Трамп сонгуулийн өмнөх амлалтуудаа биелүүлсэн үү

-АНУ-ын Ерөнхийлөгчийн эхний 100 хоногийн ажлын үр дүн-


Барууныхан шинэ удирдагчийнхаа хэр үр дүнтэй ажилласныг тангараг өргөснөөс хойших эхний 100 хоногийн ажлаар нь дүгнэдэг уламжлалтай. Мэдээж 100 хоног гэдэг тийм ч их хугацаа биш. Магадгүй хүн гартаа 12 хуруутай байсан бол Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагааг 100 биш эхний 144 хоногоор нь дүгнэх байсан биз. Бас дэлхий арай удаан эргэж, хоног өдрүүд илүү удаан үргэлжилдэг байсан бол Ерөнхийлөгчийн хувьд энэ 100 өдөрт их зүйлийг амжуулах байсан биз ээ.
 
Гэхдээ нөгөө талаас үзэхэд 100 хоног гэдэг сонгогчид, шинжээчдийн хувьд удирдагчийнхаа ерөнхий үзэл санаа, ажлыг чиг хандлагыг харах, сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж буй эсэхийг шалгахад хангалттай хугацаа.

Трампын хувьд Ерөнхийлөгчийн суудалд суусан эхний 100 хоногтоо чимээгүй, уйтгартай байсангүй. Хэдий тийм боловч Ерөнхийлөгчийн хэлсэн хатуу мэдэгдлүүдээс аль нь агаарт замхарч, аль нь бодит үйл хэрэг болсон гэдгийг дараах мэдээллээс үзээрэй.
 

ХАНА

 
Хананаас эхэлье. Трампын хамгийн том амлалтуудын нэг яах аргагүй мөн. Үүн дээр л түүний Ерөнхийлөгчийн кампанит аян төвлөрч байсан гэхэд болно. Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн тэрбээр сонгогчидтойгоо уулзах үеэрээ Америк, Мексикийн хилээр “агуу том хана” босгох төлөвлөгөөгөө ярьж, цугласан болгон ч энэхүү төлөвлөгөөг нь халуун дотноор дэмжин хүлээн авч байсан. Хамгийн гол нь тэрбээр Мексикээр ханын үнийг төлүүлнэ гэж амлаж байсан билээ.


 
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрбээр энэ асуудлаар тийм ч итгэл төгс жиргэсэнгүй. “Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Мексик улс ийм чухал хилийн ханын барилгын ажилд ямар нэгэн байдлаар төлбөр төлөх болно. Гэхдээ энэ нь биднийг эхлүүлснээс хойш тохиох болно” гэж “твиттер"- тээ бичжээ.
 
Жагсаал цуглаан дээр амлалт өгөх амархан. Харин хэлсэндээ хүрч, бодит ажил хэрэг болгоход Вашингтоны хувьд нэлээд хүнд аж.
 
Цагаан ордноос төсвийн зардлыг дахин хуваарилж, ханын барилгын ажилд ямар нэгэн мөнгө гаргахыг амлаж байсан ч конгресс өдөр ирэх тусам энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хаа нэгтэйгээр хэдэн тэрбум ам.доллар олох хэрэгтэй болох нь ил тод болж байна. Гэвч энэ асуудал Ерөнхийлөгч, хууль батлагчдын хооронд зөрчилдөөн үүсгэж байгаа аж.
 

ДЭЭД ШҮҮХ


Дональд Трамп Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг дүүргэж, сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр нийтэлсэн жагсаалтаасаа нэг хүнийг сонгож оруулна гэсэн билээ. Ингээд тэрбээр сонголтоо хийж, Нил Горсачийг Дээд шүүхийн бүрэлдэхүүнд оруулахаар болсон.


 
Трамп Горсачийг шинэ албандаа томилогдох үеэр “АНУ- ын Ерөнхийлөгчийн ажлын хамгийн чухал зүйл нь шинэ томилгоо гэж надад үргэлж хэлдэг байсан. Энэ томилгоо нь маш сайн хүмүүс байвап илүү сайн. Энэ удаад АНУ-ын Дээд шүүхэд ийм хүн томилогдлоо. Энэ бол асар том нэр хүнд. Би үүнийгээ эхний 100 хоногтоо хийж чадлаа” гэж байлаа.
 
