Орон нутгийн эмнэлгүүдэд анхаарлаа хандуулаач
Нэгдсэн эмнэлгийнхэн урагшлах бус ухарсан ажлаа гүйцээх гэсээр эрүүл мэндийн нэгдсэн тогтолцоо алдагдах боллоо. Эмч хүний өргөсөн тангараг үүрэг зорилго хийгээд эрүүл мэндийн салбарын тогтолцоо нийслэл хотоос илүү хөдөө орон нутагт алдагдлаа. Учир нь хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөс авахуулаад эм тариа, эмч сувилагч дутмаг байна.

Орон нутгийн эмнэлгүүдэд яаралтай үед туслах тоног төхөөрөмж нь байхгүй, нарийн мэргэжлийн эмч нар байхгүй гэх шалтгаанаар нийслэл хотыг бараадах иргэд цөөнгүй болж, улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байгаад удлаа. Тэр хэрээрээ хөдөө орон нутгийн эмнэлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороход ч бэлэн байна.

Эхо аппаратнаас авахуулаад хүнд өвчтөнд хийх хагалгааны хэд хэдэн аппарат тоног төхөөрөмж байхгүй гэх шалтгаанаар хотын эмнэлэг рүү бичиг хийж явуулах үзэгдэл сүүлийн хэдэн жил тасарсангүй. Тодруулбал, Эрдэнэт хотод зургаан жилийн өмнөөс дурангийн хагалгаа хийдэг болж, Баян-Өлгий аймгийн эмч нар чих хамар хоолойн орчин үеийн аппарат хэрэгсэлтэй болсон нь сайшаалтай боловч энд нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн дутмагаас нийслэл хот руу шилжүүлдэг болж. Дан ганц Дархан Эрдэнэт ч биш ихэнх аймгууд нарийн шинжилгээний аппарат байхгүй, ходоод дурандах, гар хөлийн гипс хийх зүйл байхгүй гэх мэтчилэнгээр харъяа эмнэлгээс нь бичиг хийж явуулсаар байна. Үүгээр барахгүй орон нутгийн эмнэлэгт ажиллах сонирхолтой эмч сувилагч алга. Үүнийг орон нутгийн эмнэлгийн удирдлагууд тайлбарлахдаа хөдөө орон нутагт ажиллах хүсэлгүй дээр нь цалин хангамж муу гэж голдог тухайгаа нуугаагүй.

Манай улсад эмч мэргэжлээр суралцаж буй болон эмч сувилагч мэргэжлээр бэлтгэн гаргадаг олон сургууль бий. Жилд албан бус тоон судалгаагаар 800-900 орчим оюутнууд төгсдөг гэдэг. Гэтэл яагаад энэ олон эмч сувилагч мэргэжилтнүүд бэлтгэгдээд байгаа хирнээ орон нутгийн эмнэлгүүд хүн хүчээр дутаж байна вэ. Үнэхээр хөдөө ажиллах сонирхолгүй нэгэн байхад цалин хангамж бүхий л нөхцөлийн хангаж өгсөн тохиолдолд ажлын мэстээс татгалзах хүн үгүй. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас дорвитой бодлого явуулж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

Үүний дараагийн нэг асуудал нь орон нутгийн эмнэлгүүд шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг авах хүсэлтээ явуулдаг ч одоогоор боломжгүй гэх хариу ирдэг гэнэ. Тодруулбал, Дархан уул аймагт рентген аппаратнаас өөр юу ч алга. Эхо хуучирсан, түргэн тусламжийн 10 машинаас таван машин нь л дуудлаганд явдаг, хүлээн авах тасагт хүнд өвчтөн ирэхэд хүчил төрөгч байхгүй гээд бас л хотын эмнэлэг рүү шилжүүлдэг байх юм.

Уг нь Сэлэнгэ, Дарханы эмнэлэг хоёулаа хоёрдугаар шатлалын эмнэлэг. Сэлэнгийн мэс заслын тасагт жилд 500 орчим хагалгаа хийгдэж байхад Дарханд жилд 2400-2500 орчим хагалгаа хийдэг байна. Мөн амбулаторийн үзлэгийн тал хувийг Сэлэнгийн харъяат иргэд эзэлдэг байна. Гэмтэл, мэс засал, эх хүүхдийн тасгийнхаа давуу талыг түшиглэн “Бүсийн оношлогоо эмчилгээний төв”, анагаахын сургуулиа түшиглэн 3 дугаар шатлалын эмнэлэг байгуулж болно гэж эмч нар нь үздэг юм билээ. Гэтэл энэ ажлыг Эрүүл мэндийн яамнаас судлаж үзнэ гэх үгээр амын таглаж хэдэн жилийг ардаа үдэв.

Ийнхүү орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд “Гараар газар ухахтай адил” тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутмаг ч иргэддээ эмчилгээ үйлчилгээгээ хүргэж байгаа нь цогц үйлчилгээ мөн үү Эрүүл мэндийн сайд аа. Ийм ч багаж хэрэгсэл нь байхгүй эхо нь үздэггүй техник хэрэгсэл нь засварт байгаа гэх шалтгаанаас орон нутгийн иргэд хотын эмнэлэг бараадсаар байх уу.

Гэтэл хотод ирээд бас л тоног төхөөрөмж нь засвартай, оочир дараалал их, хэд хоногоос хүлээ гэх тайлбарыг өгнө. Энэ мэтээр шат дараалсан чирэгдэл зардалдаа анхаарал хандуулж орон нутгийн эмнэлгүүдэд яаралтай үед шаардагдах тоног төхөөрөмж эм тариаг нь өгчихвөл яасан юм. Эрүүл мэндийн сайд аа эмнэлгийн удирдлагуудаа солихдоо техник технологио ч бас соливол яасан юм бэ. Аль 70 80-аад онд ОХУ-аас бэлэглэж байсан төхөөрөмж өнөөдрийг хүртэл алдаж онож ажилласаар ирлээ, одоо нэг шинэчилсэн нь дээр байх.

Алдаж оносон хэргүүдийг дурдаж арчаагүй гэж шүүмжлэх гэсэнгүй. Эрүүл мэндийн салбараа шинэчилж байгаа бол бүхэлд нь шинэчлэж хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд анхаарлаа хандуулж шаардлагатай эм тариа, ажиллах хүчээр хангаж өгөхгүй бол энэ бүхэнд иргэд хохирч байна шүү дээ.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus