Д.Оюунхорол: Хүн бүрийн оролцоо хүчин зүтгэлээр байгаль эх дэлхийгээ хамгаална
БОАЖЯ-ынхан Монгол орны байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний мэдээ, тоо баримтыг дүгнэж, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг боловсруулснаа өчигдөр танилцууллаа. Монгол орны байгаль орчин өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар шалтгааны улмаас хэрхэн доройтсон оношийг нь энэхүү тайланд тусгасан байна. Харин одоо хэрхэн эмчлэх вэ, гэдэг шийдвэрийг гаргахын тулд энэхүү тайлан дээр үндэслэн гаргаж буй, гаргахаар төлөвлөж буй яамны бодлогыг төрийн өндөрлөгүүд хийгээд энгийн иргэдэд ухуулан таниулах ажлуудыг БОАЖЯ-ынхан хийхээр зэхжээ.
 
Энэхүү тайланд байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн мэдээ, тоо баримтыг нэгтгэн холбогдох дүгнэлтийн хамт гаргаж байгаагаар ихээхэн онцлогтой болсон юм байна. Дотроо дөрвөн үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Үүнд, нэгдүгээрт, Цаг агаар, уур амьсгалын төлөв байдал, өөрчлөлтийн хандлага, хоёрдугаарт,    байгалийн баялгийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт, гуравдугаарт байгаль орчны бохирдол, өөрчлөлтийн төлөв, дөрөвдүгээрт байгаль орчны засаглалын төлөвшил, хөгжил гэсэн үндсэн хэсэг багтаж байгаа юм байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь цөлжилтөд өртсөн байна.
 Тайланг боловсруулахад ахалж оролцсон БОАЖЯ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа “Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд эрчимтэй ажиглагдаж, 1940 оноос хойших цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2,2°С-аар нэмэгджээ. 1997- 2001 онд хур тунадас маш бага, 30°С-ээс дээш халуун өдөр олон байснаас чийгийн баланс хасах утгатай болж сүүлийн 70 гаруй жилийн хамгийн хуурайшилттай үе болсон байна. Сүүлийн жилүүдэд агаар мандлын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн тоо ихсэж, 1990-2000 онд жилд дунджаар орчим аюултай үзэгдэл ажиглагддаг байсан бол 2001- 2016 онд хоёр дахин нэмэгджээ. Шороон шуургатай өдрийн тоо 2014 онд 37 байсан бол 2015 онд 47 болж өссөн байна. Монгол Улсын хүлэмжийн хийн нийт ялгарлын хэмжээ дэлхийн дунджаас бага боловч гог хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал нь 2014 оны байдлаар 6.08 тонн С02-экв байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь цөлжилтөд өртсөн байна. Аймгийн байдлаар авч үзэхэд Говь-Сүмбэр аймгийн 62.8, Дорнод аймгийн 43.5, Сүхбаатар аймгийн 31.1, Дундговь аймгийн 27.9, Өмнөговь аймгийн 17.5 хувь нь цөлжсөн байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан Мөн байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 2013-2016 онд жилд дунджаар 61.6 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрсөн байна. 2016 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 70 тэрбум төгрөгөөс дөнгөж 29 хувийг байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн онд манай улсад 404 мянган жуулчин аялж, 312 сая ам.долларын орлого оруулсан нь 2015 онтой харьцуулахад жуулчдын тоо 4,4, орлогын хэмжээ 11.4 хувиар өссөн” гэсэн юм.

Дээрх мэдээллийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Нийслэл усны хомстолд орох эрсдэлтэй гэлээ. Энэ эрсдэлийг бууруулахын тул салбарын яам ямар бодлого барьж, төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна вэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа: Монгол орны гол усны ихэнхийг бүрдүүлдэг Хангай, Хэнтий, Хөвсгөл уулсын гол мөрний усны ихэнх нь ашиглагдахгүй гадаад улс руу урсаад явдаг. Тийм учраас тохируулга хийх. Хэрлэн, Онон гол төслүүд дээр усжуулах зоригтой алхам хийх, олон улсын төвшинд авч үзэх шаардлагатай зүйлүүд бий. Хайлж урсаад байгаа мөнх цасаа нуур болгож нөөцөлж авч үлдэх. Ганга нуур болон бусад нуурууд маань хурдацтай ширгэж байгаа учраас үүнийг нь зогсоох, эх үүсвэр дээр нь хамгаалалт хийх. Малын хөлийн талхлалт бий болгохгүй байх зэрэг тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.Ус бохирдуулбал төлбөр төлдөг байх хууль эрх зүйн зохицуулалт хэрэгждэг болгохоор ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Бид ажил авсныхаа дараа 2016 онд усны тооллогыг явуулж, дүнгээ гаргасан. Олон тооны гол, горхи ширгэж, устан харамсалтай дүн гарсан. Жишээлбэл, 2214 нуур тойрмоос 346 нь хатаж ширгэсэн байгаа. Монголд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байгаагийн бодитой жишээ энэ болж байгаа. Тийм учраас нийслэлийн усан хангамжийг сайжруулах, Туул голоо хамгаалах олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Бодлогын хүрээнд Туул голын урсцыг сайжруулах, саарал усны технологийг ашиглах, үйлдвэрийн зориулалтаар ашигладаг болох асуудлыг АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 мянган ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэхээр төсөл нь яригдаад ажлын хэсэг нь ажиллаж байна.