Горсачийг конгрессоор оруулж, батлахад тийм ч амар байгаагүй юм. Ардчилсан намын сенаторууд нэгэн дуугаар эсэргүүцэхэд олонх болох Бүгд найрамдахчуудын удирдагч Митч Макконнелл эртний уламжлалаа зөрчин байж, олонхийн саналаар шинэ шүүгчийг томилсон.
 
Үнэндээ бол Трамп түүний нэрийг цаасан дээр л бичиж, түүний өмнөөс үлдсэн ажлыг  нь намынх нь нөхөд хийсэн билээ.
 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

 
“Эрүүл мэндийн салбар ийм хүнд гэдгийг огт мэдээгүй” хэмээн Трамп өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгджээ. Учир нь түүний намынхан Obamacare-ийн шинэчлэлийн асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй юм.
 
Түүний хувьд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр ажилдаа орсон эхнийхээ өдрөөс л ардчилагчдын гаргасан эрүүл мэндийн шинэчлэлийг цуцална гэж мэдэгдэж байлаа. Гэвч Obamacare-ийн оронд бүгд найрамдахчуудын санал болгосон төслийн эхний оролдлого шууд л нуран унаж, гуравдугаар сарын сүүлчээр буюу Трампын ажлын 64 дэх өдөр Трамп ухрахаас өөр аргагүй болсон. Тухайн үед Ерөнхийлөгч “Би эрүүл мэндийн хуулийг цуцалж, шинэчлэлийг эхний 64 хоногтоо оруулж ирнэ гэж огт яриагүй. Надад өчнөөн цаг байна. Гэхдээ би маш сайн хуулийн төсөлтэй, эрүүл мэндийн шинэчлэлийн маш гайхалтай төлөвлөгөөтэй болмоор байна. Тийм юмтай ч болно. Удаан хүлээхгүй байх аа” гэж мэдэгдсэн юм.

 
ЦАГААЧЛАЛЫН АСУУДАЛ


 
Трамп цагаачлалын асуудлаар өгсөн амлалтаа бүрэн дүүрэн биелүүлсэн гэж бардамнаж чадахгүй ч түүнийг хичээж ажиллааагүй гэж хэлж болохгүй. Түүний засаг захиргаа дүрвэгсдийг АНУ-д хүлээн авах хөтөлбөрийг авч хаях, зарим орны иргэдийг нутагтаа оруулахыг хориглохыг хоёронтоо оролдсон боловч аль ч тохиолдолд шүүхийн шийдвэрээр үүнд нь хориг тавьж байсан удаатай.

Үүнээс гадна Трамп улс орон даяар цагаачлалын хяналтыг чангатгаж, хууль бусад цагаачдыг хайх, гаргахаас татгалзсан анхааруулга өгч, хилийн чанадаас мэргэшсэн хүмүүст виз олгодог Н-1В хөтөлбөр зэргийг дахин өөрчлөхөөр болсон билээ.
 
“Wash­ington Post” сонины мэдээлснээр Трамп Цагаан ордонд суусан эхний нэг cap хагасын дотор цагаачдын баривчилгаа бараг 30 хувиар өсчээ. Тэр дундаа хууль дүрэм огт зөрчиж байгаагүй хүмүүсийг баривчлах нь нэмэгдсэн байна.

 
ОЛОН УЛСЫН БОДЛОГО


Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэрээ хэлсэн үгэнд АНУ-ын гадаад бодлогыг засах саналуудад дуулиан шуугиан тарьсан, хоорондоо зөрчилдсөн нэлээд хэдэн асуудал байсан юм.
 
Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн тэрбээр Иран, Хятад, “Исламын улс” экстремист бүлэглэлд хатуу хандаж, Израильтай холбоогоо бэхжүүлэх, Оростой нөхөрсөг харилцаагаа сэргээх тухай ярьж байсан. Түүнчлэн тэрбээр хоригдлуудыг эрүүдэн шүүхийг хориглосон заалтыг цуцалж, Америкийн армид илүү чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж олгоно гэж байв.
 
