МҮЭ-ийн холбоо, Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суулаа
Өчигдөр олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу “Май нэгэн” тохиолоо. Энэ өдөр дэлхийн олон орны иргэд, хөдөлмөрчид тулгамдсан бэрхшээлтэй асуудал, хүрэх зорилгоо төр засгийн газар, ажил олгогч нартаа хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг билээ. Энэ хүрээнд өчигдөр МҮЭ-ийн холбооноос тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл болоод татварын нэмэгдлийн талаар иргэдийн санал бодлыг  сонсох, цаашлаад эрх баригчдад тэдний хүсэлтийг хүргүүлэхээр “Эрх ашгаа хамгаалъя” иргэд, хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн цуглааныг зохион байгууллаа.

Тус жагсаалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хүрэлцэн ирж Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. МҮЭ-ийн холбооноос тавьж байгаа шаардлагыг хүлээж авахаа илэрхийллээ. Ингээд энэ сарын 3-ны өдөр МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд сууж хамтран шийдэл олох саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
 
Мөн энэ үеэр ҮЭ-ийн холбоодын удирдлага болоод гишүүдийн зүгээс өөрсдийн дуу хоолойгоо төр засагтаа хүргэж байр сууриа индэр дээрээс илэрхийлсэн. Тухайлбал хөдөлмөрийн хүнд нөхцөл ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэврийн насыг нэмэх асуудлыг эсэргүүцэж байгаагаа Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал илэрхийлээд УИХ-ын гишүүдийг нэг өдөр уурхайд ажиллах урилга илгээж байгаа талаараа энэ үеэр илэрхийллээ.
 
Үүний дараагаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд байр сууриа илэрхийлж, цаашид хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэдэг дээр санал нэгдэв.
 
 Х.Амгаланбаатар: ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлийн талаар Засгийн газар МҮЭ-ийн холбооны санал бодол, байр суурийг огт сонссонгүй
 
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Улс орны эдийн засаг амаргүй байгаатай холбоотойгоор иргэдийн хөдөлмөрлөх эрх ашиг, цалин, орлого, ядуурал гээд санаа зовоосон олон асуудал урган гарч байна. Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээ бид энэ оны нэгдүгээр сард баталж, цалин нэмэх асуудлыг 2018 оны төсөвт тусгах, татвар нэмэхгүй байх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөхцөлийн талаар Засгийн газар МҮЭ-ийн холбооны санал бодол, байр суурийг огт сонссонгүй. Эцэст нь хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх нөхцөл бүрдлээ. Бид нийгмийн тогтвортой байдлыг хадгалах, гурван талт хэлэлцээрээ хатуу баримтлах байр суурьтай байгаа гэв. Тэрбээр УИХ-аар хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл дээр хамтран ажиллах шаардлага байгааг энэ үеэр онцоллоо.
 
М.Энхболд: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн
 
УИХ-ын дарга М.Энхболд улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлт нөхцөл байдлын талаар товч танилцуулаад, бэрхшээлийг даван туулах чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд нааштай эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна. 2016 оны жилийн эцсийн болон энэ оны эхний улирлын төсвийн орлого давж биеллээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн дүн гарсан. Валютын ханш харьцангуй тогтвортой байна. Энэ эерэг өөрчлөлтийг тогтвортой хадгалж, цаашдын өсөлтийг хангах нь бидний гол зорилго болж байна. Ингэхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.Бидэнд дотоодын ойлголцол, тогтвортой байдал нэн эрхэм байгааг та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна гэж тэмдэглэлээ.
 
Г.Адъяа: Уурхайчид, төмөр замчидад тэтгэврийн насыг цаашлуулсан болон хүн амын орлогын албан татварын өөрчлөлт амаргүй тусах бололтой
 
МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “Уурхайчид, төмөр замчид гээд хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг, харьцангуй гайгүй цалин авдаг хүмүүст тэтгэврийн насыг цаашлуулсан болон хүн амын орлогын албан татварын өөрчлөлт амаргүй тусах бололтой. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлал хийхдээ ажиллагсдад нь хувьцааг нь эзэмшүүлэх асуудлыг анхааралдаа аваасай. “Хөдөлмөрийн татвараас хөрөнгийн татвар луу” гэсэн дэлхийн хандлагыг манайх ч анзаарах ёстой” гэлээ.
 
Олон нийтийн анхаарал татсан, бухимдал төрүүлж буй асуудлаар нийгмийн зөвшилцөлд оролцогч түншүүд хамтран ярилцаж, харилцан зөвшилцөж, ойр дөт хамтран ажиллах нь чухал гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Статистикын газар захиалгаар худлаа мэдэ 2017-05-02 03:05:50
    Шийдвэр гаргагчдад захиалгаар шал худлаа мэдээлэл гаргаж мэрэгжилээ худалдаж байна. Эрчүүдийн наслалт маш доогуур, тэтгэвэрээ авч чадахгүй маш их хүн үхэж байна...
    183.81.171.150
    Мэдэгдсэн Хариулах