.