Түүний хувьд Америкийнхаа, америкчуудынхаа ашиг сонирхлыг үргэлж дээгүүрт тавьж, хэтэрхий их дараа болдог холбоотнуудынхаа ашиг сонирхлыг хойш тавина гэж байлаа.
 
Харин Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш олон улсын бодлогын зөрчилдөөн нь агуулгын хувьд өөрчлөгдсөн ч алга болсонгүй.
 
Тэрбээр амласан ёсоороо АНУ-ыг Транс Номхон далайн түншлэлээс гаргаж, Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай зөвшилцлөө эргэн харж эхэлжээ. Харин Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттисийн нөлөөгөөр эрүүдэн шүүлтийг хэрэглэхийг азаар зөвшөөрсөнгүй. Трамп НАТО-гийн түншүүддээ батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг хэд хэдэн удаа сануулсан байна. Тэгсэн хэрнээ тэрбээр саяхан Хойд Атлантын альянс үнэхээр чухал, түүний гишүүн байх нь үнэ цэнтэй болохыг хүлээн зөвшөөрчээ.


 
Тэгвэл Хятадтай харилцах харилцаагаа нэлээд зөөллөсөн байна. Тэрбээр Бээжинг “валютын заль хэрэглэгч” хэмээн зарлах төлөвлөгөөгөө цуцалж, импортын татвараа нэмэхээ больж, үүний оронд Хятадын засаг захиргаанаас Хойд Солонгосын асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд туслалцаа хүсч эхэлжээ.
 
Үүнээс гадна Асадын дэглэм ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсний дараа Трамп Сирийн армид пуужингийн цохилт хийсэн байна. Уг нь Трамп нэр дэвшигч байхдаа ийм үйл ажиллагааг үр дүнгүй гэж хэлэх байсан. Учир нь тэрбээр 2013 онд телевизийн хөтлөгч байхдаа Сирид ийм цохилт үзүүлэхийг шүүмжилж байсан билээ.

 
ДЭД-БҮТЭЦ, ТАТВАР, НИЙГМИЙН БОДЛОГО

 
Сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө, аравдугаар сарын 22-нд Дональд Трамп Пенсильванид сонгогчдодоо “Америкт агуу байдлыг нь эргүүлэн авчрах 100 өдрийн төлөвлөгөө” гэгчийг танилцуулсан. Ерөнхийлөгчийн суудалд суух эхний 100 хоногийн турш конгресст танилцуулна гэсэн уг баримтад “Татварыг бууруулж, дундаж ангиллынхны татварыг хөнгөвчлөх тухай”, “Оффшортой тэмцэх тухай”, “Хүүхэд, өндөр настнуудыг хүртээмжтэй халамжлах тухай’’, “Obamacare эрүүл мэндийн системийг цуцалж, өөрчлөх тухай”, “Америкийн эрчим хүч, дэд бүтцийн тухай” зэрэг хэд хэдэн хуулийн төсөл багтжээ.
 
Obamacare-ийг цуцлах ажиллагаа бүтэлгүйтсэнийг эс тооцвол Трампын бусад санал болгосон асуудлууд үлгэр шиг замхарсан байна.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАРНИЧ 2017-04-29 01:26:24
    Цитирую по ссылке https://www.facebook.com/Sobol.Michael/posts/10207178115769636?comment_id=10207190624922357&comment_tracking=%7B%22tn%22%3A%22R%22%7D З...
    37.45.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • ган 2017-04-27 07:23:03
    трамп ямар хамаа байнаа
    202.131.227.138
    Мэдэгдсэн Хариулах
  • уц 2017-04-27 05:33:09
    ОХУ-тай ойртоно гэж бодсон чинь пуужин харвачихдаг байна шүү, 20 их наяд долларын өртэй байж татвар бууруулах бодлого нь бүтэхгүй дээ.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах