“Сэлбийн хурдны зам”-ын солбилцлыг баталсан
Засгийн газар ээлжит хуралдаанаараа өвөлжилтийн бэлтгэл, соёлын баримтат өвийг хамгаалах болон импортын барааны эрсдэлийг тодорхойлж шалгуур үзүүлэлтийг батлах зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргажээ.
 

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Засгийн газраас 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай зарим тогтоол гарсан байна. Үүнтэй холбоотой салбарын сайд Н.Түвдэндорж болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх, цаг тухайд нь шуурхай ажиллахыг даалгажээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор нийслэл, хөдөө орон нутгийн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, ургац хураалтад ажиллах хүн хүч, техник тоног төхөөрөмжийн бэлтгэлийг ханган ажиллахыг үүрэг болгосон гэнэ. Мөн Зам тээврийн сайд А.Гансүхэд хүйтний улиралд орон нутгийн замыг байнга нээлттэй байлгах, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахыг анхааруулжээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нарын хариуцаж байгаа салбартай холбоотой асуудлуудаар хэд хэдэн чиглэл өгчээ. Тухайлбал, энэ жил шинэ ургацаас үйлдвэрлэх малын тэжээлийн экспортлох хэмжээг 40 хувиас илүү гаргахгүй байх үүрэг өгчээ.

 

ОРОН ТОО НЭМЭХИЙГ ЗӨВШӨӨРӨВ

Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсон. Тиймээс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй тогтмол шуурхай ажиллах шаардлага байгааг харгалзан үзэж манай улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар нэг дипломат ажилтны орон тоог нэмж ажиллуулахыг зөвшөөрлөө. Үүнтэй холбоотой Бүгд Найрамдах Кени улсын Найборид төвтэй Байгаль орчны хөтөлбөрт суух төлөөлөгч, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын албыг тус бүр хоёр жилийн хугацаатай байхаар баталлаа. Тус албыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын дэргэд байгуулан ажиллахыг зөвшөөрсөн байна. 

 

СУМЫН ХӨГЖЛИЙН ТӨВШИНГ ХОЁР ЖИЛ ТУТАМД ТООЦОХ БОЛЖЭЭ

“Сумын хөгжлийн индекс  тооцох аргачлал”-ыг баталжээ. Засгийн газрын тогтоолд тусгаснаар “Сумын хөгжлийн загвар”-т аймгийн төвийн сумдаас бусад сумын хөгжлийн индексийг хүн амын тооноос хамаарч тооцохоор болсон байна. Тухайлбал, хүн ам нь 3000 хүртэл, 3001-5000, 5001-ээс дээш, онцлог сум гэж тус тус ангилж, хөгжлийн индексийг нь хоёр жил тутамд тооцож гаргахаар болжээ.

 

ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ “ГУДАМЖ” ТӨСЛИЙНХӨН ШИЙДВЭРЛЭНЭ

“Гудамж” төслийн хүрээнд баригдах “Сэлбийн хурдны зам”-ын талбайн солбилцлыг хавсралтаар баталлаа. Сэлбийн хурдны зам нь Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын Улаанбаатар хотын хойд хэсгээр өнгөрөх замтай холбогдохоор төлөвлөгджээ. Талбайн хэсэгт хурдны зам, замын байгууламжийн трасс, түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших захирамж гаргахыг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасан. Мөн талбайн солбилцол хэсэгт шинээр зориулалтын бус газар олголт, барилгын ажил эхлүүлэхгүй байх, солбилцлын зурвас дахь газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх ёстой аж. Харин газар чөлөөлөхтэй холбоотой нөхөн олговрын санхүү­жүүлэхийг “Гудамж” төслийн нэгжийн захирал Б.Батболдод даалгалаа.

 

ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВАД ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Дараагийн асуудал нь импортын барааны эрсдэлийг тодорхойлох шалгуур үзүүлэлт батлах тухай байсан байна. Батлагдсан шалгуурыг үндэслэн импортын барааг эрсдэлээр нь ангилах гэнэ. Үүний дараа “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт”-ыг баталж, мөрдүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасан байна. Хилийн мэргэжлийн хяналт шалгалтад хамрагдах барааг тодорхой болгох, эрсэлтэй барааг хянах, хууль хяналт өндөртэй гадаад худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг олон үр дүнд хүрэх боломжтой гэж Засгийн газрын гишүүд үзжээ.


Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.