-Туул голыг хамгаалах асуудалд яам ямар бодлого барьж байна вэ. Зун болоход нийслэлийн иргэд ойр орчмоор нь зугаалахдаа Туул голыг ихээр бохирдуулдаг. Мөн сав газрынх нь дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч хатуу шаардлага тавигдах ёстой байх шиг. Тусгай журам гаргах бололцоотой юу?

-Хог цэвэрлэх сарын аяны хүрээнд Туул гол дагуух эрэг орчмын бүх хогийг цэвэрлүүлсэн. Маш их хэмжээний хог цэвэрлэгдсэн. Байгаль орчны бохирдол нь хүний ухамсраас их шалтгаалж байна. Эрэг дагуу аялж явахдаа орчин тойрондоо хогоо хаядаггүй, авч яваад зориулалтынх нь дагуу хогийн саванд хийдэг хаядаг хандлага төлөвшлийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Хүн бүрийн оролцоо хүчин зүтгэлээр байгаль эх дэлхийгээ хамгаална. Байгаль хамгаалах салбарт ажилладаг хэдэн хүний ажил биш юм. УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийг батлуулсан. Цаашдаа хог хаягдлын талаарх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, иргэдээ сургалтад хамруулахаар заасан нь ийм учиртай юм.

Туул гол дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид өндөр шаардлага тавьж байгаа. Хэрвээ шаардлага болзлыг хангахгүй бол нийслэл, манай хоёр хамтарч шийдвэр гаргаж, газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар яригдаж байна.  Туул гол дагуу зарим нэг айл зөвшөөрөлгүйгээр буусан асуудал байгаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 28 айл үерийн аюултай бүс рүү зөвшөөрөлгүй буусан. Шилжүүлэн нүүлгэх ажлыг нийслэлийн Засаг даргатай хамтраад Хан-Уул дүүргийнхэнтэй ярьж шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Төв цэвэрлэх байгууламжийн үнэр тэр орчмын айлууд төдийгүй нисэх яармагийн айлуудад асуудал болж байна. Энэ үнэрийг дарах талаар ямар арга хэмжээ авах вэ? Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил ямар шатанд яваа бол?

-Шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлаар Засгийн газраас шийдвэр гараад Үндэсний хөгжлийн газар Барилга хот байгуулалтын яам нийслэл хотод үүрэг өгөгдөөд ажил явж байгаа.  Зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлүүд боловсруулагдаад дууссан. Ирэх долдугаар сард шаваа тавиад шинэ цэвэрлэх байгууламж барих ажил эхэлнэ. Цэвэрлэх байгууламж баригдаж ашиглалтад ортол Ус сувгийн удирдах газар цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр гэх мэт асуудлууд дээр тодорхой арга хэмжээ авах үүрэг өгсөн. Үнэр дардаг бодисуудаар ядаж зуны улиралд энэ үнэрийг дарах асуудалд анхаарал хандуулах үүрэг өгсөн.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюунхорол сайд аа 2017-05-18 15:09:16
    Хэрэв хүн бүр тийм ухамсартай байсан бол та наанаа лаглайж Төрийн хоол идэж суухгүй. Ухаан гаргаж ухамсаргүй хүмүүсээс байгал орчиноо хамгаал гэж чамайг сайд бо...
  • Ямаагаа цөөлөөчээ 2017-05-18 05:27:15
    Монголд ямаа хэт ихэдсэн, бэлчээрийг юуч үгүй болгодог хамгийн аюултай амьтан бол ямаа. Эсвэл ямаа болгосоос татвар авч мөнгөөр нь мод тарь
  • Zochin 2017-05-18 04:40:18
    Harin Tiim ee. Yadaj 76 sh mod tarichih yumsan ta nar mini