Б.Эрдэнэбат: Алслагдсан дүүрэг, хороонд амьдарч буй залуусдаа хүрч ажиллана
Монголын Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв хамтран “Явуулын хөдөлмөрийн бирж”ийг ажиллуулж эхлээд байна. Энэ талаар МЗХ-ны Хөдөлмөрийн биржийн захирал Б.Эрдэнэбатаас тодрууллаа.

-“Явуулын хөдөлмөрийн бирж”-ийн гол зорилго нь юу вэ. Хэзээнээс үйл ажиллагаа эхлэх вэ.
-Энэ долоо хоног буюу долдугаар сарын 7 дугаар сарын 28-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ биржийн гол зорилго нь Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодын залуусыг ажлын байранд шууд зуучлах, тэднийг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэрэгцээт мэдээллээр хангах юм. Тодруулбал, “Явуулын хөдөлмөрийн бирж”-ээс залууст нээлттэй ажлын байрыг санал болгох, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зөвлөгөө заавар өгөх, мөн ярилцлагад орохдоо юуг анхаарах вэ гэх мэтийн ажлын байртай холбоотой бүхий л асуудлаар заавар зөвлөгөө өгч ажиллах юм. Ерөнхий дөө нийслэлийн алдслагдсан дүүрэг, хороодод амьдарч байгаа ажил эрхлэх хүсэлтэй боловч хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа залуус хүрч үйлчилнэ гэсэн үг юм.

-Өнгөрөгч даваа гаригаас үйл ажиллагаа нь эхэлсэн юм байна. Залуус хэр идэвхтэй оролцож байна. Аль хорооноос ажлаа эхлүүлсэн бэ?
-Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооноос ажлаа эхлүүллээ. Харамсалтай нь дөнгөж эхэлж байгаа ажил учраас хүмүүст мэдээлэл сайн хүрээгүй бололтой. Тиймээс ч залуусын оролцоо хангалтгүй байлаа. Үүнээс үндэслэн бид дараа долоо хоногт маршрут гарган дүүрэг, хороодын Хөдөлмөрийн хэлтэстэй урьдчилан холбогдож, ажиллахаар төлөвлөөд байна. Мөн хүн ам ихээр төвлөрдөг томоохон захуудад очиж ажлын байраа танилцуулна. Магадгүй зуны улиралд хүмүүс хөдөө гадаа амралт зугаалгаар явчихсан байдаг болохоор идэвх муу байж болох. Гэхдээ бид төлөвлөгөө маршрутаа цаг тухай бүрт нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж байх болно.

- “Явуулын хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагаа энэ зундаа явагдаад дуусах уу. Эсвэл цаашид ч үргэлжилсээр байх уу?
-Хандалтаасаа л шалтгаалах байх. Залуусын идэвх оролцооноос хамаарна гэж үзэж байгаа. Ер нь цаашид үргэлжлүүлэх ажиллуулах хүсэл, төлөвлөгөө бий. “Явуулын хөдөлмөрийн бирж”-ээр залуусыг ажилд зуулчлавал хялбар гэж боддог. Улмаар дөрвөн улиралаар ажиллахаар төлөвлөөд байгаа.

-“Явуулын хөдөлмөрийн бирж”-ийн хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Одоогоор Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөс шатахууны зардлаа гаргуулж МЗХ-ны ашигладаггүй 1987 оны автобусаар залуустаа хүрч очиж байна. Цаашид томоохон ажил олгогчидтой хамтран хүний нөөцийг бүрдүүлэх замаар хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдэхээр төлөвлөж байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд тогтмол ажиллах боломжтой. Мэдээж өвлийн улиралд ажиллахад жаахан хүндрэл учрах байх. Гэхдээ нөхцөл боломждоо тохируулах ажиллахыг хичээнэ дээ.  

- Одоогоор ямар салбарын ажил олгогчид ихээр хандаж байна. Залууст хүссэн мэргэжлээрээ ажиллах боломж хэр бүрдэж байгаа вэ?
-Урин дулаан цаг учраас бүтээн байгуулалтын салбарт ажлын байр эрэлт ихтэй байна. Ажилчдыг бригад болгон авах, хөдөө орон нутагт явуулах сонирхол ажил олгогчдод их байна. Залуус ч энэ төрлийн хөдөлмөр эрхлэхээс халшраад байхаа болжээ. Улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохдоо дуртай байгаа.

-Ярилцсан баярлалаа

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.