“Увс Нуур” улирлын гурав дахь хожлоо авлаа
МҮСБХ-ны Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Тоглолтын тоймыг хүргэж байна.
 

Увс Нуур-Баянхонгор Ирвэсүүд 80:72


Үндэсний супер лигт анх удаа өрсөлдөж буй Увсчууд эзэнтэй Увс Нуур хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо Баянхонгор Ирвэсүүдтэй хийлээ. Тоглолтыг Увс Нуур багийн легионер тоглогч Ким Чон Ил тун сайн эхлүүлсэн. Эхний хагаст Увс Нуур 10 оноогоор илүү гарч, 47:37-гоор өндөрлүүлэв. Тэднээс Ким Чон Ил 24 оноо авчээ. Харин гуравдугаар үед Ирвэсүүд богинохон хугацаанд онооны зөрүүг арилгаж чадсан. Ирвэсүүдээс С.Эрдэнэлдалай будагтай талбайд гайхалтай тоглож байсан юм. Гэхдээ шийдвэрлэх дөрөвдүгээр үед Увс Нуур баг тун сайн хамгаалсан бөгөөд тэнцүүхэн өрсөлдсөөр эцсийн мөчид өрсөлдөгчөө 80:72-оор буулган авлаа. Ийнхүү Увс Нуур улирлын гурав дахь хожлоо авав.



Тус тоглолтод Ким Чон Ил 29 оноо, 5 самбар авсан бол Г.Болд 20 оноо, 9 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Увс Нуур багийн туршлагатай тоглогчдын нэг Я.Бат-Орших 11 оноо, 7 самбар авлаа. Түүнд Мөнхбаяр 9 оноо, 16 самбар авч тусалсан юм. Ирвэсүүдээс Д.Чадраабал 25 оноо, 6 самбар, Баярбат 12 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт, С.Эрдэнэдалай 12 оноо, 9 самбар авчээ. Увс Нуур багаараа 39 хувьтай довтолсон бол Ирвэсүүд 33 хувьтай довтолсон байна.
 

Альянс Тех Харцага-Архангай Алтан Дорнод Дайчид 97:92


Үндэсний супер лигийн сүүлийн хоёр улирал дараалан түрүүлсэн Альянс Тех Харцага, Үндэсний лигийн аварга Архангай Алтан Дорнодын Дайчид багтай учраа таарав. Хоёр хүчирхэг багийн тулаан сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байлаа.

Дайчид тоглолтыг сайн эхлүүлж чадсан. Улмаар тэд нэгдүгээр үеийн төгсгөлд 14 оноогоор тэргүүлж байлаа. Гэхдээ Харцага хоёрдугаар үеийн тун сайн хийж, онооны зөрүүг богинохон хугацаанд арилгаж чадсан. Эхний хагас тэнцүүхэн өндөрлөсөн бөгөөд гуравдугаар үед багууд ширүүн өрсөлдлөө. Гуравдугаар үед Дайчидаас Роберт Тюрнер, Г.Баттөр, Харцагаас Г.Цэнгүүнбаяр нар сайн тоглосон. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед энэ улиралд анх удаа Харцагын өмсгөлтэй тоглож буй Энхбатын Дөлгөөнийг зогсоох тоглогч Дайчидын бүрэлдэхүүн байсангүй. Ийнхүү хүчирхэг хоёр багийн тулаанд эцсийн мөчид Альянс Тех Харцага өрсөлдөгчөө 97:92-оор буулган авч, улирлын зургаа дахь хожлоо авав.



Тус тоглолтод Харцагаас Э.Дөлгөөн 37 оноо, 13 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч, трипл-дабль гүйцэтгэлээ. Түүнд Г.Цэнгүүнбаяр 23, А.Сумъяа 9 оноогоор түүнд тусалсан байна. Харин Дайчид-аас Роберт Тюрнер 25 оноо, 13 самбар, Ким Чол Мён 21, Цэрэнбаатар 15, О.Энхбаатар 12 оноо авлаа. Харцага багаараа жигд тоглосон бөгөөд тэд нийт 26 оновчтой дамжуулалт өгчээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine